БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОICA/ -ын “КОТI” судалгааны баг Монгол улсын Гадаад хэргийн яамтай хамтарч Монголын төмөр замын дэд бүтцийн мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ судалгааны дүнг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн удирдлагуудад танилцуулсан аж.
“Мастер төлөвлөгөө” нь 2013-2043 он хүртлэх 30 жилийн хугацааг хамрах бөгөөд төмөр замын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар богино, дунд, урт хугацааны гэсэн 3 үе шатаар судлан ач холбогдлын дэс дарааллаар нарийвчлан төлөвлөсөн гэж судалгааны багийнхан танилцуулжээ.
Уг төлөвлөгөөг хийхийн тулд Монгол улсын нутаг дэвсгэрийг 21 аймаг, нийслэл хотод хамруулан нийт 22 бүсэд хувааж, 61 цэгт нарийвчилсан судалгаа хийн, төмөр замын зорчигч тээвэр болон ачаа тээврийн хэмжээг судалсан байна. Нийтдээ 10 чиглэлийн төмөр замыг хамруулж үзжээ. Хамгийн эхний ээлжинд тэргүүлэх ач холбогдлын зэрэглэлээр нь эрэмбэлж, тээврийн эрэлт хэрэгцээний шинжилгээг хийжээ. “Эрэлт хамгийн их байгаа бүсэд эхний ээлжинд төмөр зам барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Хөрөнгө оруулалт зардлын шинжилгээ зэргийг эрэлттэй харьцуулсны үндсэн дээр энэхүүү судалгааг гаргасан” хэмээн судалгааны багийн ахлагч И Хун Ги танилцуулав.
Тэрээр “Ачаа тээврийн хувьд 2013 оны байдлаар Айраг-Бор-Өндөр чиглэлийн богино зайд ачаа тээвэрлэлтийн байдал дутагдахуйц байгаа бол 2043 он гэхэд Эрдэнэт-Замын-Үүд хүртэл гол замын хүчин чадал хүрэлцэхгүй байдалд хүрэхээр байгаа тул нэн тэргүүнд энэ чиглэлийн төмөр замд хос зам тавих шаардлагатай” хэмээн ярьлаа.
Тус судалгааны байгууллагын танилцуулсан мастер төлөвлөгөө нь ирээдүйд үүсэх зорчигч тээвэр болон ачаа тээврийн судалгааг улс орны эдийн засаг ДНБ-ийг харьцуулан 2043 он хүртэл судалснаараа ач холбогдолтой ажээ.
“Одоогийн төмөр замын сүлжээг энэ хэвээр нь ашиглахад 30 жилийн дараа төмөр замын ачаалал хэд дахин нэмэгдэнэ. Тиймээс 2043 онд зорчигч болон ачаа тээврийг нэвтрүүлэх ачаалал хүрэлцэхгүй” хэмээн судалгааны баг дүгнэжээ.
Г.Идэр