“Өнөөгийн Баянхонгор” сонины Ерөнхий эрхлэгч,
Гавьяаны одонт, ган үзэгтэн сэтгүүлч
Пагвын Санаадавга Баруун бүсийн Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр Монголын хөгжилд томоохон байр сууртай
Баянхонгор аймаг говь, хангай, тал хээр хослосон гурван бүсийн нутагтай, улс даяараа говь хангайн цэнхэр орон хэмээн алдаршсан Баян нэрэндээ зохицсон байгалийн асар их нөөц баялагтай, алт эрдэнэс, ажилласаг түмний өлгий нутаг.
Тус аймаг байгалийн баялаг, бас тэгээд эвдэрч сүйтгэгдсэн газар нутгаараа улсын хэмжээнд толгой цохидог аймгуудын нэг яахын аргагүй мөнөөсөө мөн. Нөгөөтэйгүүр алт хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн тэр мөчөөс эхлэн алтны компаниуд, хувиараа ашигт малтмал олборлогчид, олны дунд “Нинжа” нэрээр алдаршсан гар аргаар алт олборлогчид борооны дараах мөөг шиг олширч Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Шинэжинст, Баян-Өндөр зэрэг олон газар нутагт алт олборлогчид тархан байрлаж “Шар юмтай” газар нутгийг хайр найргүй ухаж төнхчин, шүүр шанага шиг болгосны зэрэгцээ уул нуруу мэт овоолсон шороогоор дүүрч булаг шандын эх ундарга, бэлчээр нутгууд сүйтгэгдсэн нь нууц биш. Энэ ч утгаараа тус аймагт нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон талбай 2009 оны байдлаар нийт 720 га газарт хүрсэн нь улсын хэмжээнд хамгийн өндөрт тооцогдон хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж, нүдийг бүлтийлгэж байсан гашуун сургамж хөдөө орон нутгийн малчин иргэдийн зүрх сэтгэлд өнөөдрийг хүртэл эдгэрэхгүй шарх сорви үүсгэснийг буруутгах учиргүй.
Гэхдээ дээрх байдал өнөө хэвээр байв уу гэвэл бас үгүй. Жилээс жилд уул уурхайн компаниуд, ХАМО иргэдийн дунд ухамсрын хийгээд техник технологийн хувьд асар их ахиц дэвшил гарсныг үгүйсгэх аргагүй юм. Эндээс улбаалан нөхөн сэргээлт мэдэгдэхүйц сайжирч буй нь жил бүрийн нөхөн сэргээлтийн тоон үзүүлэлтээс тодорхой харагдаж байгаа юм. 2009 оны 720 гэдэг тоо 2014 онд 527.3 га газар болж тогтоогдсон нь яах аргагүй л нааштай үзүүлэлт, нөхөн сэргээлт дорвитой хийгдсэн бодит баримт юм. Ингээд алт тойрсон амьдралын талаар бичээд байвал он оны олон тоо баримтыг дурдаж болохоос гадна алдаж оносон олон зүйлийн мэдээлэл өвгөн сэтгүүлчид байдаг юм. 40 шахам жил үзэг цаас нийлүүлж, үзэг жолоодсон хүний хувьд алтанд сүйтгэгдсэн газруудын дүр зураг гэрэл зургаар баримтлагдсан түүхийг энд нурших нь илүүц байх. Алт дагасан амьдралын талаар олон арван нийтлэл сурвалжлагаар сонин сэтгүүлийн нүүр талбайг дүүргэж байсан хүний хувьд тодотгон тэмдэглэхэд алт олборлогчид оносноосоо алдсан нь илүү байж мэднэ. Харин энэхүү нийтлэлийнхээ сэдвийг арай өөр чиглэлд хандуулахыг зорьлоо. Энэ оны зургаан сард “Хөгжлийн төлөө сэтгүүл зүйн орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөөс орон нутгийн сэтгүүлчдэд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын талаар сэтгүүлч Н.