Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Би нутгийнхаа ард иргэдийг ажилтай орлоготой байж, сайн сайхан амьдраасай гэж хүсч байна

“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл













Сэлэнгэ аймгийн
“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
Н.Оюунмаа


Би нутгийнхаа ард иргэдийг ажилтай орлоготой байж, сайн сайхан амьдраасай гэж хүсч байна

2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар, 2004-2008 онд УИХ-д Сэлэнгэ аймгаас сонгогдон ажиллаж байсан, Мандал сумын иргэн Р.Нямсүрэн манай тусгай дугаарын “ярилцлага” буланд оролцож байна.   

Амар сайн байна уу,  Та сайхан хаваржиж байна уу?

Амгалан. Сайхан хаваржиж байна. Хур чийг их унаж,  үндэстэй бүхэн соёолсон өнтэй сайхан хавар эхэллээ.  Цэцэг ногоо дэлгэрч, тариа ногоо сайн ургахаар сайхан зун, намар болох төлөвтэй байна.

Та одоо ямар ажил эрхэлж, юу хийж байна вэ?

Миний хувьд тэтгэвэрт гараад арваад жил болчихлоо.  Хүүхдүүдийн хувийн ажил төрөлд оролцож, өөрөө ч зүгээр суухгүйгээр мод, цэцэг, ногоо тарьдаг ажил хийж байна. Баянгол сумын нутагт манай бага хүүгийн нэр дээр 10 га газар байдаг. Үүний  7 га-д нь чацарганы 8000 шахам  бут суулгасан.  Дээр нь түүний хамгаалалт болгож хувийнхаа сонирхолд хөтлөгдөн  улиас, хайлаас, монос, хус, нарс, канад улиас гэх мэтчилэн 500-1000-аад мод, бут сөөг тарьсан. Үүнийгээ л хавар, зун, намарт нь арчилж, торддог ажил хийж байна. Бас олон нийтийн шинжтэй ажлууд , газар тариалангийн чиглэлийн болоод  аймаг сумын нутгийн зөвлөлийн ажилд оролцож нутаг нугынхандаа нэмэр тус болох гэж оролдож явна аа.
 
Таны төрж өссөн нутаг Мандал сум, Ноён уулын эргэн тойронд олон асуудал өрнөж байна. Та өмнө нь өөрийнхөө байр суурийг хэвлэл мэдээллээр илэрхийлж байсан. Тэр байр суурь тань хэвээрээ юу? Танд хүмүүс яаж хандаж байна?

Би уг нь Бороо гоулд, Сентерра гоулд  компанийн үйл ажиллагааг  эхлэхээс нь авахуулаад мэднэ л дээ.  Бороогийн уурхай 2004 оны хавар албан ёсоор нээлтээ хийж байсан. Тэр үед би аймгийн Засаг дарга байсан юм. Дараа нь УИХ-ын гишүүн боллоо. Түүний дараа ажил амьдралын  учир шалтгаанаар энэ компаниудтай ойр дотно ажиллаж, үйл ажиллагааг нь ерөнхийд нь харж, ажиглаж, мөн зарим тохиолдолд компани, аймаг, сум, орон нутгийн хооронд зуучлах, асуудал шийдэхэд нь тус дэм болох маягаар ажиллаж байна.  Энэ маягаар мэдээлэлд ойр байсан учраас энэ компанийн үйл ажиллагааг ойлгож дэмжсэн, ер нь ашиглах нь, ажиллах нь зөв хэмээн үзэж,  хэд хэдэн удаа сонин хэвлэлд нийтлэл бичиж, өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн юм.  Ер нь Гацууртын ордод Сентерра гоулд компанийг ажиллуулж,  ашиглах нь улсын эдийн засагт болоод орон нутгийн хөгжил дэвшилд ач тустай гэж үзэж байгаа, миний байр суурь хэвээрээ. Энэ үзэл бодлоо сонин хэвлэлд нийтлэл болгон гаргасан тул энд нурших нь илүүц байх. 

