Г.Идэрхангай
Монгол улсын баруун хэсэгт нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох үйл ажиллагааг 2015 оны нэгдүгээр сараас Ашигт малтмалын газар зохион байгуулж эхэлсэн. Гэвч орон нутаг тусгай зөвшөөрлийн өргөдөлд дийлэнхдээ татгалзсан хариу өгч байгаа нь багагүй асуудал дагуулаад байна. Улсын хэмжээнд орон нутгийн 70 гаруй хувь нь хайгуулын лицензийг зөвшөөрөөгүй нь эрсдэлтэй хэмээн салбарынхан үзэж байгаа юм.
Дорноговь аймгийн Сайншанд хот, Айраг суманд энэ сарын 10-11-ний өдрүүдэд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэлэлцүүлэг хийсэн бөгөөд энэ үеэр орон нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлууд, учирч байгаа бэрхшээлийн талаар ярилцсан юм.
Монгол улсын хэмжээнд 2015 оны есдүгээр сарын 1-ний байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл 1664, үүнээс говийн бүсэд 317 буюу нутаг дэвсгэрийн 19,5%-ийг эзэлж байгаа бол ашиглалтын тусгай зөвшөөрөл 1444, үүнээс говийн бүсэд 455 буюу нутаг дэвсгэрийн 31,5%-ийг эзэлж байна. Өмнөговьд ашиглалтын 80, хайгуулын 164, Дорноговь аймагт ашиглалтын 158, хайгуулын 192, Дундговь аймагт ашиглалтын 70, хайгуулын 86, Говьсүмбэр аймагт ашиглалтын 7, хайгуулын 9 тусгай зөвшөөрөлтэйг Ашигт малтмалын газар мэдээлсэн юм.
Ажлын уялдаа, ойлголцол их дутаж байна Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг: Орон нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ? Анхаарах ёстой ямар асуудлууд тулгарч байна вэ?Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгох боломжтой талбайнуудыг зарласан. Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд нь хайгуулын лиценз олгогдсон байдаг ч дахиад 20%-д нь нэмэгдэж орох хандлагатай байна. Нийт газар нутгийн 40%-д хайгуулын үйл ажиллагаа явагдах нь гэсэн үг.
Гэхдээ Засгийн газар дээрх тогтоолыг батлахдаа Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яам болон байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай ойлголцол, зөвшилцөл муутай байжээ гэдэг нь бодит амьдрал дээр харагдаж байна. Засгийн газрын захиалгаар хийгдэж байгаа Байгаль орчны цогц судалгаан дээр орон нутгийн Тусгай хамгаалалтад зайлшгүй авах ёстой газрууд Өмнөговь аймагт нэлээд бийг эрдэмтэд судалгаагаараа тодорхойлсон. Гэтэл эдгээр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох боломжит талбайнуудтай давхцаж байгаа. Үүнээс болоод хамгийн том зөрчил үүсч, эрсдэл дагуулж байна шүү дээ. БОАЖНХЯ-тай энэ асуудлаар нэгдмэл ойлголцолд яагаад хүрч чадаагүйг гайхаж байна.
Ямар эрсдэл дагуулж байна вэ?Хайгуулын лицензийг өргөдлөөр олгох ажил зохион байгуулснаас хойш улсын хэмжээнд 70 гаруй хувьд нь орон нутаг татгалзсан хариу ирүүлж байгаа нь том эрсдэл. Үр дүн муутай ажил хийгдэж байгаагийн илрэл юм.
Өмнөговь аймгийн хувьд байдал ямар байна вэ? Хэдэн өргөдлийг буцаав?Манай аймагт хайгуулын 100 гаруй өргөдөл ирснээс 80%-ийг нь хайгуулын лиценз олгох боломжгүй гэсэн тайлбартайгаар буцаалаа. Хайгуулын лиценз олгох процедурыг Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаа. Сумын Иргэдийн нийтийн хурал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авсны үндсэн дээр хайгуулын лиценз олгогдоно гэдгийг орон нутаг сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ үндэслэлгүйгээр татгалзаж болохгүй гэсэн бас нэг заалт бийг орон нутгийнхан маш сайн анзаарах ёстой. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийнхэн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлд санал авах ажилд бүх хүчээ дайчилж ажилласан. Бүх сумын ИТХ, байгуулсан Ажлын хэсгүүдтэй уулзсан.
Ингэхдээ тусгай зөвшөөрлөөс татгалзах үндэслэлийг хууль эрх зүйн хүрээнд маш тодорхой гаргаж тавих хэрэгтэй гэж үзсэний улмаас орон нутгийн Тусгай хамгаалалтад авах ажлыг эн тэргүүнд зохион байгуулсан. Өмнөговь аймгийн баруун талын сумд тодорхой газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад маш идэвхтэй авч эхэлсэн. Хоёрхон сарын хугацаанд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 2.3 сая га буюу 15.3%-ийг тусгай хамгаалалтад бүртгэж авсан. Мэдээж энэ нь судалгаа шинжилгээтэй хийгдсэн ажил. Өөрөөр хэлбэл Засгийн газрын захиалгаар хийгдсэн Байгаль орчны цогц төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг тусгай хамгаалалтад авсан. Энэ газруудад хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй.