Ариунтуяагаар ахлуулсан сургалтын баг Баянхонгор аймагт хоёр хоног дүүрэн ажилласан. Энэхүү сургалт нь баруун бүсийн аймгуудын сэтгүүлчдийн хүсэн хүлээж байсан сургалт байсныг ганц би биш тэнд оролцсон аймаг, аймгийн сэтгүүлчид хэлж байсан. Энэ сургалтаас хойш Баянхонгорын төдийгүй Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлох томоохон төслийг Баян-Өндөр суманд хэрэгжүүлэхээр зорьж яваа гадаадын хөрөнгө оруулалттай, олон улсад танигдсан хариуцлагатай уул уурхайн “Ти Би Эф Интернэшнл” группын “Эпидот” ХХК-ний үйл ажиллагаа хийгээд тэдэнд тулгарч байгаа бэрхшээл саад, төсөл хэрэгжснээр Монгол улсад цаашлаад Баянхонгор аймаг, Баян-Өндөр сумын хөгжилд ямархуу хэмжээний ач холбогдол үр дүнг авчрах, нөгөөтэйгүүр нутгийн иргэд ямархуу байдлаар хүлээн авч байгаа тухай аль нэг талыг барилгүй олон түмэнд тэнцвэртэй мэдээллийг хүргэх нь сэтгүүлч миний үүрэг хэмээн бодож энэхүү нийтлэлийг болсон үйл явдалд тулгуурлан, баримт сэлттэй хүргэхээр ийнхүү үзэг цаас нийлүүлэн суугаа минь энэ ээ…
Монгол улсын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох эсэхэд Баянхонгорынхон тийм гэж хэлэх үү
Монгол улсын Засгийн газар Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгохын тулд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Ти Би Эф Интернэшнл” группын охин компани болох “Эпидот” ХХК-тай бүтээн байгуулалтын гэрээ байгуулсан байдаг юм билээ. “Эпидот” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд байрладаг лицензит талбайд бий болох далд уурхайг түшиглэн цахилгаан станц барихаар бэлтгэл судалгааны ажлуудыг хийж эхэлсэн боловч сумын иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран үйл ажиллагаа нь зогсонги байдалд орчихоод байгаа. Энэхүү Баян-Өндөр сумын ард иргэдийн эсэргүүцлийг шийдвэрлэж тодорхой зөвшилцөлд хүргэхийн тул УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөл, “Эподит” ХХК-ний төлөөлөл тус компаний хүсэлтээр уул уурхай, эрчим хүч, усны нөөцөөр мэргэшсэн судлаач мэргэжилтнүүдийг оролцуулсан хамтарсан нээлттэй хэлэлцээрийг өрнүүлж, талууд өөрсдийн эрсдлийн тооцоолол, шийдвэрлэх арга зам, хэтийн төлөв, уул уурхайгаас хүлээгдэж буй талуудын ашгийн талаар нээлттэй ярилцсан юм.
Зарим эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд Аман голын ордын хүрэн нүүрс 100-200 метрийн газрын гүнд оршдог тул ил уурхайгаар бага зэрэг нээж далд уурхайн хэлбэрээр нүүрсээ олборлох юм байна. Далд уурхайн үйл ажиллагаа нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, газрыг их хэмжээгээр хөндөж ухдаггүй шилмэл сайн технологи аж. Газрын гүнээс олборлож гаргасан нүүрсээ одоогийн Таван толгойн уурхай шиг том том машинаар тээвэрлэж, улаан тоос босгож давхихгүй, конвероор тээвэрлэж цахилгаан станцруу хүргэх юм байна. Тус уурхайг түшиглэн баригдах станц нь хамгийн шилдэг технологи ашигласан, усаар бус салхиар хөргөдөг, хар утаа бус уур гаргадаг нь уг цахилгаан станцийн давуу тал юм. Улаанбаатар хот дахь III, IV цахилгаан станц бол усан хөргөлттэй учир ус ихээр зарцуулдаг. 50 жилийн өмнө баригдсан тул энэхүү станцтай харьцуулж ойлгох боломжгүй өрөөсгөл ойлголт юм. Дээрх уул уурхай эрчим хүчний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “Ти Би Эф Интернэшнл” группын болон “Эпидот” ХХК-ний хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах, шинэ сумын бүтээн байгуулалтад юу юу барихыг сумын ард иргэдтэй зөвшилцөж шийдэх нь илүү үр дүнтэй аж. Гэсэн хэдий ч тухайн сумын иргэд анхны хэлэлцээрээр өөрсдийн байр сууриасаа ухраагүй хэвээр байсаар дараагийн уулзалтыг Баян-Өндөр суманд олон зуун иргэдийг оролцуулсан уулзалт хэлэлцээр хийхээр товлосноор энэ удаагийн хэлэлцээр өндөрлөж байсан.
