Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Монголд үйлдвэрлэв” чуулган болов

Сүүлийн 23 жилд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 72.5% нь уул уурхай, геологийн эрэл хайгуулд, 17.8% нь худалдаа, нийтийн хоолны салбарт орсон бол дөнгөж 1.2% нь боловсруулах үйлдвэрт орсон байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд, өндөр технологи дөнгөж 5.3 %-г эзэлж байна. Ашигт малтмалын олборлолт дийлэнхийг нь эзэлдэг. Энэ тоон үзүүлэлт ОХУ-д 23%, БНХАУ-д 40% байдаг бол Сингапурт 73% байдаг байна. Дээрх үзүүлэлтүүд Монголын аж үйлдвэр, тэр дундаа өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэр хаана явааг харуулж байгаа юм.

Аж үйлдвэрийн яамнаас өнгөрсөн баасан гаригт “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг зохион байгуулав. Чуулганд гадаад, дотоодын 500 гаруй ороцлогч оролцсон.  Боловсруулах үйлдвэрийн салбарт өнөөдөр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл өгсөн юм. Хүнд үйлдвэрийн салбарын тухайд говийн бүсэд жилд 2 сая тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг, зүүн бүсэд жилд 300 мянган тонн хүртэл газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулах урьдчилсан ТЭЗҮ, БОНҮнэлгээ, “Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт барьж байгуулах” төслийн ТЭЗҮ боловсруулах, "Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр" барих төслийн ТЭЗҮ болон БОНҮ боловсруулах ажил хийгдэж байгаа аж. “Бид сая герман, япончуудтай ажлын уулзалт хийсэн. Бүгд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Та нарын төсөл дээр хамтраад сууя гэдэг санал тавьж байна. Гэтэл бидэнд өнөөдөр яг олигтой, дэлхийн стандартын шаардлага хангасан төсөл нь байна уу, үгүй юу. Энэ биднээс өөрсдөөс хамаарах асуудал болчихоод байгаа юм” хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон.

Харин хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газар чамгүй дэмжлэг үзүүлж байгаа аж. Ноолуурын салбарыг 100 тэрбум төгрөгөөр,  ноосны салбарыг дэмжих эх үүсвэрийг 45 сая ам.доллараар нэмэгдүүлсэн, Арьс шир боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох нийт 140 тэрбум төгрөгийн эх үүсвэр, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж, зээл олгож байгаа аж.

Арьс ширний салбарт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь уул уурхайн салбараас дутахааргүй ашигтай хэмээн “Дархан нэхий” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Батсайхан хэлж байв. “Арьс ширний боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 20-50 мянган ажлын байр бий болж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс илүү орлого олно. Бидэнд зах зээл байна. Гагцхүү Монголын үнэ өндөр, чанар муу, ченжийн системд орсон учир өрсөлдөх чадвар муу байна. Тиймээс Орос, Хятад, Европ аль нь ч бай хамтарсан үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй” хэмээн Э.Батсайхан захирал онцолж байсан юм.

Чуулганы үеэр хөндөгдөж байсан гол асуудал бол өндөр технологи, инноваци, боловсон хүчнээ бэлтгэх асуудал хөндөгдөж байв. Өмнөд Солонгос улс инженерүүдээ бэлтгэж эхэлсэн нь аж үйлдвэржсэн орон болох гол суурь болсон. Тиймээс ч манай улс инженерүүдээ, боловсон хүчнээ бэлтгэх нь чухал гэдгийг чуулганд оролцогчид хэлж байсан юм.

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мах, махан бүтээдэхүүн экспортлох талаар сүүлийн үеийн мэдээллийг өгсөн. 2014 онд 52 сая толгой мал тоологдсон бол өнгөрсөн хавар 18 сая толгой төл авчээ. Энэ тооноос харахад жилд 5-10 сая толгой мал, малын мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа аж. Гагцхүү Олон улсын хорио цээрийн дэглэмийг сахих нь чухал байна. Яамны зүгээс малын өвчин гараагүй тодорхой газрыг эрүүл бүс болгож, тэндээс мах экспортлох талаар ажиллаж байгаа гэнэ. Эхний удаад Дорнод аймгийн Халх гол суманд эрүүл бүс байгуулсан байна. Цаашдаа Төв, Баруун бүсэд эрүүл бүс байгуулах боломжтой бөгөөд судалгаа хийж байгаа аж.


С.Болд-Эрдэнэ