“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл
“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
Н.Оюунмаа Бидний ярих сэдэв бол үр өгөөж, үнэ цэнэ...
Улс оронд маань эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал мэдэгдэхүйц хүндэрч байна. Шийдлийн Засгийн газрын шинэ Ерөнхий сайд маань иргэдээ “бүсээ чангал” хэмээн уриалж, бид ч “бүсээ чангалсаар л”...
Гэвч, ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин доошилж байна. Энд уул уурхайн үйлдвэрлэл гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл уул уурхайн төсөл, хөгжил ярихаар зарим нэгэн хүмүүс эсэргүүцээд эхэлдэг. Жишээ нь саяхан Гацууртын ордыг ашиглуулах талаархи Засгийн газрын санал гаргахад зарим нэгэн хүмүүс болоод “Босоо монгол” хөдөлгөөнийхөн эсэргүүцсэн. Гэхдээ энэ эсэргүүцэл нь бизнесийн “шантаачилал” гэлтэй. Урьд нь “Гал үндэстэн” холбооныхон нэлээд олон уул уурхайн компанийг зогсоох гэж оролдсон. Тэр нь сүүлдээ бизнес байсан гэдэг нь илэрсэн шүү дээ.
Уг нь уул уурхайн үйл ажиллагаа жигдрээд, ажил нь эхэлчихвэл мөнгөн урсгал эргэлтэнд орж, иргэдийн амьдрал дээшилж, орон нутагт уул уурхайн салбараас эдийн засгийн үр өгөөжөө ч өгөх суурь нь тавигдаж болох... Яг л энэ торгон мөч дээр ирээд байгаа Гацууртын ордын талаар олон ургальч үзэл хөвөрсөөр...
Тухайлбал, зарим албаны хүмүүсийн болоод мэргэжлийн, судлаачдын, орон нутгийн иргэд, хөдөлгөөн, холбоодын төлөөллүүд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ улс орныхоо хөгжил дэвшил, иргэдийнхээ сайн сайхан амьдрал, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх хэлбэрээр асуудлыг зөв, үр өгөөжтэй талаас нь харах хэрэгтэй санагдана.
Засгийн газар “Гацууртын ордыг ашиглана” гээд шийдвэрээ гаргачихлаа. Гэвч эсэргүүцэл байсаар... Гэхдээ энэ эсэргүүцлийн үр дүнд улс орны эдийн засаг зогсож, бүр ч уналтын байдалд хүрээд байна шүү дээ.
Уг нь Гацуурт төсөл хэрэгжсэнээр наад зах нь 800-1000 хүн байнгын ажилтай болж, ийм тооны өрх орлоготой болно. Энэ ордны алтны баталгаатай нөөц нь 50 тонн. Тэгвэл жилд таван тонн орчим алт олборлож, үүгээр нийт гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт жилд 70 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байна хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид тодорхойлоод байгаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “бидний хамгийн боломжит хувилбар бол алт руу орох явдал” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл зарим нэгэн иргэд, хөдөлгөөнийхөн юу гэж ойлгож байгааг дурьдая. Тэд “Ноён уулаа сэндийчүүлж, Гацууртын ордыг ашиглуулж болохгүй 10 шалтгаан” гэдэг мэдээллийн хуудсыг иргэдэд тараажээ. Энд “дэлхийн өв устана, Хараа, Ерөө гол ширгэнэ, хүн малыг хордуулна, эдийн засгийн үр ашиггүй, орон нутагт үр өгөөжөө өгөхгүй, ноён уулыг унаган төрхөөр нь байлгая” гэх мэт шалтгаануудыг дурьдсан байх юм.
Гэтэл эдийн засагчид, зах зээл судлаачид, “өнөөгийн эдийн засгийн хүндрэл бол валютын нөөц хомсдож байгаагийн нэг илрэл. Ам.долларын нөөц багасаад ирэхээр монгол төгрөгийн үнэ цэнэ буураад ирдэг. Тэгэхээр өнөөдөр хэр зэрэг валютын болон алтны нөөц байгаагаас хамаарч, эдийн засаг сэргэж, монгол төгрөгийн зах зээл дэх ханш нэмэгдэнэ.
Тиймээс мэдээж валютын нөөцөө ихэсгэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Угтаа бидэнд гаднаас орж ирэх нөөц бололцоо хумигдмал бөгөөд уул уурхайгаас хэтэрхий хамааралтай учраас бид дотооддоо үйлдвэрлэл эрхлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөөд валют авчрах боломж одоохондоо хомс. Тийм учраас бид байгаа валютынхаа нөөцийг өсгөхийн тулд хамгийн боломжит хувилбар нь алт руу орох хэмээн судалгаанд тулгуурлан үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Гэтэл зарим нь Гацууртын ордыг ярихаар “Ноён уулаа аваръя” гэсэн тэс хөндлөн зүйл яриад эдийн засаг, нийгэмд өгөх үр ашиг талаас нь харахыг хүсэхгүй байгаагийн шалтгаан юу бол...