Баянхонгор суманд болсон хоёр дах хэлэлцээрээр ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй одоогийн байдлаар хоёр тал гацаанд байгаа.
Бид Монголын хуулийг чандлан биелүүлж ирсэн
Уншигч авхай танд “Эпидот” ХХК-ний гүйцэтгэх захирал Жэйсонгийн яриаг тодосгон хүргэе. Тэрээр хэлэхдээ: Бид Монголын хуулийг чандлан биелүүлж ирсэн. Бидний энэ удаагийн уулзалт бидэнд нүүр нүүрээ харж бидний өмнө тулгамдсан, зайлшгүй хамтдаа ярилцаж нэг тийш болгох ёстой зарчмын болон ойлголтын зөрүүтэй олон асуултад хариулж өгөх боломж гарсан. Нутгийн иргэд, малчдын санаа сэтгэлийн талаарх бүрэн дүүрэн төсөөлөлтэй болж авсан нь миний хувьд олзуурхууштай үйл явдал байлаа. Малчид маань хэдэн мянган жилээр энэ л нутаг усанд нутаглаж амьдарсан хүмүүс учраас яах аргагүй энэ нутгийнхаа төлөө санаа сэтгэлээ чилээж, байгаль орчноо хэрхэн цаашид онгон дагшнаар нь авч үлдэх вэ гэдэг дээр ихээхэн санаа зовж явдаг нь уулзалтаас тодорхой харагдаж байлаа.
Ялангуяа мал сүргээ бэлчээрлүүлэх газар, ундны усны нөөцийн асуудалд маш их санаа зовдог юм байна. Тиймээс бид энэ нутагт эдгээр хүмүүсийн уламжлал, итгэл үнэмшил, нутаг усаа гэх сэтгэлийг хүндэтгэн үзэж, өөрсдийн үйл ажиллагаа явуулах ёстой нь тодорхой харагдаж байна. Угаасаа бид энэ асуудлыг компаний үйл ажиллагаандаа өндөр байр суурьтайгаар авч үздэг нь хаа хаанаа ямар нэгэн сөрөг асуудал үүсгэхгүйгээр харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж болно гэсэн итгэл үнэмшлийг надад өгч байна. Миний хувьд Буддын шашинтай, уламжлалт ёс заншлыг ихээхэн хүндэтгэдэг. Тийм учраас нутгийн иргэдийн итгэл үнэмшил, хүсэл сонирхлыг хөндөхгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж болох арга замыг чухалчилна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны байгаль орчинд халгүй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд анхаарна. Бидний хувьд өндөр хариуцлага, ёс зүйг чухалчилдаг хариуцлагатай компани.
Бид энд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашиглана. Ингэснээр хүн, малд хөнөөлгүй, байгаль орчинд ээлтэй уул уурхайг төлөвшүүлнэ. Нөгөө талаар орон нутагтай байнгын хамтын ажиллагаатай байж сум орон нутгийн орчин үеийн жижиг хотхон болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулна. Сумын иргэдийн мэдлэг чадвар, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ. Эцсийн дүнд манай төсөл амжилттай хэрэгжсэнээр орон нутаг чадвахижсан, орчин үеийн шийдэлтэй болоод зогсохгүй малчдын хамгийн эхээр эмзэглэж буй байгаль орчны элэгдэл доройтолын асуудал ямар нэг байдлаар үүсэхгүй гэдгийг амлах байна.
Нэгдүгээрт: Хэрэв манай төслийн явцад иргэд болон байгаль орчинд сөрөг нөлөө бий болж тэр нь тодорхой болбол бид өөрсдийн үйл ажиллагаагаа шууд зогсоох болно. Энэ нь өөрөө бидний хариуцлагын нэг хэлбэр, үүргийн нэг хэмжүүр гэдгийг хариуцлагатайгаар тэмдэглэн хэлье.