Харин миний хэвлэл, сайтад гаргасан нийтлэлүүдтэй холбоотойгоор олон түмэн янз бүрээр л хандаж байна лээ.  Жишээ нь news.mn сайт дээр миний бичсэн материалд 100 шахам сэтгэгдэл ирсэн байсан. Эндээс харахад 70 орчим хувь нь дэмжсэн, 30 орчим хувь нь эсэргүүцсэн хандлагатай харагдсан. Энэ дотор “зөнөг толгой чи юу бичээд элийрч балайраад байгаа юм” гэх мэтчилэн бичсэн байна лээ.  Би үүнд эмзэглэхгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр хангагдсан, ардчилсан улс оронд хэн, юу бичих нь тэдний эрх.  Энэ эрхийг би хүндэтгэж байна. Гэхдээ элдэв янзын муухай үг хэрэглэх, “бүдүүлэг, ёс зүйгүй хандахаа больж, жаахан соёлтой байдлаар хандаасай л гэж хүсэх байна.

Бороогийн ордыг ашигласнаар орон нутагт юу өгсөн бэ?

Манайхан ер нь сайн үйлс болоод бусдын тусыг амархан мартдаг л даа. Гэтэл энэ компаниас орон нутагт өгсөн өгөөж асар их байгаа шүү дээ. Ялангуяа Баянгол сумын хувьд их олон хүн ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа дээшлүүлсэн. Баянгол, Мандал сум, Сэлэнгэ аймагт тус бүрт нь мөнгөн дүнгээр жил бүр 250 мянга орчим долларын  хөрөнгө оруулалт хийж, тухайн орон нутгийн хөгжил дэвшил, өнгө төрхийг  сайжруулахад хувь нэмрээ оруулсан. Надад байгаа мэдээллээр бол Мандал суманд анх мал нядлах газар бий болгосноор эхэлснийг санаж байна. Тэгээд соёлын төв, спортын ордон, хүүхдийн ордон, Зүүнхараа хот доторхи зам, төмөр замын доогуурхи нүхэн гарц гэх мэтчилэн бүх бүтээн байгуулалтанд Бороо гоулд дангаараа биш ч энэ компанийн хөрөнгө зохих хэмжээгээр орсон. Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтыг оролцуулсан хамтын бүтээн байгуулалт юм. Хэрх тосгонд гэхэд сүүний хөргөлтийн төв, 15 ажлын байртай нийтийн ахуйн үйлчилгээний төв байгуулсан.  Түнхэл тосгонд баг тосгонд  байтугай сумын төвд байхгүй барилга бүхий захиргаа, соёл спортын цогцолбор барьж өгсөн. Данийн хамгийн сүүлийн үеийн технологитой сүүний жижиг үйлдвэр барьж, хүлэмжийн аж ахуйг дэмжиж, ахмадуудад мөн туслалцаа үзүүлсэн. Мөн наамал хавтангийн технологи бүхий цех байгуулаад байгаа. Энэчлэн хийсэн ажил ихтэй.

Хамгийн том ажлыг дурьдвал Дархан-Улаанбаатарын авто замаас Зүүнхараа хүртэл сайжруулсан зам тавиад Бороогийн гол дээр бетонон гүүр барьсан байгаа шүү дээ.  Бороогийн гол жижигхэн хэрнээ машин тэрэг их саатуулдаг, шавар шавхай ихтэй тун хэцүү гол байгаа юм. Энэ замаар Хараагийнхан давхилдаж л байгаа байх. Энэ бол Хараагийнханд Бороо гоулд компаниас оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэг. Эдгээрийг мартахын аргагүй зүйл гэж бодож байна. Цаана нь аймгийн төв, мөн Баянгол суманд хийсэн ажил их бий.

Зарим нэгэн хүн “Бороо гоулд компани таван жилийн дотор хамаг алтыг маань ухаж аваад явчихсан шүү дээ” гэж ярьдаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

Энэ чинь юу ярьж байгаа юм бэ. 2004 оны  4-р сард ашиглалтанд орсон. Үүнээс өмнө ч бэлтгэл ажлаа хийж байсан. Өнөөдөр 2015 он гарчихаад явж байна шүү дээ. 11 жил болж байна. Одоо энэ уурхай бага агуулгатай хүдрээ угаагаад ажил нь явагдаж л байна. Цааш нь нөхөн сэргээлтийн ажил 4 жил үргэлжилнэ гэж байна. Тэгэхээр юун таван жил вэ? Өнөөдөр ч ажил нь явж л байна.
 
Бороогийн ордыг ашигласнаар иргэдэд үр өгөөжтэй зүйл гараагүй гэж зарим иргэд бас ярьдаг...?

