Эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын судалгаа хийдэг Wood Mackenzie байгууллага коксжих нүүрсний үнэ богино хугацаандаа өсөхгүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар коксжих нүүрсний үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үнэд хүрээд байгаа билээ. Энэ сарын 5-ны байдлаар Австралийн сайн чанарын коксжих нүүрсний CFR (далайн тээврийн үнэ орсон) нөхцөлтэй үнэ нь 87 ам.доллар/тонн байв.
Гэхдээ Wood Mackenzie дунд хугацаандаа коксжих нүүрсний үнэ өснө гэж тооцож байна. Тодруулбал ирэх оны сүүл гэхэд коксжих нүүрсний үнэ 90 гаруй ам.доллар, үүний дараагийн жилд 100 ам.долларт хүрч болно гэж тооцоолж буй юм.
Коксжих нүүрсний үнэ энэ жил ийнхүү буурахад нөлөөлсөн хүчин зүйл нь Хятадын эрэлт буурсан явдал. Коксжих нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл харьцангуй буурч, зөв тал руугаа эргэж буй ч Хятадын худалдан авалт тун тааруу байгаа нь хүндхэн дарамт болж байна. Хэдийгээр энэ жил Wood Mackenzie-ийн тооцоолж буйгаар 38 сая тонн нийлүүлэлт зах зээлээс хасагдахаар байгаа ч Хятадын дотоодын коксжих нүүрсний олборлолт өсөх дүр зураг нь зах зээлд үнэ өсөх төлөвийг хааж буйг тус байгууллага тэмдэглэжээ. Гэхдээ Хятадын дотоодын олборлолтын 250 гаруй сая тонн нь алдагдалтай байгаа гэж Wood Mackenzie тооцсон байна. Гэсэн ч алдагдалтай байна гээд уурхайн олборлолт, нийлүүлэлтийг Хятад зогсоохгүй болохыг онцолжээ.
Коксжих нүүрсний үнэ буурч буй ч нефтийн ханшийн бууралт уурхайн олборлолтын зардал буурахад нөлөөлжээ. Түүнчлэн Оросийн рублийн ханшийн уналт тус улсын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ жил Оросын коксжих нүүрсний экспорт 22 сая тоннд хүрэхээр байна. Ерөнхийдөө валютын ханшийн нөлөөлөл коксжих нүүрсний зах зээлд бас тодорхой нөлөө үзүүлж буйг тус байгууллага тэмдэглэжээ. Wood Mackenzie зах зээлд зөвхөн эдийн засаг, компаниудын хоорондын өрсөлдөөн бус чанар, урт хугацааны харилцаа мөн чухал болохыг онцолсон байна. Тус байгууллага 2023 оноос өмнө эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдал бүрдэнэ гэж үзэхгүй байна.
Коксжих нүүрсний тухайд байдал ийм байгаа бол Moody’s (зээлийн үнэлгээ тогтоодог) байгууллага дэлхийн нүүрсний нийлүүлэлтийн тал хувь нь эдийн засгийн хувьд ашиггүй болно гэдгийг энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Тус байгууллага цаашид Хятад улсын эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсний импорт буурна хэмээн үзэж байна. Хятад улсын хувьд цахилгааны хэрэглээ нь эрчимтэй нэмэгдэж буй ч 2020 он гэхэд эрчим хүчний нүүрсний хэрэглээг 4.8 тэрбум тоннд хязгаарлахаар төлөвлөж буй билээ. Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 4.23 тэрбум тонн байжээ. Тус улсын эрчим хүчний хэрэглээ 2013 оноос өмнөх 7 жилд даруй 45%-иар өсчээ. Тус улс 2020 он гэхэд нэмж 58 гигаватт бүхий цөмийн цахилгаан станц байгуулахаа зарлаад байгаа юм. Түүчнлэн нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ үлэмж ихээр өргөтгөхөөр төлөвлөжээ.
Энэхүү мэдээ нь цаашид эрчим хүчний
нүүрсний хэрэглээ Хятадын хувьд үлэмж хэмжээгээр өсөхгүй бөгөөд харин ч
удаашрах тал руугаа эргэх нь гарцаагүй болж буйг илтгэж байна. Дээр нь АНУ-ын
хувьд нүүрсний цахилгаан станцуудад тавих байгаль орчны чанарын стандартыг
чангатгасны сацуу байгалийн хийн хямд эх үүсвэрээс үүдэн цаашид эрчим хүчний
нүүрсний эрэлт өсөх магадлал тун ч бүрхэг болж ирж байна.
Б.Төгс