Иргэд уул уурхайн асуудалд эмзэг хандаж байгааг ойлгож байна. Уул уурхай өөрөө өндөр хяналт, нарийн үйл ажиллагааг тухайн компаниас шаарддаг хариуцлага өндөртэй салбар. Өмнө нь олон газар уул уурхайн ашиглалтаас үүдэн гэмтэж, түүнийг дагаад иргэдийн амьдралд сөрөг нөлөө, хар толбо авчирсан талаар би сонссон. Тийм ч учраас бид уул уурхайг яаж явуулдаг юм бэ? гэдгийг нутгийн иргэдэд харуулах болно. Нөгөөтэйгүүр Монголчууд асар их баялагтай ард түмэн. Баялаг гэдэг чухамдаа юу юм бэ гэвэл хэн ч ашиглахгүй, хэзээ ч үр шимийг нь хүртэхгүй бол энэ зүгээр л нэг хийсвэр ойлголт юм. Чухамдаа зөв замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийг амьдрал дээр хүртэж байж сая баялаг болно. Баялагийн эзэн болно. Гэвч уул уурхайн буруу үйл ажиллагаа, хэт ашиг харсан хүн чанаргүй компаниудын буруутай үйл ажиллагаанаас болоод иргэдийн уул уурхайд хандах хандлага сөрөг болчихсон байна.
Бид үүнийг цаашид засахгүй юм бол сүүлийн жилүүдэд хэлэгдэх болсон баялагийн “хараал" гэдэг ойлголтод монголчууд нэрвэгдэнэ. Байгаа юмаа ашиглаж чаддаггүй, эсэргүүцдэг. Ашигласан ганц нэг нь ашиг хонжоо хайгчдын гараар ороод алга болдог. Ард нь газар нутгаа сэндийчүүлсэн иргэд, орон нутаг хоцордог. Өмнө явж ирсэн энэ жишиг хүмүүст уул уурхайн талаарх сөрөг хандлагыг бий болгочихсон хэрэг л дээ. Харин бидний хувьд энэ жишгийг эвдэж, итгэлцэл, ойлголцол, харилцан ашигтай, байгаль орчиндоо ээлтэй, нутгийн иргэдийн уламжлалт аж байдал, амьдралын хэв маягыг хадгалсан байдлаар үйл ажиллагаа явуулахыг санал болгож байна. Тийм ч учраас нутгийн иргэдтэй нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд удаа дараа уулзалт зохион байгуулж байгаа юм. Бидний сонирхол нь улс орноо хөгжүүлэх, эдийн засгийн хараат бус байдалд хүрэх, үр хойчдоо сайхан амьдралыг үлдээх гэсэн нэг цэг дээр нийлж байгаад эргэлзэхгүй байгаа. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайгаас орж ирж буй РОЯАЛТИЙН татварын 30 хувийг орон нутагт, арван хувийг суманд олгодог, тэр нь аймаг, сумын хөгжилд үр шимээ өгдөг байхаар шийдвэр гаргах гэж байна. Ийм орлого уул уурхайгаас ард иргэд нь хождог жишээ дэлхийн олон улсад бий.
Өнөөдөр Монгол Улс уул уурхайгаа хэрхэн зүй зохистой ашиглах вэ гэдэг зөв зам дээрээ ирсний илрэл нь Засгийн газрын энэхүү шийдвэр. Уул уурхайн компаниуд ч нутгийн иргэдтэй хамтран ажиллахыг эрхэмлэх болсон. Иргэдийн хяналт эргээд уул уурхайн компаниудад тусгалаа олдог боллоо. Энэ бол цаашид баялагтаа эзэн байх, бодитой баялагийг бий болгох гараа юм гэж ойлгож байна. Тиймээс одоо иргэд маань үл итгэсэн байдлаа түр азнаад чухамдаа бидний амьдралд, манай суманд, манай аймагт, Монгол Улсад, миний үр хүүхдэд ямар боломж, ашиг нээгдэж байна вэ гэдгийг илүү хараасай.
