“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл
Сэлэнгэ аймгийн
“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч
Н.Оюунмаа
Бодит мэдээлэл муу байгаагаас хүмүүс төөрөлдөж байна
Казах түмний үндэсний баярын тухай сурвалжлагаа эрхэм уншигч танаа түрүүчийн дугаартаа толилуулсан билээ. Тэрхүү сурвалжлага хийх хооронд Ноён уул, Гацуурт ордын талаархи нутгийн иргэдийн яриа сэтгүүлч миний чихийг дэлсэн явлаа. Энэ өдөр Ноён уул, Гацуурт ордын талаар иргэдийн дунд “хэлэлцүүлэг” болно гэсэн хэдий ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Тэрээр, нутгийн уугуул, болоод суугуул иргэд “Гацуурт ордыг ашиглалтанд орчихвол байнгын ажлын байртай, тогтмол цалинтай болж, амьдрал ахуй маань дээшилж, тосгон маань ч хөгжинө. Учир нь өнөөдөр Түнхэл 3000 хүн амтай бөгөөд ажлын байр ховор, зөвхөн модны үйлдвэрлэл дээр тулгуурлан ажиллаж амьдардаг. Гэвч ой модны хууль гараад тэр бүр ой модоо ашиглан амьдрах нь хомс болсон” хэмээн ярьлаа.
Мөн, Ноён уулын дэргэд тоглож, наадаж, тэр ууландаа ангаа хийж, эврээ түүж, жимсээ авч амьдардаг болохоор энэ хайрханаа бүгд сайн мэднэ. Гацууртын орд Ноён уулаас 6-7 км-ийн зайд байдаг учраас Гацууртын ордыг ашиглахад Ноён уул хамааралгүй гэдгийг баттай хэлнэ гэцгээж байлаа.
Харин Телевиз, радиогоор үзэхэд “нэгнийхээ амыг дагаж, дарвиад л байгаа” санагддаг. Тэдгээр иргэдэд бодит мэдээлэл нь хүрдэггүй юм болов уу, мэдэхгүй юм. Ноён уул бол бидний шүтээн уул. Тэнд Хүннүгийн үеийн булш бунхан хадгалагдсан байдаг. Гэхдээ уул уурхайн олборлолт явуулах газар нь Ноён уулаас хамаагүй зайтай. Газрын зураг дээрээс ч харагддаг шүү дээ. Тэгэхээр зарим нэгэн хүмүүс жаахан улс төржөөд байгаа юм шиг санагддаг хэмээн ярьж байлаа.
Мөн тосгонд ямар нэгэн шинэ зүйл нэмэгдвэл Сентерра гоулдаас авлаа хэмээн харддаг тухай ч хэлж байлаа. Саяхан Австр улсын тусламжаар тосгонд ахмадын сувилал байгуулагдсан. Энэ бол Сентерра гоулдад ямар ч хамааралгүй асуудлыг хөдөлгөөнийхөн энэ компаниас авсан хэмээн хольж хутгаад ярих юм. Бид нутгаа мэдэхгүй бол хэн мэдэх билээ дээ. Үнэн чанартаа “Ноён уулаа мэддэг” хүмүүс нь юу ч ярихгүй байгаа шүү дээ.
Энэ талаар бодит мэдээлэл, суртал ухуулга нь муу байгаагаас хүмүүс төөрөлдөөд, “Ноён уул, ноён уул” хэмээн цээжээ дэлдэж, улс төржөөд байх юм хэмээн нутгийн иргэд өгүүлж байлаа.