Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан ХӨШҮҮН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ ...

“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл













Ховд аймгийн
“Ховдын толь” сонины сэтгүүлч
Ж.Саруул
 




Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан
ХӨШҮҮН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ ...

Баруун аймаг тэр дундаа Ховдчуудын ганц саалын үнээ гэгдэх Хөшөөтийн уурхайг мэдэхгүй хүн тун ховор болов уу. Уг нь бол Монголдоо томоохон нөөцтэй орд газар гэдгийг мэргэжилтнүүд болоод мэдээлэл сайтай нөхөд мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ сүүлийн жилүүдээс энэ уурхайн талаар тэр бүр олигтой ам ангайж, үр ашгийг нь иргэдэд тэр дундаа Ховдчуудыг тэжээн тэтгэх саалийн үнээ гэдэг утгаар нь аль болох ярихгүй, мэдүүлэхгүй байх талаар талууд хичээх болсон нь ажиглагдаад байх шиг. Нэг хэсэг Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах талаар амтай болгон ярьж байсан цаг саяхан. Өөрөөр хэлбэл, өмнөх засгийн үед шүү дээ. Одоогоос дөрөвхөн жилийн өмнө. Харин өнөөдөр энэ талаар дуугарах хүн байтугай чимээ анир бараг сонсогдохоо болив. Чимээ анир тасрах болсоны гол буруутанг өнөөдөр эрх мэдэлтнүүд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбон тайлбарлаж байна. Ийнхүү Ховдчууд саалийн ганц үнээгээ эхлээр тавьчихаад хөршөөсөө цайны сүү гуйж байгаатай тун ижил дүр зураг ажиглагдаад байгааг хэлэх хэрэгтэй. Ямарваа зүйл яван чангардаг жамтай байдаг. Гэтэл Хөшөөтийн уурхайн олборлолт түүний төслийн үр дүн иргэдийн талд, монголчуудын талд жилээс жилд нэг үгээр бол яван суларч байгаа нь тун харамсмаар.

Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн орд газарт ашигт малтмал ашиглах зориулалтаар МоЭнКо ХХК-д зургаан төрлийн /4322А, 1414А, 5289А, 11887А, 6525А, 1640А/ тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Хөшөөтийн уурхайн боломжит нөөцийг тогтооход 80 сая тонн гэсэн тоон үзүүлэлт гарсан. 2014 оны 2 сард Ховд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас “Хөшөөт төслийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Мөн 2014 оны 3 сарын 6-ны өдөр Ховд аймгийг төлөөлж Засаг дарга Д.Цэвээнравдан, төслийн ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч М.Амарсанаа болон Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч МоЭнКо ХХК-ийн орон нутаг хариуцсан Жэймс Долан, Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ж.Оюунчимэг нар хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Гэрээ 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэй байна хэмээн заажээ.

Ийнхүү талууд Хөшөөт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гаргах замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар уг гэрээнд тусгаж өгчээ. Нэг талаас Ховд аймаг төслийн үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах нөхцөл боломжийг хуулийн дагуу бүрдүүлэх, компани нь хариуцлагатай уул уурхайн зарчмаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, зорилтот хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх нөхцлөөр гэрээ байгуулсан байдаг.

Хамгийн гол нь Хөшөөт төслийн талаар ховдчуудад дорвитой мэдээлэл алга. Тухайлбал, өнөөдөр захын иргэнээс “Та Хөшөөтийн гэрээний талаар юу мэдэж байгаа вэ?” гэж асуувал дорвитой хариулт хэлэх хүн тэр бүр гарахгүй. Мэдээллээс хол жирийн иргэн битгий хэл мэдээллийн гол эх үүсвэр дээр байдаг сэтгүүлч бид хүртэл энэ талаарх мэдээллийг авах гэж хэдэн өдөр явдаг. Хэдхэн сарын өмнө аймгийн ЗД-ын нарийн бичигт байдаг байсан гэрээний нэг хувь өнөөдөр байхгүй, зөвхөн “Засаг даргад байгаа, Засаг дарга эзгүй байгаа” гээд сууж байна. Мөн аймгийн ЗДТГ-ын уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн нь хүртэл “Ховд хөшөөт хөгжил сан”-д ямар хөрөнгө орсон, орон нутаг руу чиглэсэн ямар ажил хийгдэж байгаа талаар сайн мэдээлэл байхгүй” гэсэн хариулт өгч байх юм. Магадгүй юу ч хийгдээгүй, нааштай үр дүн гарахгүй байгаа учраас үүнээс өөр хариулт өгөхгүй байж магад. Ямартаа ч энэ хүний мэргэжилдээ тийм хариуцлагагүйнх уу, эсвэл зориудын мэдээллийг нуун далдалж байгаа хэлбэр үү, бүү мэд. Харин гэрээний нэг хувийг өмнөх жилийн гэрээ байгуулж байх үеийн хувилж авч байсан нэгэн танилаасаа хувилж авч дахин эргэн харлаа. Гэрээ байгуулагдаад 18 сарын хугацаа өнгөрч байгаа ч МоЭнКо ХХК-аас гэрээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар зөвхөн аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг дарга, түүний орлогч нарт мэдээллээ ирүүлдэг гэнэ. Гэвч уг мэдээллийг хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээлдэггүй. Гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл иргэдэд хүрч чадахгүй байсаар байгаа юм.

