Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум өнөөдөр болж байна. Энэхүү форумд нийтдээ шинээр хамтран ажиллахаар 29 орны нийт 600 орчим компани оролцож байгаа бол урьд нь тус компанитай түншилж байсан мөн тооны компанийн төлөөлөл оролцож байна. Ийм төрлийн форумыг Оюутолгой компани анх удаа зохион байгуулж буй бөгөөд энэ нь “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжих гэж буйн үндсэн дохио болж байна.
Тус компани цахилгаан, өрөмдлөг, барилга, түлш, тээвэр гэх мэт 16 ангиллын хүрээнд ханган нийлүүлэгчдээ урин дуудаж байна. Оюутолгойн Хангамжийн менежер Эндрю Арнет “Бид өнгөрсөн хэсэг хугацаанд худалдаанаас бага зэрэг холдсон байсан. Харин одоо бид ханган нийлүүлэлтийн шинэ боломжийг эрэлхийлэх болно” хэмээн мэдэгдлээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг энэ сард, эсвэл ирэх сард бүрэн шийдвэрлэхээр олон улсын банк санхүүгийн 20 орчим байгууллагатай яриа хэлэлцээр өрнүүлж буй билээ. Санхүүжилт шийдэгдэгдэх мөч ойртсон энэ үед ханган нийлүүлэлтийн шинэ боломжийг эрэлхийлэх аяныг Оюутолгой ийнхүү эхлүүлж байна. Тус форумд оролцсон компанийн төлөөллийн дийлэнх нь Монгол, Хятад, Канад, Австрали, АНУ-ынх байгаагийн зэрэгцээ Австрали, Канад, Чех, БНСУ, АНУ, Британийн Элчин сайдын яамд, Монголын бизнесийн зөвлөл, Олон улсын санхүүгийн корпораци, Монголын хөрөнгө оруулалтын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын газар зэрэг тал талын байгууллага тусгай талбай, танилцуулгатайгаар оролцож байна.
Тус форумын нээлтэд Оюутолгойн компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Вүдлэй, Эрдэнэс Монгол компанийн Гүйцэтгэх захирал Б. Бямбасайхан, Рио Тинто компанийн Төмрийн хүдэр болон Зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис, Оюутолгой компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон, Төслийн хангамжийн менежер Эндрю Арнет нар илтгэл тавилаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нийтдээ 5-7 жилийн хугацаанд өрнөх бөгөөд бүтээн байгуулалтын хугацаанд 3000 шинэ ажлын байр бий болох төлөвтэй байна. Өнөөгийн байдлаар ил уурхайн хэсэгт нийт 6000 хүн ажиллаж буйн 95% нь Монгол ажилчид юм байна. 2015 оны байдлаар Оюутолгой 800 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласны 576 нь дотоодынх байгаа бөгөөд тэдгээр компанийн цаана 35 мянган Монгол иргэд ажиллаж буй ажээ.
Далд уурхайн нүсэр бүтээн байгуулалтын хүрээнд газар доор 200 км урт хөндлөн хонгил байгуулахаас одоогоор 16 км хэсгийг байгуулж амжжээ. Түүнчлэн 10 км урт туузан дамжуурга, нийтдээ 6 км урт бүхий 5 ширхэг босоо ам болон тэдгээрт шаардагдах дагалдах бүтээн байгуулалт өрнөх юм. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох үед уг ордоос уурхайн баяжмал бүтээгдэхүүний гарцын хэмжээ одоогийн 700 мянган тонн байгаагаас 1.8 сая тонн баяжмал болж нэмэгдэж, улмаар жил бүр 1 тэрбум ам.долларын орлого Монголд шууд орох тооцоо байгаа юм. Ил уурхай болон далд уурхайн одоогийн батлагдсан нөөцөөр 2050 он хүртэл ажиллах боломжтойг Оюутолгой компанийн захирал Эндрю Вүдлэй мэдэгдлээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэлтэд аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, үр өгөөжтэй урт хугацааны түншлэл, дэлхийд өрсөлдөхүйц дотоодын ур чадвар гэсэн суурь зарчмыг баримтлах юм байна. Энэ удаад бүх компани ижил тэгш шалгуураар өрсөлдөх ч дотоодын компаниудтай түлхүү хамтрах талыг барихаа Оюутолгой компани онцоллоо.