Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Гацууртын орд манай улсад төдийгүй дэлхийд зарлагдчихсан учраас “үйтэн хуар” дээлийн хээг тааруулан эсгэж байгаа шиг бодож, төлөвлөж хийх хэрэгтэй...

“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл











Сэлэнгэ аймгийн
“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
Н.Оюунмаа




    
“Гацууртын орд манай улсад төдийгүй дэлхийд зарлагдчихсан учраас “үйтэн хуар” дээлийн хээг тааруулан эсгэж байгаа шиг бодож, төлөвлөж хийх хэрэгтэй...

1996-гаас 2004 оныг дуустал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан, мөн энэ оноос өмнө аймгийн төв Сүхбаатар сумын Засаг даргаар ажилласаж байсан, одоо Мандал сумын Улаанзагалмайн хорооны даргаар ажилладаг  Х.Дүнгээтэй уулзаж, өнгөрсөн үеийн дурсамжаас нь сонирхон дараах ярилцлагыг авлаа.  


Таныг ажиллаж байх үед Бороо гоулд ХХК үйл ажиллагааг явуулж эхэлсэн байх. Тэгэхээр сум орон нутагтай хамтарсан гэрээ байгуулах,  ТЭЗҮ-ээ дүгнэж ярих зэрэг үйл ажиллагаа уул уурхайн компаниудад ямар байсан юм бол...?

Бороо гоулдыг УИХ, ЗГ шууд шийдвэрээ гаргаад л бүх үйл ажиллагаа нь эхэлсэн. Хууль нь ч тийм байсан. Харин нөхөн сэргээлт, байгаль орчны хамгаалалтынтөлөвлөгөөгөө манайхаар батлуулдаг байсан. Энд ганц Бороо гоулд ч биш Нарангийн алтныхан, Гацууртын алтныхан, Тэрэгтэйн ард бас нэг байсан. Эдний байгаль хамгаалах төлөвлөгөөг нь эхний удаа баталж байгаагүй. Би өөрөө хуулиа гүйцэд мэдэхгүй ч бага зэрэг гадарлана. Та төлөвлөгөөндөө ийм ийм зүйл тусгах ёстой гэж хэлдэг. Энэ төлөвлөгөөг манайх баталдаг байсан. Одоо байхгүй байх. Тэр үед хамтарч ажиллаж байсан.

Уул уурхай дагасан нутгийн иргэдийн амьдрал ахуй дээшилж, сум орон нутаг хөгждөг үү? Мандал сум хөгжсөн үү?

Манайд Бороо гоулдаас өөр том, дорвитой компани байгаагүй л дээ. Бороо гоулд манай суманд юм өгч байсан. Энэ компанинамайг ажлаа өгдөг жил анх удаа 100 мянган доллар өгсөн. Энэ мөнгөөр хамгийн түрүүнд юу хийх вэ л гэж бодогдсон. Гэхдээ манайд хамгийн түрүүнд замын асуудал чухал байсан. Манай Тамгын газрын урд аймгаас ирсэн машин хүртэл шаварт суудаг байсан. Ингээд эхний ээлжинд энд 1,5 км зам тавьсан. Үлдсэн мөнгөөр нь одоо МСҮТ-ийн дотуур байр буюу тэр үед хэрээ, болжмор шувууны баас, согтуучуудын архи уудаг газар болоод хорь гаруй жил “хэвтсэн”“балгас” байшинг засаж соёлын төв болгосон. 100 мянган доллар тэр үеийн зуу гаруй сая төгрөг юу байхав дээ, тэгээд л дууссан. Энэ бол Бороогоос олгосон анхны мөнгө.

Ер нь уул уурхайн компаниас сум орон нутгийн иргэдийг ажлаар хангах, бусад аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах гээд давуу боломж байдаг уу...?  

Тийм боломж байгаа. Манай сумаас энэ компанид нилээн олон хүн ажилд орсон. Одоо ч бас ажиллаж, амьдрал ахуй нь сайн яваа иргэд байгаа. Гэхдээ манайхны зарим нэгний дунд дутагдал байдаг. Өглөө ажилдаа очдоггүй. Цалин авахаараа хэдэн хоногоор архидаад алга болдог. Энэ бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа юм.