Нөгөөтэйгүүр манай хөдөөгийн иргэд мэдэж байгаа. Хэдхэн жилийн өмнө байнгын эрчим хүчгүйгээс үүдэж талх нарийн боов үйлдвэрлэх боломжгүй, мэдээлэл авах бололцоо мөхөс, оройн цагаар лааны гэрэлд амьдарч байсан. Адаглаад л байгалийн гэрэл алга болоход л хүний хөдөлмөрийн цаг тэр хэмжээгээрээ багасдаг байсан. Тэгвэл эрчим хүчний найдвартай, урт хугацааны эх үүсвэртэй болсноор хөдөөгийн хөгжил 24 цагийн турш тасралтгүй үргэлжилнэ л гэсэн үг, энгийнээр тайлбарлахад. Бидний ашиглахаар төлөвлөж буй уурхайн таамаг нөөц нь нэг тэрбум тонн хүрэн нүүрс байна. Харин бидний байгуулах цахилгаан станц энэхүү нүүрснээс жилдээ хэдхэн сая тонныг хэрэглэнэ.
Нэг жилд бидний үйлдвэрлэсэн эрчим хүчээр хэдэн тэрбумын үйлдвэрлэл, үйлчилгээг хангаад зогсохгүй, иргэдийн хөгжих, сурах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрэн хангана. Өөрөөр хэлбэл энд байгуулах бидний цахилгаан станцаар ойрын 300-гаад жилдээ тасралтгүй эрчим хүчээр хангагдана гэсэн үг. Харин 300 жилийн дараа шинжлэх ухаан нүурс хэрэглэхгүйгээр эрчим хүчээ хангах шинэ эх үүсвэрийг нээх бүрэн бололцоотойг эрдэмтэд нотолдог. Энэ чиглэлийн судалгаа ч хийгдэж байгаа. Тэгэхээр энэ ордыг ашиглах цаг хугацаа, үр шим нь энэ цаг үед л бүрэн байгаа бөгөөд эндээс хүртэх үр шимийг бид хүртэх хамгийн тохиромжтой цаг хугацаа нь энэ цаг үед л тохиогоод байна. Хэрвээ бид төслөө зогсоосноор бүх асуудал дуусчихгүй шүү дээ.
Өнөөдрийг хүртэл бидний оруулсан хөрөнгийн асуудал сөхөгдөнө. Дан ганц Баян-Өндөр сумын тухай асуудал биш. Бид Шанхайд Монголын Соёлын төвийг байгуулсан. Сайншандын аж үйлдвэрийн паркийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Таван саяар ган хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийсэн. Шинэ Улаанбаатар төслийн мастер төлөвлөгөөг гаргасан. 14 сая тонн нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-г мөн хийсэн. Тэгэхээр эдгээр ажлуудад хөрөнгө оруулсан тухай асуудал сөхөгдөөд зогсохгүй Монгол Улсын нэр хүнд олон улсын хүрээнд унах аюултай. Энэ нь аймагтаа, сумандаа ч сөрөг нөлөөллийг авчирна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд уналаа. Үүнийг дотооддоо ч, гадаад талаас ч гадны хөрөнгө оруулалт эрчимтэй буурсантай шууд холбон тайлбарлаж, өнөөдөр гадны хөрөнгө оруулалтыг татах тал дээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. Хэрэв манайх үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрвэл дараа дараагийн томоохон хөрөнгө оруулагчид монголд орж ирэхгүй байх магадлал өндөр. Энэ нь тэдэнд биш монголчуудад л ашиггүй.
Тухайлбал, манай хөрөнгө оруулагчдад Монгол Улсын бүхий л холбогдох хуулийг нарийн судалж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.Тухайлбал: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Эрчим хүчний тухай, Уул уурхайн тухай гэх мэт. Тодорхой хэлбэл бид Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүхий л хууль, эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумын удирдлагуудтай гэрээ хэлцлийн ард сууж, гарын үсгээ зуралцаад үйл ажиллагаа явуулж байна. Ийм байхад ямар нэг ТББ гарч ирээд үйл ажиллагаанд саад учруулж, улмаар үйл ажиллагаа зогсоох хэмжээнд хүргэнэ гэдгийг манай хөрөнгө оруулагчид ойлгохгүй.
