Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын удирдлагын багийг шинэчилнэ

Оросын төрийн өмчит “Ростех” корпорацийн Нисэх хүчний дэд бүтцийн компанийн захирлаар Анатолий Сердюков томилогджээ. Тэрээр корпорацийн удирдлагад оролцохгүйг Корпорацийн зүгээс онцлон тэмдэглэсэн байна. Нисэх хүчний дэд бүтцийн компани нь 2014 оны жилийн эцсийн дүнгээр 347 тэрбум рублийн орлого олжээ. 

Анатолий Сердюков нь 2007-2012 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын алба хашиж байхдаа “Ростех” корпорацийн Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. “Ростех” корпораци үндсэн долоон чиглэлтэй бөгөөд өнгөрсөн 6 дугаар сард корпорацийн Хяналтын зөвлөлөөс чиглэл хариуцсан захирлуудын удирлагын тогтолцоог шинэчлэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь корпорацийн удирдлагын системийг оновчтой болгох, үр ашгийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн юм.  

Орсын төрийн өмчит “Ростех” корпорацийн хувьд 400-500 охин компанитай. Энэ сараас Монгол улсын “Эрдэнэт үйлдвэр” ХХК болоод “Росцветмет” компани дахь “Ростехнологи”-ийн тус бүр 49%-ийн эзэмшил “Ростех” корпорацийн мэдэлд шилжиж байгаа юм. Хоёр улсын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” нь 2012 онд Оросын талын ногдол ашиг 47 сая ам.долларыг төлөөгүй талаар багагүй асуудал үүсгээд байгаа тухай Оросын хэвлэл мэдээллүүдээр мэдээлж байгаа.

Тиймээс “Ростех” корпорацийн зүгээс хамтарсан компанийн Оросын талын удирдлагын багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилт тавьж байгаа гэнэ. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн зах зээлийн байдал таагүй байгааг харгалзан “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд шинэ стратеги хэрэгтэй гэж үзэн, хоёр улсын хамтарсан компанийн менежментийн багийг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Шинэчлэлийн хүрээнд менежментийн багт “Норильскийн никель”, “Русал” компаниудын топ менежерүүд ажиллах гэнэ. Хоёр улсын хамтарсан компанийн Оросын талын удирдлагын багийг “Ростех” компанийн тэргүүн Сергей Чемезов даргалах бол менежментийн багийн үйл ажиллагааг “Ростех” корпорацийн охин компани “Глобальные Ресурсы” хариуцах ажээ.

Э.Од