Нэг үгээр бол, МоЭнКо ХХК болон Ховд аймгийн хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэнд ямар нэгэн хяналт байхгүй байгаа. Гэрээг байгуулахаас өмнө иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж, санал авсан боловч гэрээний заалтуудад тусгаж өгөөгүй зөвхөн МоЭнКо ХХК-ын талаас боловсруулж, санал болгосон гэрээнд захирагдаж уялдаж байгуулсан байдаг. Угтаа бол тус гэрээнд олон нийтийн хяналтыг бий болгох, хэрэгжилттэй холбоотой эрсдэлтэй хүчин зүйлийг илрүүлэх, Хөшөөт төслийн үйл ажиллагаануудыг ил тод хариуцлагатай болгоход нөлөөлөл үзүүлэх асуудал зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцсэн гэрээ байгуулагдаагүй гэж хэлж болно.

Тухайлбал, тус гэрээний 7.10-д зааснаар: “Орон нутгийн иргэд, байгууллагын дотоодын нүүрсний хэрэгцээг хангах ажлыг жил бүр Ховд аймагтай хамтран зохион байгуулж, нүүрс ханган нийлүүлэлтийг жил бүрийн 8 сарын 1-ээс дараа жилийн 3 сарын 30-ны хооронд саадгүй нийлүүлнэ. Хэрэв иргэдийн эсэргүүцэл болон Засгийн газрын шийдвэрээр уурхайн үйл ажиллагаа тасалдах, зогсох тохиолдолд Компани үүрэг хүлээхгүй” гэсэн заалт бий. Өнгөрсөн жилээс буюу 2014 оноос эхлэн орон нутгийн дийлэнх иргэд Хөшөөтийн уурхайгаас нүүрс хэрэглэх эрх хязгаарлагдаж эхлэсэн. Уг нь Хөшөөтийн нүүрс илчлэг чанар сайн, дулаанаа удаан хадгалдаг, асалт түргэн, хөө тортог бага гардаг гээд одоогийн Ховд аймгийн иргэдийн хэрэглэж буй Хар тарвагатай, Хотгорын нүүрсийг бодвол давуу тал олон бий. Гэтэл гэрээнд тусгагдсанчилан Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах тухай заалт хэрэгжихгүй байгаа бөгөөд 2014, 2015 оны өвлийн улиралд Дарви, Цэцэг сумдаас бусад сумдад нүүрс нийлүүлэгдээгүй. Мөн орон нутгийн иргэдийн зүгээс Хөшөөт төслийг эсэргүүцсэн ажлыг гацаасан явдал огт гараагүй буюу ажлыг саадгүй явуулах боломж хангалттай байсан гэж хэлж болно. Харин энэ жилийн хувьд дахин найман суманд тус бүр 1000 тн нүүрс нийлүүлэхээр тохиролцсон байна. Гэхдээ Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд хэрхэн нүүрс нийлүүлэх талаар тодорхой мэдээлэл алга.

Гэрээний “7.12-д Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж олон нийтэд мэдээлнэ” гэсэн заалтын хэрэгжилт ч бас хэрэгжихгүй байгаа.
Мөн 14 дүгээр зүйлд “Орон нутгийн хөгжлийг дэмжих” зүйлийн 14,2-т “Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хоол хүнс, хувцас, автобус болон жижиг машины түрээсийн үйлчилгээ, харуул хамгаалалт, гурилан бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн болон бусад бараа, ажил үйлчилгээний 50-аас доошгүй хувийг орон нутгийн аж ахуй нэгжүүдээр гүйцэтгүүлэх замаар орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжин чадавхжуулах чиглэлээр талууд хамтран ажиллана...” гэсэн заалтын хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байгаа юм. 2015 онд МоЭнКо ХХК 1,5 сая тонн нүүрсийг экспортод гаргах төлөвлөгөөтэй гэсэн боловч төлөвлөгөө, хэрэгжилт хоёр алд дэлмийн зөрүүтэй байна. МоЭнКо ХХК-ны зүгээс ирүүлсэн тойм мэдээлэлд “2014 оны 9 сараас 2015 оны 7 сарын эцэх хүртэл 4,273 сая шоо метр хөрс хуулж 1,215 сая тн нүүрс олборлосон” гэсэн баримт байгаа ч “Ховд Хөшөөт хөгжил” сангаас ийм хэмжээгээр нүүрс экспортлоогүй 2014 онд 18800тн, 2015 оны 7 сарын 30-ыг дуустал 187,500 тн нүүрс экспортлогдоод байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Хөшөөтийн гэрээ Ховдчуудад юу өгөв