Харин би ойлгож, өнөөдрийг хүртэл нэгдсэн нэг байр сууринд хүрэхийг эрмэлзэж байна. Аливаа асуудалд нэгдсэн нэг ойлголт заавал байдаг. Тэр цэгт хүрэхийн тулд бидэнд илүү цаг хугацаа хэрэгтэй бололтой. Тийм учраас хаа хаанаа чухам ямар ашиг тусын тухай, ямар ирээдүйн тухай яригдаж байгааг ойлгож, тунгаах цаг хугацааг хэн хэндээ өгөх нь зүйтэй байх. Миний хувьд монголчуудад, энэ газар нутагт хайртай. Хайртай гэхээр хүмүүс худлаа ярьж байна гэж бодож магадгүй. Хайртай байх шалтгаан надад бий. Миний амьдралыг Монгол, тэр дундаа Баянхонгор, Баянхонгорчууд аварсан түүх байдаг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж Монголчууд ярьдаг. Би Баянхонгорчуудын надад хүргэсэн сайхан сэтгэлийн хариуг барихын тулд энэ төслийг нутгийн иргэдтэй хамт цааш нь явуулахыг хүсч байна. Төслийн хүрээнд нутгийн хөгжил, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх санг байгуулах юм. Энэ сангийн хөрөнгө цэвэр байгаль орчныг сайжруулах, иргэдийн амьдралыг дэмжихэд зарцуулагдана.
Монголчууд алсын хараатай, уужуу сэтгэдэг ард түмэн. Ирээдүйнхээ төлеө өнөөдрийн саадыг давж, зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Надад та бүхний ач тусыг хариулах бололцоог ч олгоно гэж итгэж байна. Хэрэв бид нарийвчилсан судалгаагаа бүрэн дуусгаж чадвал өнөөдрийн төлөвлөсөн ажлуудаа илүү бодитоор хараад зогсохгүй, илүү зүйлсийг шинээр нэмж хийх, орон нутагт бий болгох боломжуудыг олж харж, хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Харин судалгаа шинжилгээний үр дүнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзвэл бид үйл ажиллагаагаа шууд зогсооно.
Хамгийн гол нь харилцан ойлголцож хаа хаанаа нэгдсэн нэг ойлголтод хүрэх ёстойг тэр илэн далангүй шуудхан хэлээд авсан юм.
Сэтгүүлч өгүүлэрүүн:Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Ти Би Эф” групп нь АНУ, Канад, Англи, Хятад, Австрали, Хонгконг зэрэг улсуудаас хөрөнгө оруулалт хийгддэг тэдгээр улсуудын төлөөлөл энэ группын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж тухайн шийдвэрийг гаргадаг байна. Учир иймээс Жэйсон захирал цаашдын үйл ажиллагаатай холбоотой ямар нэг шийдвэрийг бие дааж гаргадаггүй юм байна. “Ти Би Эф” групп 2012 оноос эхэлж Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд тэд Монголын хуулийг чандлан биелүүлж ирсэн гэж байна. Цаашдын ажлаа тэр дагуу явуулах нь дамжиггүй юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд авч үзвэл өнгөрсөн хугацаанд Монгол улсад тодорхой хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ талаас нь авч үзвэл тэд үйл ажиллагаа явуулах бүрэн үндэслэлтэй учраас цаашид төслийг үргэлжлүүлэх сонирхол байгаа нь ойлгомжтой. Энэхүү төслийн хүрээнд байгаль орчныг сайжруулж, ан амьтдыг нутагшуулсан, ундны усны хангамжийг сайжруулах боломжтой, тэр дагуу хийгдэх ажлууд нь ч тодорхой юм байна.