Та Бороогийн уурхайн тэнд очсон уу? Хариуцлагатай уул уурхай гэж чухам юуг хэлээд байна аа?

Очиж, харсан. Бороо гоулдын далангаас бусад газар нь Баянгол сумын нутаг дэвсгэрт хамаарагддаг. Би энэ компанийг муу хэлж чадахгүй. Энэ компани жил бүр нөхөн олговороо өгдөг. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг их сайн хийсэн. Би нөхөн сэргээлтийн ажлаа хангалттай сайн хийж байгаа гэж боддог. Манайхан янз бүрээр ярьдаг юм билээ. Тэнд жимсний төгөл ч байгуулсан байсан.

Мөн уул уурхайг дагасан сумын хувьд төв замаас Түнхэл рүү явж байгаа замыг сайжруулаад, Зүүнхараа руу эргэдэг зам болгоод тавьсан. Үүний үр дүнд сум орон нутгийн зам харилцаа сайжирсан гэсэн үг. Тэгэхээр уул уурхай дагасан сум, аймаг тухайн уурхайгаас юм хүртэх л хэрэгтэй юм билээ. Өнгөрсөн жилийн нэг жишээг хэлэхэд, Баянгол сум улсын төсвөөр нэг км зам тавиад өгөөч гээд явж л байсан. Тэрийгээ уг нь нөгөө компаниараа л хийлгэх хэрэгтэй санагддаг.

Одоо бүр амар, ЗЗНДН тухай хуулийн 5-р зүйлд “... сумын хөрөнгө санхүү нь нутаг дэвсгэрт байгаа уул уурхай, газрын баялгаас бүрдэнэ...” гээд заачихсан байгаа.  Тийм учраас бид энэ хуулиа бариад ажиллах ёстой.

Одоо “Ноён уулаа” аваръя гээд хэсэг бүлэг “нутгийн иргэд” байгаа. Тэдгээр иргэдээс та хэр таних вэ?

Тэр чинь яг тоолоод үзвэл манай нутгийн гурав, дөрөвхөн л хүн байгаа юм шиг байна лээ. Би тэр, энэ байна гэж хэлж танихгүй. Зүгээр хүмүүсийн яриа хөөрөөгөөр тэгж хэлж байна лээ.

Бусад нь хаанахын улс байдаг юм бол...?

Янз бүрийн хөдөлгөөний л хүмүүс байдаг юм байна лээш тээ. Манай энд цугларалт энэ тэр хийнэ гээд ирсэн. Тэгээд гадаа 70 гаруй хүн байсан. Хурлын дарга бид 2 хараад тоолж үзсэн л дээ. Эдгээр хүнээс 20 гаруй нь манай сумын иргэд байсан. Гэхдээ тэд яг жагсаагүй, зүгээр тэнд хараад л байж байсан. Жагссан хүмүүс дундаас нутгийн гурав, дөрөвхөн хүн л байгаа харагдаж байсан.

Тэд ард иргэдийн дуу хоолой мөн үү? Мөн Ноён уулын түүхийн олдвор бүхий газар Гацууртын орд байдаг уу? Энэ талаар нутгийн хүний хувьд та бодлоо хуваалцаач...?

