Оросын “Новатэк” компанийн Франц, Хятад улстай хамтран хэрэгжүүлэх шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр байгуулах “Ямал СПГ” төсөлд банкууд зээл олгоход бэлэн болжээ. Энэ тухай Оросын “Газпромбанк”-ны ТУЗ-ийн дарга Андрей Акимов мэдэгджээ. Зээл олгох асуудлаар компанитай явуулж буй банкуудын хэлэлцээрүүд төгсгөлийн шатандаа орж, зээлийн гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа аж. Энэхүү төсөлд Хятадын банк 12 тэрбум ам.доллар, Оросын банк 4 тэрбум ам.доллар, экспортын агентлаг 4 тэрбум ам.долларыг тус тус олгохоор төлөвлөжээ.
Оросын “Новатэк” компани 51%, Хятадын CNPC корпораци болон Францын “Total” групп тус тус 20% эзмшилтэй “Ямал СПГ” төслийн Оросын хувь эзэмшлийн 9%-ийг Хятадын “Торгоны зам” сан худалдаж авахаар тохиролцсон билээ. Уг асуудлаар энэ 11 дүгээр сард Орос, Хятадын талууд Бээжин хотноо санал солилцохоор төлөвлөсөн байна. Хэрэв “Торгоны зам” сантай хийх наймаа амжилттай хэрэгжвэл Оросын тал Хятадын банкнаас 12 тэрбум долларын зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэн, 20 тэрбум ам.доллар болгох юм.
“Ямал СПГ” төслийн хүрээнд жилд 5.5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай эхний шатны үйлдвэрийг 2017 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Төслийн үйлдвэрийн цогцолбор бүрэн хүчин чадлаараа жилд 16,5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Э.Од