Үр дүн нь илэрхий нөхцөлд төслийг явуулахгүй байх, гацаанд оруулах нь нэг талаасаа Монгол улсын хийгээд Баянхонгорын тэр дундаа Баян-Өндөрийн хөгжил дэвшилд ихээхэн хор холбогдолтой ч байж мэдэш. Ийм учраас газрын доорх баярлага байгаль орчин, хүнд ямар нэгэн хор нөлөөгүй эдийн засгийн зөв эргэлтэд оруулаад Монгол улс, аймаг, орон нутаг хол тасархай хөгжөөд явах уу, аль эсвэл ирээдүй хойч үедээ үлдээж байна гээд хав даран суугаад нөгөө алтан дээр сандайлсан гуйлгачин хэвээр, бахь байдгаараа дараагийн зуунд шилжих үү гэдэг нь л өөрөө асуудлын гогцоо болоод байгаа юм. Нөгөөтэйгүүр Монгол улсын Засгийн газрын бодлого шийдвэр нутгийн цөөн иргэдийн үл ойлголцлын чөдөр тушаанд хүлээстэй байсаар хөгжлөөс хоцорхуу гэдэг нь бодох асуудал болоод байгаа юм. Мөн иргэдийн нутаг усаа юуны учир хайрлан хамгаалаад байна вэ гэдгийг ч бүр мөсөн үгүйсгэх аргагүй бас л бодох асуудлын нэг болоод байгаа. Тэгэхээр хоёр тал аль аль талынхаа эрсдлүүдийг зөв тооцож байж нэгдсэн нэг шийдэлд хүрч, гарах гарцаа зөв тодорхойлж хөгжилд хүрэх нь хамгийн чухал, хамгийн нийтлэг эрх ашиг бус уу…
Уул уурхайн үйл ажиллагааны хор урашгаар байгаль дэлхий ихээр сүйддэгийг Монголын малчид сүүлийн 10 гаруй жилийн дотор хангалттай мэдэрчихсэн. Хор холбогдлыг нь ч амсчихсан. Тиймээс энэ асуудалд их эмзэг, ул суурьтай, нухацтай хандаад байгааг үгүйсгэх аргагүй байх. Тийм ч учраас Баян-Өндөр сумын олон иргэд та бүхний үйл ажиллагаа хүн, байгаль орчинд хөнөөл багатай байж чадах уу гэж дахин дахин учир мэдэх хүмүүсээс асуугаад байна лээ.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Монголын Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа 2016 оноос алдагдахад хүрээд байгааг Монгол улсын Засгийн газар тооцож үзээд “Эпотид” ХХК-тай бүтээн байгуулалтын гэрээ байгуулсан юм билээ.
Нөгөө их анхаарал татаад байгаа асуудал гэвэл одоогийн Баян-Өндөр сумыг хангаж буй цахилгааны эх үүсвэр нь тийм ч найдвартай бу гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Найдвартай бус гэсэн үг. Цаашид яах вэ гэсэн бодлыг тээхэд хүргээд зогсохгүй. Гарах гарцаа тодорхойлоход зайлшгүй хүргэх гээд байна.
Уншигч та бүхний анхааралд эрчим хүчний Инженер Б.Эрдэнэбилэгийн яриаг бүрэн эхээр нь хүргэе:
МУЗГ эрчим хүчийг бусад уурхайд барихаар төлөвлөсөн. Таван толгойд станц барихаар товлосон. Гэхдээ зорилго нь өөр. Аж үйлдвэрийн бүсүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн юм. Энэ ажлууд хараахан эхлээгүй байна. Харин манай станцийн хувьд заавал яагаад Баян-Өндөрт барих гээд байгааг хэлье. Одоогийн Баянхонгорын эрчим хүч маш их алдагдалтай. Алдагдлаа нөхөхийн тулд эргээд татвар төлөгчдөөс мөнгө татаж байгаа юм. Өнөөдрийн энэ хэрэглэж байгаа цахилгааны эх үүсвэрийг 700 гаруй км-ийн цаанаас Эрдэнэтээс авч байгаа. Энэ хол зайд намд дамжин ирж байгаа алдагдлыг багасгахад манай энэ станц маш чухал. Өөрөөр хэлбэл тус суманд станц баригдсанаар алдагдал багасч эдийн засгийн маш өндөр үр ашигтай болно гэсэн үг.
Хэлэлцээрт оролцсон иргэдийн төлөөлөлүүд:
Зөвшөөрөхгүй байхад яагаад судалгааны ажил хийх, цахилгаан станц барина гээд байгаа юм бэ? Баян-Өндөр сумыг ямар ч хөгжилгүй мэтээр яриад байна. Бид улсынхаа аль ч сумдтай ижил түвшинд л явж байна шүү дээ. Ингэхэд бид чинь энэ улс орны нэг хэсэг мөн юм уу? үгүй юм уу? Бид нутаг усныхаа нийт ард түмнээ төлөөлөөд зөвшөөрөхгүй гэдэг ганцхан зүйлийг яриад байгаа шүү дээ.