Баянгол суманд орон нутгийн хөгжлийн “Бороо сан” гэж байгуулсан. Энэ нь одоо 400 гаруй сая төгрөгтэй эргэлдэж байгаа юм билээ. Тэр сангаас монголд байтугай дэлхийд байхгүй хамгийн бага хүүтэй  зээлийг сумын иргэд  авч ажил амьдралаа эрхлээд амжилтанд хүрсэн олон хүмүүс байгаа. Хэрх, Түнхэл тосгодод мөн тус бүр 50 сая төгрөгөөр сан байгуулсан. Энэ хоёр  тосгоны “сан”-гийнх үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлынх нь талаар одоогоор би мэдээлэл  аваагүй байна.  

Нөгөөтэйгүүр манайханд  “надад л юу ч олдоогүй” гэсэн ойлголттой байдаг.  Гэтэл сентерра гоулд компани Мандалын 27 мянган иргэн тус бүрт “энэ чинийх” хэмээн хуваарилах зарчим ч байхгүй, боломж ч байхгүй.  Харин эрхийг нь орон нутагт нь өгсөн. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд  хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах нь тэдний асуудал.  Гэхдээ Зүүнхараа хотод бий болсон спорт болоод соёлын төвд сумын иргэд очиж, тав тухтай нөхцөлд  урлаг соёл, спортын арга хэмжээгээр үйлчлүүлж байгаа хүн, тэр сайжруулсан замаар машинтайгаа явж байгаа хүн бүгдээрээ  энэ компанийн хувь, хишгийг хүртэж байна хэмээн ойлгох ёстой юм.

Тэгвэл, Гацууртын ордыг ашиглахын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Гацууртыг ашиглалтанд орвол ач холбогдлынх нь талаар компанийнх нь  зүгээс ТЭЗҮ-ээ тайлбарлан таниулж, “Хараагийн мэдээ” болон бусад сонин хэвлэлээр тараасан материал зөндөө байдаг юм байна лээ.

Би эдийн засагч биш учраас улс орны эдийн засгийн ач холбогдол талаас нь яриад яахав дээ. Гэхдээ орон нутагт үзүүлэх ач холбогдлын хувьд нилээн өндөр байх нь гэж би ойлгож байна. Энэ юунаас эхтэй юм гэвэл, сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн газрынхаа 100 хоногийн ажлын тайлан мэдээллийг танилцуулахдаа, нийт ард иргэддээ хандаж өөдрөг сэтгэлээр, сайхан мэдээлэл хийлээ шүү дээ. Энд хэлэхдээ “Ноён уул хэвээрээ үлдэнэ. Булш бунханыг огт хөндөхгүй. Гэхдээ гацууртын ордыг ашиглана” хэмээсэн. Мөн цааш нь “...ордуудыг ашиглах нөхцөлд улсын хэмжээнд төлөгддөг лицензийн төлбөрийн 50 хувийг, мөн дээр нь нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагт нь өгнө. Ингэхдээ улсаас авдаг татааст тооцохгүйгээр, түүнээс нь танаж хасахгүйгээр зөвхөн тухайн орон нутагт баялгаа ашиглуулсных нь хувьд ийм зүйлийг өгнө” гэсэн. 

Энд Гацууртын ордыг ашигласнаар   орон нутагт 60 тэрбум төгрөгийн ашиг хуваарилалт явагдана.  Энэ ордыг 10 жил ашиглана гэж тооцвол жилд 6 тэрбум төгрөгийг хуваарилах нь байна.  Зургаан тэрбум төгрөг гэдэг  3 сая гаруй доллар. Өмнө нь жилд 250 орчим мянган доллар өгдөг байхад дээр миний хагасыг нь дурьдсан бүтээн байгуулалтуудыг хийсэн. Гэтэл жилд 6 тэрбум төгрөгийг орон нутагт үлдээвэл их зүйл хийнээ. Мандал сумын жилийн төсөв нь ойролцоогоор 10 тэрбум төгрөг байгаа байх. Миний энэ тоо их хол зөрөхгүй. Тэгэхээр энэ Мандал сумын жилийн төсвийн талаас илүү хувь байгаа биз.  Ганцхан үүнийг зөв зүйтэй хуваарилж ашиглах нь тухайн орон нутгийн удирдлага, ард иргэдийн асуудал болж үлдэж байгаа юм. Энэ бол хамгийн том эдийн засгийн ач холбогдол нь. Үүнээс гадна ард иргэдийг тогтмол ажилтай, цалинтай, орлоготой болгосноор тэдний амьжиргаа дээшлэх ач холбогдолтой юм.