Уг нь эхлээд бидний ярих сэдэв бол үр өгөөж, үнэ цэнэ санагдах юм. Эдийн засгийн хувьд энэ төсөл хэрэгжсэнээр жилд таван тонн алт олборлоно гэдэг. Манай улсын алт олборлолт жилд гурван тонн байсныг 2013 онд Алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүдийн хамтын хүчээр 12 тонн болгосон гэнэлээ. Тэгвэл үүн дээр Гацууртын олборлосон алт нэмэгдвэл манай улсын алтны хэмжээ жилд 17 тонн болж, валютын нөөц нэмэгдэж, монгол төгрөгийн ханш өснө гэж эдийн засагчид ярих юм. Гэхдээ “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хирүй” гэдэг дээ.
Бид улс орныхоо эдийн засгийн үр өгөөж талаас нь харахын зэрэгцээ эрт дээр үеийн өвөг дээдсийнхээ бунхан, булш түүхийн ховор үнэт олдворыг хамгаалан, түүнийг дэлхийн тавцанд гаргаж ирэх нь зүйн хэрэг бөгөөд бидний үүрэг. Гэхдээ энд нэг л зүйлийг дурьдах гэсэн юм. Би судлаач биш, эдийн засагч ч биш, жирийн нэгэн сэтгүүлч. Гэхдээ манай улсад судлаачид, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс олон. Бид тэднийхээ үгэнд итгэж, итгэл үнэмшилтэйгээр хойч үеийнхээ хөгжлийг цогцлоон бий болгомоор санагддаг. Энд юу гэх гээд байна вэ гэхээр, Ноён уулын олдвор, Гацууртын орд гэсэн хоёр өөр зүйлийг хамтад нь нэгтгээд буруу зөрүү яриад байх юм. Археологчид, судлаачдын үзэж байгаагаар Гацууртын ордын олборлолтын талбайд соёлын өв дурсгал байхгүй бөгөөд энэ талбай нь Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрын зүүн захын цэгээс шулуунаар зүүн хойш 5.8 км зайтай оршдог.
Нөгөөтэйгүүр, Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд 1999, 2000, 2005 онуудад хийсэн хайгуул судалгааны явцад булш, дурсгал илрээгүй. Ер нь Монгол болон Орос улсын нутаг дэвсгэрээс Хүннүгийн үеийн нийт 12 цогцолбор дурсгал олдсоноос найм нь Монголын нутагт байдаг. Үүний нэг нь Хэнтийн нурууны томоохон салбар уул болох Ноён уулын дурсгал ажээ. Энэ нь ойролцоогоор 650 ам километр талбайд оршдог, 20 орчим амтай. Хүннүгийн үеийн ихэнх буюу 230 дурсгал уулын өвөр талд орших Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амнаас олдсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ноён уулын нийт бүс нутагт Хүрлийн үеийн буюу Хүннү, Дундад зууны үеийн 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байгаа талаар манай археологичид тайлбарлаад байгаа.
Энд л миний хэлэх гээд байгаа зүйл ирээд байна. Ноён уулын булш бунхныг хамгаалах ёстой. Гэхдээ өвөг дээдсийнхээ түүхэн өв, соёлын дурсгал, булш бунхантай газарт аялал жуулчлалын бүс байгуулаад, тэнд гадна дотны зочид, гийчдийн “халаасыг хоослох” боломжийг олвол валютаар эргэлдэх мөнгөн урсгал манайд улсад орж ирэх бус уу.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюунгэрэл болоод зарим нэгэн төр засгийн удирдлагууд, иргэдийн ярьсан санааг би дэмжиж байна. Үүний тулд уул уурхайн компанийн ашиглалтыг хийлгэж, тэднийг түшиглэн, аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах санхүүгийн эх үүсвэрийг олох, нөгөөтэйгүүр соёлын өв дурсгалаа олон түмэнд ил гаргаж, дэлхий нийтэд зарлан тунхаглаж, түүнийгээ хамгаалах үйл ажиллагааг хийцгээе. Тэгээд алтныхаа ашгаас хүртэнэ шүү дээ...
Эсвэл, “Алтан дээр сандайлсан гуйлгачингаараа дуудуулж, түүхийн өв, соёлтой гээд нүдэнд үл харагдах олдвортой хайрханаа хадгалаад суух юм уу” бодох л асуудал...