Манайхан жаахан гайгүй явж байгаа хүнээ албан тушаалаасаа буусан хойно нь муу хэлэх дуртай шүү дээ. Тэгээд жаахан муу яваад ирэхээр нь “хөөрхий, хөөрхий, яах нь вэ” гээд өрөвддөг шүү дээ. Ийм л зүйл болоод байгаа юм.  Тэгэхээр Бороо гоулдын талаар 2014 оны хамгийн сүүлийн статистик тоог аваад үзэхэд аймаг, сумдадаа 9,3 тэрбум төгрөгийн,  Улаанбаатар хотод төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 11,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн байдаг юм билээ. Бороо гоулд ХХК-ийг татвар төлдөггүй гээд баахан муулдаг. Гэтэл энэ компани байгуулагдсан цагаасаа хойш 360 тэрбум төгрөгийн татварыг улсад оруулсан байна лээ. Тэгэхээр бид, Гацууртын ордын тухай хамгийн түрүүнд газар нутгийг нь судалж үзэх, дээр нь эдийн засгийн ач холбогдол болоод хор холбогдол нь хаана байна гэдгийг судлах, өөрөө судалж чадахгүй бол судлаачдын амнаас сонсож байж энэ газрыг ухуулах, ухуулахгүй асуудлыг ярих хэрэгтэй л дээ. Гэтэл “гэв гэнэт” гарч ирээд л хүн дагаад “би ухуулахгүй” гэхэд, нөгөө нэг хэсэг нь “ухуулна” гээд л орилцгоогоод байж болохгүй л дээ.

Ер нь аль эрт, 17,  18-р зууны үед ч юм уу, Ноён уулыг өөрийг нь ухчихсан байхгүй юу.Ноён уулын дундуур ухчихсан олон том том тунелүүд, ус болчихсон олон нүхтэй,  тэртэй, тэргүй давхарлаад давхарлаад ухчихсан нүх Зуун мод талаасаа очиход байдаг гэж улсууд ярьдаг.  Энийг дээр үед хятад, германууд, тэдний экспедицийнхэн ухчихсан. Одоогийн яриад байгаа Ноён уул чинь шал ондоо зүйл. Гацууртын орд нарийн яривал Ноён уулаасаа  2,8 км хол, Гацууртын голын тэнд байдаг.  Нөгөө яриад байгаа сүйтгэгдэх гээд байна гээд яриад байгаа булш бунхан болохоор Борнуурын наана Сүжигтэй гэдэг аманд байдаг.  

Ийшээ машинаар явж болохгүй, явгаар юм уу мориор явахад үндсэндээ 22 км болох тийм хол газар. Дараа нь энэ хавьд дахиад ийм булш бунхан байна уу, үгүй юу. Байвал бид Хүннүгийн түүхэн өвийг хайрлах, хамгаалах ёстой. Гэхдээ эрдэмтдийн судалж байгаагаар тийм түүхэн булш бунхан Гацуурт ордын тэнд юу ч байхгүй гэсэн шүү дээ. Дээр нь энийг ухуулвал яах вэ, ухуулахгүй бол яах вэ гэсэн хоёр талтай.

Ухуулвал ямар гэж...?

Хэрвээ ухуулах юм бол хууль, гэрээ энэ тэр гээд холбогдох хүчин зүйлүүдийг хариуцсан эзэнтэй нь ян тан болгоод, төлөвлөөд хийх хэрэгтэй. Гэрээнд орон нутагт юу хийж өгөх юм, ард иргэдийг нь хэрхэн ажлын байраар хангаж, амьдрал ахуйг нь сайжруулах юм, суманд нь, аймагт нь хэдэн төгрөг өгөх юм гэдгийг жин тан хийх. Гэхдээ зарим хүмүүс Батсүмбэрт нь юу өгөх юм, Борнуурт нь юу өгөх юм гэж байгаа. Энэ бол болохгүй. Энэ орд газаругаасаа Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа учраас Сэлэнгэ аймаг, Мандал, Баянгол суманд л оногдох зүйл. Дээр нь нөхөн сэргээлтийг үе шатаар нь нарийн төлөвлөгөөтэй гаргаж, үйтэн хуар дээлийн хээг тааруулан эсгэж байгаа шиг хийх хэрэгтэй. Ингэж хийж чадвал бид газрын дор байгаа баялгийг ашиглаж болно. Газар дэлхий болоод хүний амьдрал баян юм хойно өөр зөндөө газар байгаа.

Хэрвээ ухуулахгүй гэвэл яах вэ?

