Монгол Ардын намаас зохион байгуулж байгаа “Бид хамтдаа” үндэсний форумын “Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. Уг хуралд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол улсын геологи хайгуулын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, МУУҮА-ын Ерөнхийлөгч Н.Алгаа “Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, эрдсийн бүтээгдэхүүний үнийн уналт Монголын эдийн засагт нөлөөлөх нь”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Ч.Хашчулуун “Монголын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө, түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Доктор Ч.Хашчулуун “Тавантолгой-Гашуунсухайтын экспортын төмөр зам тавина гээд баахан шороо овоолчихлоо. Төмөр зам тавих нэрийдлээр маш их мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. Хэн нь буруутай, хэнийх нь зөв болохыг нээлттэй ярьж, хариуцлага тооцох хэрэгтэй. Зүүн чиглэлийн төмөр зам гэдэг бол ямар ашиггүй төсөл. Гадны захиалгаар хийгдэж байгаа ажил гэж би ойлгож байгаа” гэлээ. Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц “Оюутолгойн Зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг хурдавчилмаар байна. Зэсээ өөрсдөө боловсруулж, хайлах цаг болсон. Өнгөт металлургийн цогцолбор барих тал дээр ч төр засаг сайн анхаарах хэрэгтэй” гэж ярьлаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Уул уурхайн салбарын эрдэмтэн, доктор та бүхнээс санал авч намын 2016 оны мөрийн хөтөлбөртөө тусгана. Иймд салбарыг зөв гольдиролоор явуулахад манай нам анхаарч ажиллана” гэлээ.
“Бид хамтдаа” үндэсний форум өнөөдөр “Банк, санхүүгийн салбарт тулгамдсан асуудал”, Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Дэд бүтэц”, “Байгаль орчин, ногоон хөгжил” зэрэг салбар хуралдаанаар өрнөх юм.
Г.Идэр