Ховд аймаг бол төвөөс буюу нийслэлээс алслагдсан Монгол улсын томоохон аймгуудын нэг. Төвөөс алслагдсан гэдэг утгаараа хүн амын суурьшил, эдийн засгийн нөхцөл байдлаа бодсон ч тэр Ховд аймагт авч ашиглах, үр дүнг нь хүртэл ганц урдаа барих эдийн засгийн хөшүүргээ болгох зүйл бол Хөшөөтийн уурхайг иргэдэд ашигтай, үр дүнтэй ашиглах явдал юм. Тэрнээс биш тааралдсанаа сэндийчээд, байгаль орчин сүйтгээд явах явдал чухал бишээ.

“МоЭнКо” ХХК-ны хувьд 2009 оноос хойш Ховд аймагт үйл ажиллагаа явуулахдаа аймагт дараах зургаан төрлийн татварыг төлсөн байна. Үүнд: Авто тээврийн татвар, ус рашаан хэрэглэсний татвар, Хог хаягдлын татвар, Газар ашигласны татвар, Үл хөдлөх хөрөнгийн татвар, цалин хөлсний татвар, суутгагчын хувь гэх мэт. Тус компаний хувьд 2009 онд Ховд аймагт 55.498.511 төгрөгийн татвар, 2010 онд 573.534.867 төгрөг, 2011 онд 87.820.512 төгөг, 2012 онд 856.268.971 төгрөг, 2013 онд 154.276.327 төгрөг, 2014 онд 238.594.793 төгрөг, 2015 оны хагас жилийн байдлаар 147.352.041 төгрөгийн татварыг тус бүр Ховд аймгийн татварт төвлөрүүлжээ. 2015 оны хагас жилийн төлсөн татварын дүнг дэлгэрүүлж үзүүлбэл, автотээврийн татвар -22 сая, ус рашаан хэрэглэсний татвар 12 сая 593 мянга, Хог хаягдалын 41 мянга, газар ашигласны 6.440.200 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 22 сая 028 мянган төгрөг, цалин хөлсний 78 сая 567 мянган төгрөг, суутгагчын хувь 5 сая 546 мянган төгрөгийг тус тус орон нутгийн Татварын санд төвлөрүүлсэн байна. Харин МоЭнКо компани нь улсын төсөвт буюу Улаанбаатар хотод ААНОАТ болон НӨАТатвар төлдөг. Энэ бүхнээс үзэхэд 2012 онд хамгийн өндөр татвар буюу 856,2 сая төгрөгийн татвар төлсөн байх юм.

Мөн тус гэрээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр “14,5-д Компани орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2014 онд “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэх ба үүнд экспортлосон нүүрс 200,000 тн хүрсэн тохиолдолд 300 сая төгрөгийг, 500,000 тн хүрсэн тохиолдолд 300 сая төгрөгийг тус тус төвлөрүүлнэ” гэсэн заалт бий.

Гэрээний 14.6-д “2014 онд Хөшөөтийн уурхайгаас экспортлосон нүүрсний хэмжээ 100,000 тн хүрсэн үеэс эхлэн 1тн тутмаас 0,6 /60 цент/ ам.доллар, экспорт эхэлснээс хойш 9 дэх сараас эхлэн экспортлосон нүүрсний хэмжээ сар тутам 100,000 тн-оос давах тохиолдолд 1 тн тутмаас 1 ам долларыг Ховд Хөшөөт Хөгжил Санд тус тус төвлөрүүлж, орон нутгийн хөгжилд зарцуулна. Хэрэв тухайн сард экспортлосон нүүрсний хэмжээ 100,000 тн хүрээгүй бол 1 тн тутмаас 0,6 ам доллараар тооцож тус санд төлнө”.

