Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр нүүрс боловсруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон. Айлчлалын дараа Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, Германы Засгийн газраас Туссен группыг нүүрс боловсруулах чиглэлд ажиллах компаниар тодруулсан.
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчлахад “Нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх тухай”, “Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон "Tyssen Krupp"-ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны болон "Tyssen Krupp"-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.
Нүүрс боловсруулж нийлэг байгалийн хий /метан/ гаргах үйлдвэрийг байгуулах талаар санамж бичиг зурах талаар яригдаж байсан боловч байгалийн хийн хангамжийн талаар Монгол Улсын байдал тодорхойгүй байгаагаас хойшлогдсоор ирсэн билээ. Энэ онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, байгалийн хий, метаны хангамжийн талаарх зохицуулалттай болсонтой холбогдуулан ийм үйлдвэрийг байгуулах нөхцөл боломж бүрдэээд байна.
Туссен групп нь нүүрс боловсруулж, нийлэг байгалийн хий /метан/ гаргах байгальд ээлтэй технологийг эзэмшдэг дэлхийн тэргүүлэгч компани бөгөөд ХБНГУ-ын олон нийтийн топ 30 компаний нэг юм.
Монгол Улсын хувьд байгалийн хийн нөөцийг бүрдүүлэх нэг хувилбар нь нүүрсийг боловсруулах замаар байгалийн хийг гарган авч, хангах явдал юм.
Санамж бичигт Туссен групп нь судалгаа, ТЭЗҮ боловсруулах, мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, ЭХЯ нь зөвшөөрөл олгох, үйлдвэр барих орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх Монголын талын компанийг сонгож өгөх, хоёр тал хамтран үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтыг босгоход идэвх гарган ажиллахаар тусгаж байгаа болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.