Энд 1000 хүний ажлын байр байгаа гэдэг. Энэ нь ажил мэргэжил гээд янз бүрийн шалтгаанаас хамаарлаа гэхэд Мандалаас хэдэн зуун хүнийг ажилд авна шүү дээ.  Дундаж цалин 1,7 сая төгрөг. Уул уурхайн мэргэжлийн хүмүүс нь 3-4 сая төгрөгийн цалинтай. Хэрэв 500 хүн ажилд орж чадвал  нэг өрхийг 4 хүнтэй гэж бодоход 2000 иргэний амьдрал ахуй дээшилж байна шүү дээ. Энэ бол хоёр дахь том ач холбогдол нь болно.  

Үүний зэрэгцээ орон нутагтай холбогдсон бас нэг ач холбогдол нь Мандал, Баянгол сумынхны бараа материалыг худалдан авах том зах зээл бий болж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, энд 1000 хүн ажиллаад ирэхээр тэдгээр ажиллагсдын хоёр ч том гал тогоо бүхий кемп ажиллах байх. Энд ногоо, мах, сүү гээд бүхий л зүйл хэрэг болно шүү дээ.  Бас энэ олон хүний ажлын хувцсыг орон нутагт үйлдвэрлэж болно. Ингэхээр тухайн орон нутагт  үйл ажиллагаа явуулдаг том, жижиг олон компанийн орлого сайжрана гэсэн үг.

Орон нутагт тараагдаж байгаа сөрөг мэдээллүүдийг анзаарч үзсэн үү. Тэр мэдээллүүдэд та ямар тайлбар өгөх вэ?

Би ч байнга л нутаг орноороо явдаг. Ах дүү нарынхаараа ороход “ийм тийм зүйлүүд бичсэн байна” хэмээн үзүүлж байдаг л даа. “Ноён уулыг сүйтгүүлэхгүй байх. Гацууртын ордыг ажиллуулахгүй байх 10 шалтгаан” гэсэн хэвлэмэл зүйл тараасанг анзаарсан. Түнхэлд бас “Түнхэл хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага мөн л хорт бодис, мышьяк буюу хүнцлийн тухай бичсэн материал тараагдсан байна лээ.   Энд нутаг нугаа өмөөрч, өмгөөлж  байгаа нь тэдгээр хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Үүнийг буруутгаж болохгүй. Энэ хүмүүс ямар түвшинд ойлгож, ямар янзаар хандаж байна вэ гэдэг нь харин сонирхолтой юм.  Тэр “Ашиглуулахгүй байх 10 шалтгаан”-д дурьдсанаас миний санаанд үлдсэн нь  “Хараагийн гол ноён уулаас эх авдаг”, “Хараа, Ерөөгийн гол ширгэнэ” гэх мэт тийм хачин хачин зүйл  бичсэн байна лээ.  Гэтэл хараагийн гол ноён уулаас эх авдаггүй юм шүү дээ. Хаа байсан Улаанбаатарын Сонгино хайрхан дүүргийн партизан хороонд Хүйн гол гэж байдаг. Эндээс Хараагийн гол эх авдаг. Тэгээд цаашаа Үдлэг, Баянгол, Сөгнөгөр, Түнхэлийн гол нийлээд том Хараагийг гол болж урсдаг. Манай Балж Гацуурын гол Хараа голд цутгадаг багахан цутгалан. Хан Хэнтийн нурууны том голууд  ширгэчихгүй л юм бол Хараагийн гол ширгэх тухай асуудал байхгүй.

Ерөөгийн голыг бас ширгэнэ гэнэ.  Гэтэл Ноён уулаас 200 км-ийн цаана байгаа гол яахаараа Хараатай цуг ширгээд байдгийг би ойлгохгүй юм байна. Миний мэдэх Ерөөгийн гол Хараагийн голоос 2-3 дахин том гол. Тэгэхээр чухам ”галав юүлдэггүй” л юм бол “Хан Хэнтийн нурууны ой тайга нь хатаж хуурайшдаггүй” л юм бол Ерөөгийн гол ширгэхгүй. Энэ мэт хоорондоо уялдаа муутай зүйлүүдийг хийж тараагаад байгаа юм билээ. Гэхдээ манай ард иргэд худал үнэнийг ялгаж ойлгоно доо. “Худлаа зүйл байна. Яасан ч их хэтрүүлэгтэй юм бичээв” гэж бодох л байх.