Гэрээний 14.7-д 2015 онд “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг төвлөрүүлэх ба үүнд 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн экспортлосон нүүрс 500,000 тн хүрсэн тохиолдолд 500 сая төгрөгийг, 1,000,000 тн хүрсэн тохиолдолд 500 сая төгрөгийг тус тус төвлөрүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл он гарсаар 7 сар дуусталх хугацаанд тус компани 187,5 мянган тн нүүр экспорлосон гэсэн мэдээлэл ирүүлсэн юм. Одоо хүйтний улирал эхэлж, зам харгуй явахад бэрхшээлтэй болох тусам экспортонд гарах нүүрсний тоо хэмжээ багасна. Түүнийг дагаад гэрээнд тусгагдсан болзол биелэгдэх магадлал тун буурна гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ бүхнээс харахад Ховдчуудын хийж хэрэгжүүлж буй ажлын үнэлгээ, цалин хөлснөөс өөрөөр Ховд аймагт наалдах, үлдэх үйлдвэр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт энэ мэт замхарсаар гэрээний хугацаа дуусах тал ажиглагдаад байгаа юм. 2012 оноос өмнө экспортонд гарч буй нүүрсний тн тутмаас нэг ам.долларын хураамж аймагт ордог байсан нь 2014 оны гэрээгээр өөрчлөгдөж дээр дурдсанчилан алтан загасны эмгэний үлгэр шиг болзол тавьж биелэгдэх магадлалыг нь бүрхэгдүүлсэн юм. Тиймээс Ховдчууд юун тэр экспортолсон нүүрснээс ашиг хүртэх манатай болж байна.

Мөн түүнчлэн гэрээний 7.9-д Орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр Ховд Хөшөөт Хөгжил санд хөрөнгө оруулж, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих” гээд хэрэгжүүлбэл, иргэдэд наалдах цөөн хэдэн заалт байгаа ч тэдгээр нь хэрэгжихгүй байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхэд гол түлхэц үзүүлэх ёстой аймгийн ЗДТГазар гэрээний хэрэгжилтэд ямар нэгэн хяналт тавьж, олон нийтэд огт мэдээлээгүй.

Хөшөөтийн уурхайн Ховдчууд руу чиглэсэн гол урдаа барих цөөхөн хэдэн ажил буюу Ховдчуудад үзүүлж буй үр ашиг нь гуравхан зүйл байгаа юм. Нэгд, нүүрс тээвэрлэлтийн ажлыг Ховдын 5 компаниар гүйцэтгүүлж байгаа, хоёрт, Ховд Хөшөөт хөгжил санд төвлөрүүлж байгаа хэдэн төгрөг, гуравт, Жаргалант сумын төв Номингийн уулзвараас Бичигтийн пост хүртэлх 2,5 км замын хажуугийн ногоон байгууламж, гудамжны тохилжилтийн ажлын 30 сая төгрөгийн санхүүжилтийг хариуцсан гэх зэрэг. Үүнээс өөр гялайлгах юм үнэндээ алга. Нөгөө талаар олборлох уурхайн ил тод байдал гэдэг асуудал энэ компанид бүр хэрэгждэггүйг дурдах хэрэгтэй байх. Наанадаж л тус компаний гол мэдээллийн эх үүсвэр байх ёстой цахим мэдээллийн хэрэгсэл буюу www.moenco.mn сайтад хамгийн сүүлд байршуулсан мэдээлэл нь 2012 оны 8 сарын 16-нд байршуулсан мэдээлэл байна. Энэ бол тус аж ахуй нэгжийн мэдээллийн ил тод байдал гэдэг зүйл хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл юм. Уг нь энэ мэт томоохон уурхайг бид гадныханд ингэж үр ашиггүй ашиглуулж байгаа юм чинь дор хаяж аймагтаа эхний ээлжинд ганц ч болов дорвитойхон үйлдвэр бариулаад авсан бол эдийн засгийн хямралд өвдөг сөгдөж буй ажилгүй иргэдийнхээ нурууны ачааг бага багаар хөнгөлөх л байсан болов уу.

Ийнхүү хөшөөтийн асуудал иргэд, олон нийтийн анхаарлыг сулруулж, нэг талдаа илүү найр тавьж нэг талын эрх ашгийг илүүд үзсэн хэтэрхий тал зассан гэрээ батлагдаж хэрэгжээд нэг жил гаруйн нүүр үзэж байна. Гэтэл МоЭнКо ХХК-ны зүгээс гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа нь хөшүүн гэрээ гэхээс өөр юу гэлтэй.

  • Uurhai (182.160.33.157)
    Naad uurhaigaa jaahan nuursee gargah bolomjiig n olgoochei esvel naadah chin dampuurnshdee erguunuuder
    2016 оны 02 сарын 19 | Хариулах