Ямар хуулийн үндэслэлээр тэдгээр газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бэ?Ажлын хэсгүүд маш сайн ажилласан. Тэр дундаа Ноён сумын Ажлын хэсэг хамгийн түрүүнд, хуулийн хүрээнд тусгай хамгаалалтад газар нутгаа бүртгэж авсан. Монгол улсын Засаг захиргаа, түүний нэгжийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гээд маш олон хуулийг үндэслэн сумын ИТХ тогтоол гаргаж, тухайн газраа Орон нутгийн тусгай хамгаалалтад аваад, энэ шийдвэрээ хуульд заасан 10 хоногийн дотор Ашигт малтмалын газарт хүргүүлж бүртгүүлсэн. Энэ нь тухайн газар нутаг дээр хайгуулын лиценз олгохоос татгалзах үндэслэл болж чадсан.
Үүнээс төдий удалгүй зүүн аймгуудад хайгуулын лиценз олгох үйл ажиллагааг Ашигт малтмалын газраас зохион байгуулсан. Энэ тухайгаа цахим хуудсаараа мэдээлж, өргөдлөөр хайгуулын лиценз олгох боломжтой талбайнуудыг зарласан. Хамгийн хачирхалтай нь Өмнөговь аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан өнөөх газрууд бүгд хасагдчихсан байна лээ. Энэ бол нэг л аймгийн жишээ шүү дээ.
Та бүхэн холбогдох байгууллагуудад энэ талаар мэдэгдсэн үү? Ямар хариу авсан бэ?Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг мэдээлэлтэй, харилцан ойлголцолтой, өндөр зохион байгуулалттай явуулах хэрэгтэй гэсэн мессежийг Уул уурхайн яам болон холбогдох байгууллагуудад бид өгч байгаа. Баруун бүсэд явагдсан шиг ийм будлиантай, уялдаа холбоогүй, эмх цэгцгүй байх юм бол цаашид хайгуулын тусгай зөвшөөрөл олголт үр дүнгүй, хий хоосон ажил болоод дуусна. Өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгох талбайг эхлээд орон нутаг болон мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж дүгнэлт гаргуулах байдлаар явахгүй бол орон нутаг татгалзсан хариу өгсөөр л байх болно.
Монгол улсад ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа 1700 гаруй компани бий гэж Ашигт малтмалын газрын ажилтан мэдээлэлдээ дурдлаа. Эдгээр компаниас 200 гаруй нь л олборлолтын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бусад нь яасан байх вэ?Тийм ээ. Энэ хэдийгээ цэгцлээгүй байж дахин шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хэрэг байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Дэлхий ертөнц ямар өнөөдөр сөнөх гэж байгаа биш. Ирээдүй хойч үедээ үлдээх баялаг гэж бас байна. Ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхээ тогтоох нь мэдээж зөв. Гэхдээ бид одоо үлгэн салган явж байгаа хэдэн компаниудаа тогтворжуулж, үйл ажиллагааг нь цэгцэлж байж дараагийн шатны ажил руугаа ормоор байна.
Өмнөговь аймагт өнөөдөр хайгуулын 164, ашиглалтын 80 лиценз байна. Үүнээс яг олборлолт явуулдаг нь 10 гаруйхан. Үлдсэн нь хааччихав? Энэ бүхнийг ил тод болгож, бодлогоор зохицуулж байж уул уурхай гэдэг чинь үр өгөөжтэй юм байна гэсэн ойлголтыг орон нутгийн иргэдэд төрүүлнэ. Ийм мэдээлэл өгсний үндсэн дээр хайгуулаа явуулбал илүү үр дүнд хүрнэ.
Хайгуулын лиценз олгох үйл ажиллагаа зохион байгуулагдсанаас хойш олон компани санхүүгийн хохирол амсаад байна. Зарим нь ч дампуурч байгаа байх. Хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирохоос гадна шүүх цагдаа гээд маш олон бэрхшээлтэй тулгарч байна. Хайгуулыг ашиглалт болгоход ямар их хүч, хөрөнгө зарцуулдаг билээ. 2010 онд нэг тууш метрийг 150 ам.доллараар өрөмддөг байсан. Нөөцийн тайлан бодно гэдэг өөрөө маш том судалгаа. Тухайн орд ямар тогтоцтой, ямар хүдрийн агуулгатай байгааг тогтоохын тулд геологи, хайгуулын асар их судалгаа шаардлагатай. Судалгааг мэдээж хөрөнгө мөнгөөр хийнэ, үүн дээр хайгуулын лиценз олж авах гэж баахан мөнгө зарна. Энэ мэтээр компаниуд хохирч, дампуурч үлддэг үзэгдэл их байна.