“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл
Сэлэнгэ аймгийн
“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
Н.Оюунмаа
“Иргэн баян бол улс баян” гэдэг дээ...
Манай сонины “Иргэдийн индэр” буланд Баянгол сумын Ажилгүйчүүдийн холбооны тэргүүн Г.Шараа оролцон, өөрийн санал бодлоо “Хараагийн мэдээ” сонины уншигчидтай хуваалцаж байна. Би 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл сумынхаа Ажилгүйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна. 1991 оноос эхлээд манай сумын иргэдийн бараг 80 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувь хувьдаа, гар аргаар алт олборлодог байсан. Харин тэд Бороо гоулд компани Бороогийн ордод гүний олборлолт хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд энэ компанид ажилд орцгоож, олон хүн ажлын байртай болсон. Мэдээж 1000 хүн байхад мянгууланг нь ажлын байраар хангах боломж байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүс ажлын байртай болж, амьдрал ахуй нь мэдэгдэхүйц сайжирсан. Тухайлбол, орон гэргүй нь өөрийн гэсэн орон гэртэй, унаагүй нь унаа машинтай болж, амьдрал ахуй нь тэр хэмжээгээр дээшилсэн юм. Их дээд сургуульд хүүхдээ явуулж сургаж чаддаггүй байсан хүмүүс маань хүүхдээ сургахын зэрэгцээ өөрсдөө ч сурч боловсорцгоосон. Иргэн баян бол улс баян гэдэг. Орон нутгийн иргэд маань ажилтай, орлоготой, боловсролтой, эрүүл саруул, амьдрал ахуй нь сайхан байвал төр нь тогтворжиж, улс нь баяжина шүү дээ.
Манай суманд ажилгүй иргэд олон бий. Энэ оноос Бороогийн уурхайн үйл ажиллагаа хаагдаж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Нөгөө талаас “Ноён уулаа хамгаалъя” хөдөлгөөнийхөн гарч ирсэн. “Хөдөлгөөн” зохион байгуулах нь тухайн хүмүүсийн эрхийн асуудал байх л даа. Гэхдээ өнөөдөр монгол хүний амьдрал ямар байгаа билээ дээ. Иргэдээ ажилтай, орлоготой, эрүүл байлгах хэрэгтэй байна. Иргэд маань эрүүл саруул, дээр нь тогтмол ажилтай, орлоготой байх юм бол нийгэм маань эрүүл хөгжинө. Гэтэл “хөдөлгөөнийхнийг” хараад байхад, ард иргэдийнхээ амьдрал ахуй, улс орныхоо хөгжил дэвшлийг бодохгүй, “хэтэрхий хувийн ашиг хонжоо хайсан” байдлаар яваад байна уу гэж бодогдоод байгаа.
Нэгэнт газар дэлхий маань хүн төрөлхтөн бидэнд энэ ордыг хэрэглээ болгоод байгалиас нь бүтээгээд өгчихсөн юм чинь газрын доор ч бай, дээр ч бай байгалийн баялгаа зөв, зүйтэй ашиглах нь чухал байх. Дэлхий мөнх биш, бас хүн ч мөнх биш. Тиймээс манай улс боломжоороо байгалийн баялгаа гадаадын хөрөнгө оруулалттай Оюу толгой, Саусгоби сэндс, Энержи ресурс, Таван толгой, Сентеррагоулд зэрэг компаниудаар олборлолт хийлгэж, үйл ажиллагааг нь явуулах нь зөв гэж бодож байна.
Эндээс онцлоод хэлэхэд манай орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан Бороо гоулд компанийг би дэмжиж явдаг хүний нэг. Учир нь “Би монголын олон орд газар явж үзсэн. Заамарт ч байсан. Тэд энд тэндгүй шороо овоолоод хаячихсан байдаг. Харин Бороо гоулд компани хариуцлагатай уул уурхайн эхлэлийг монголд тавьсан анхны компани”.
Нөгөөтэйгүүр төр засаг ч богино хугацаанд иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө ажиллаж, асуудлыг шийдэх хэрэгтэй л дээ.Тэгээд ч манай Монголчууд өөрсдөө гүний уурхай ашиглаад, ажиллуулаад явах чадал, боломж одоохондоо байхгүй байна. Бороо гоулдын ажлыг дэмжинэ гэдэг бол ард түмнээ дэмжиж байна гэсэн үг. Энэ компани Гацуурт төслийг ажиллуулах гээд зөндөө их зардал гаргачихсан байгаа. Айл өрхөөр жишэхэд тухайн өрхийн гаргасан зардал нь үр дүнгүй өнгөрөөд байвал тэр айл яах билээ. Компани ч гэсэн яг түүнтэй адил байгаа шүү дээ. Тийм учраас Сентерра гоулд компанийн Гацуурт төслийг дэмжээсэй. Ялангуяа Зүүнхараагийн ард иргэд үүнд хатуу зогсож, энэ төслийн үр өгөөжийг хараачууд өөрсдөө хүртэх хэрэгтэй.