  Цааш нь хорт бодисын тухай зүйлүүдийг их бичиж байна. Анх  булш бунхан яриад л байсан. Тэр нь үнэхээр тэнд байхгүй юм байна гэдгийг иргэд ойлгосон байх. Тэгээд Сүжигт, Журамтай гээд манай Мандал суманд байтугай Сэлэнгэ аймгийн нутагт ч биш Төв аймгийн Борнуурт байгаа зүйлийг энд хамааруулж ярих юм. Дараа нь цианит, замын тоос шороо гээд яриад байсан. Одоо ч цианитийг ганц Бороо гоулд биш, монголд байгаа үй олон уурхайнууд хэрэглэдэг. Жишээ нь Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр цианитийг хэрэглээд 30-40 жил болж байна. Говь руу олон компани хэрэглэж байгаа. Цианит хортой юу гэвэл хортой. Гагцхүү зөв технологиор зохих журмаар нь хэрэглэвэл болно.  Одоо хүнцэлийн тухай их ярьж байна. Саяхан нэг хэвлэлд  хүнцэлийн хор хөнөөлийн  талаар Пүрэвсүрэн гэдэг хүн бичсэн байна. Хортой байгааг үгүйсгэх арга алга. Гэхдээ дэлхийн хэмжээнд уул уурхайн ашиглалт явуулаад олон мянган жил болж байгаа байх. Тэр байтугай газрын хэвлийн баялаг металлын хэв шинжтэй баялгаа шавхаад дуусчихсан Япон, Солонгос, Франц, Испани, Баруун Европын орнууд байж л байна. Тэр үед уул уурхайн ашиглалтын явцад хүнцэл илэрч л байсан. Харин ч техник технологи нь өнөөдрийнх шиг боловсронгүй болоогүй, өнөөдрийнхөөс дор байсан байж таараа. Гэтэл тэнд хордлого явагдаад газар нутаг хүн ард нь сөнөчихөөгүй л байна. Хүнцэлийн хор хөнөөлтэйг нь  сурталчилахаас илүү эрдэмтэн мэргэд маань тэр хор хөнөөлийг хэрхэн бууруулж, яаж арилгах талаар судалж, эрдэм ухаанаа зориулбал улс орны хөгжил дэвшилд илүү үр дүнтэй байх болов уу гэж бодох юм.

    Ер нь төр засгийн түвшинд УИХ шийдвэрээ гаргасан. Засгийн газрын ажлын хэсгүүд ажиллаж байна. Дээр нь саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  маш хариуцлагатай үг хэллээ.  Байгалийнхаа баялгийг ашиглуулж байгаа тэр орон нутагт нь нөөц ашигласны 30 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг нь өгнө гэдэг бол сайхан шийдвэр. Тэгэхээр ард иргэдийн өнөө их хүсээд байгаа “бидэнд хувь хүртэхгүй байна” гээд байгаагийн хариулт боллоо шүү дээ. Харин ашиглалтын явцад манай ард иргэд, энэ олон төрийн бус байгууллагууд хяналтаа маш өндөр түвшинд тавьж хамтарч ажиллах шаардлагатай байх. Ингэж байж өнөөдрийн энэ их эдийн засгийн хүндрэлийг даван туулж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгож улс орон хөгжлийнхөө шинэ замд  гарч, бидний ирээдүй хойч үе сайн сайхан амьдрах байх гэсэн бодолтой байна.

-Та нутаг нугынхаа иргэдэд юу гэж хэлмээр байна вэ?

Миний бие, сэтгэл, ухаан маань томоор яривал эх орон ард түмэндээ, жижгээр авч үзвэл нутаг нуга, төрсөн газар шороондоо, нутгийнхаа ах дүүст муу үйл хийх, хийлгэх хүн биш. Би нутгийнхаа ард иргэдийн ажилтай орлоготой байж хөгжил дэвшилд хүрч сайн сайхан амьдраасай гэж хүсч байна. Ер нь манай Сэлэнгэ Монголын хөгжил дэвшлийн түүчээ аймаг.  Социализмын үед ч тийм байсан. Өнөөдөр ч тийм л байгаа. Энэ хөгжлийг манлайлах орон нутгийн хувьд бүтээлч ажлын төлөө санал бодлоо нэгтгэж, энэ уул уурхайн ажлыг  дэмжих нь зөв шүү гэж хэлье.
 









Сэтгэгдэл (1)

  • SHINE OYUN (197.211.53.57)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 16 | Хариулах