Ухуулахгүй гэвэл маш том проблем байна. Энэ Гацууртын орд манай улсад төдийгүй дэлхийд зарлагдчихсан учраас ухуулахгүй гэвэл манай нутгийн нинжа нар, 18 аймгийн бүх нинжа нар, дээр нь гадаадаас хятад, солонгос гээд хаанаас ч юм баахан нинжа нар ирээд л ухна. Ухуулахгүй гэсэн ч ухна, ухуулна гэсэн ч ухна. Ингээд ухсан үед аймагт байтугай суманд ч юм унахгүй, дээр нь Ноён уулын тэр хавь тэр чигээрээ хохироод үлдэнэ. Яагаад гэвэл нөхөн сэргээлт хийхгүй, татвар төлөхгүй, суманд юм хийхгүй, аймагт юм өгөхгүй, улс ч хоосон. Ийм нөхцөлд энэ уулыг хэн хамгаалах юм. Жишээ нь чи бид хоёрыг хамгаалая гэж бодъё. Гэтэл “би энд орно гээд нэг нөхөр буу гаргаад ирвэл, за ор ор л гэнэ шүү дээ” Тэгээд ганц тэнд ухаад зогсохгүй Ноён уул руу өөр рүү нь ороод бүр цаашлаад Сүжигтэй рүү ороод нөгөө булшийг маань ухаж байвал яах вэ. Тэгээд сэмээрхэн гадаадад гаргаад худалдчихвал бид мэдэхгүй л байх нь. Энэ бол маш том хохирол, маш том гамшиг болно. Тэгэхээр иргэдэд энэ асуудлыг зөв, бодит байдалтай нь ойлгуулах хэрэгтэй.

Иргэд энийг ухуулахгүй болчихоор одоогийнх шигээ зүгээр л байж байна гэж ойлгож байгаа. Гэтэл үгүй юм аа. Харин Гацууртын ордыг ашиглах компани нь энэ мөнгөөр сумаа хөгжүүлээрэй гээд орон нутгаа хөгжүүлэх санд хөрөнгө оруулалт хийгээд, тэрүүгээр нь бид төсөл бичиж сум орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл байгуулвал сумын иргэдэд ач тустай. Амьдрал ахуй нь ч дээшилнэ.
Тэнд энэ ордыг ухуулахгүй бид Ноён уулаа хамгаална гээд хүмүүс амь насаараа дэнчин тавиад байна шүү дээ.

Хамгийн гол нь тэр хүмүүс зөв ойлгож, үүнийг яах вэ гэдгийг зөв шийдэх хэрэгтэй. За ухуулахгүй гээд байгаа тэр хүмүүсийг Ноён уулын дэргэд авийчаад манаачаар тавъя. Гэтэл тэр хүмүүсийн цалин хөлс, хоол ундыг хэн хангах юм. Дээр нь амь нас нь баталгаа байхгүй. Ард нь тэр хүмүүсийн амьдрал ахуй нь яах юм гээд бодоод үз дээ. Хэдэн жил уул сахих юм.

Дээр нь баталгаагүйгээр орд ухаж байга хүмүүс нурангинд орно, шороонд даруулах гээд амь нас нь эрсдэлтэй байгаа. 50-70 тн алтнаас болоод өч төчнөөн хүн амь насаа алдаад байвал дөнгөж гуравхан сая ам бүлтэй болж байгаа улсын маань иргэд яах юм. Тийм учраас энэ асуудлыг улс нь ч, иргэд нь ч маш сайн зөв бодож хийх хэрэгтэй.

Ер нь дэлхий нийтийн мөнгөний урсгал аялал жуулчлалд нилээн явдаг бололтой. Гадаадынхан их аялдаг. Тэгвэл манай жижиг улс энэ дэлхийн мөнгөний урсгалаас “долоох”-ын тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж Ноён ууланд байна гэж зарим гишүүд, бас иргэд ярьж байх юм. Энэ талаар...?

Байлгүй яах вэ. Энд ганц Ноён уул ч биш, байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, түүх дурсгалт газрууд олон байгаа. Тийм боломж байгаа. Манай улсад хэдэн хойч үедээ үлдээх хөрөнгө байна.