Б.Эрдэнэбилэг:Бид хэн нэгний эрх ашгийг хамгаалах гэж ирээгүй. Дундын нэгдсэн ойлголтыг гаргахыг эрмэлзэж байна. Тус групп Англид төвтэй олон улсын байгууллага. Энэ тухай асуудал нийтдээ 9 жил яригдаад өнөөдрийг хүрсэн. Эхний хэдэн жилд хайгуул хийсний үр дүнд ажил 10 хувьд хүрчихээд байна. Та бүхэн газраа хөндүүлэхгүй шийдвэрээ гаргалаа гэж бодоход энэ хүмүүс оруулсан хөрөнгөө эргэж нэхэх болно. Зарцуулсан хөрөнгөөрөө 30 сая тонн нүүрсийг илэрүүлээд байна.
Нөгөө талдаа хайгуул хий гэдэг шийдвэрийг Монгол улсын Засгийн газар өгсөн байдаг. Одоогийн байдлаар Монгол улсын төвийн бүсийн эрчим хүч асуудалд орчихоод байна. Төвийн бүсийн хамгийн цаад цэг нь Баян-Өндөр сум учраас тус газарт зохицуулалт хийх үүднээс энэ компаний ажлыг төрөөс дэмжсэн. Лицензийн мөнгө ч жил бүр төлж байна. Энэ мэтээр хуулийн хүрээнд явж байсан ажлыг гэнэт зогсоочихвол эднийхэн гомдол гаргах эрхтэй. Бид сум орон нутгийг хөгжилгүй гэж хэлээгүй. Харин одоо байгаагаасаа илүү хөгжлийг хурдасгах, залуучууд, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг ямар хэмжээнд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх ёстой юм шүү гэдгийг зөвөөр ойлгоосой билээ. Хамгийн гол нь энэ станц баригдсанаар 3 сая хүний эрх ашгийн тухай асуудал хөндөгдөх учраас энэ талаар нутгийн иргэд та бүхэн том эрх ашгийн төлөө сэтгэх учиртай байх.
Бид дэлхийн жишигт хөл нийлүүлж гаднаас хараат бус байдалтай байхын тулд өөрсдийнхөө боломж бололцоог хүссэн хүсээгүй ашиглана. Тэгэхийн тулд дэлхийн стандартад нийцсэн өндөр технологи зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас энэ хүмүүс эдийн засгийн өндөр үр ашигтай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан станцийг барих гээд байгаа юм.
Иргэд:Манайд цахилгаан станцууд баригдсан. Одоо хэрнээ үр ашгаа өгөөгүй шүү дээ. Өмнө баригдсан станцууд үр ашгаа өгсөн шүү дээ. Тайширын усан цахилгаан станц тухайн орон нутгийнхаа уур амьсгалыг зөөлрүүлээд загас нь хүртэл өсч үржиж байна. Завхан, Говь-Алтай аймгийн ойролцоо сумдаа эрчим хүчээр хангаж байна. Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад орсноор гаднаас импортолдог байсан өндөр өртөгтэй эрчим хүчийг хэмнээд өнөөдөр 40 хүртэл хувиа дотоодоосоо хангаад явж байна. Тиймээс станц бидэнд өндөр үр ашигтай, эдийн засгийн ач холбогдолтой хэмээн хөдөлшгүй баримтуудыг сөхөж ярьсан юм.
Тиймээ газрын доорх баялагаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж үр өгөөжтэй ашиглаж гэмээнэ. Монголын сөхөрсөн эдийн засгийн нэгээхэн хэсэг нь хоромхон зуур сэргэж, хөгжил хурдасах нь дамжиггүй. Гаднаас хараат бус эрчим хүч Монголыг хөгжилд дуудаад байна уу гэлтэй. Ингэж байж бидний бие дааж хөгжих боломж нээгдэж биеэ даасан өндөр хөгжилтэй аймаг, сум, улс орон болох сайхан боломжийг “хэлээрээ” түлхэж боломгүй санагдана…
“Эпидот” ХХК-ний хуулийн зөвлөх О.Бямбасүрэн
Энэ үйлдвэрийг барих болсон гол шалтгаан бол Монгол улсын баруун бүсэд эрчим хүчний эх үүсвэр болсон ийм цахилгаан станц байдаггүй. Энэ байдал нь юунд хүргээд байна вэ гэвэл 2016 оноос эхлээд Монгол орны баруун бүс эрчим хүчний хязгаарлалт, доголдолд орохоор болсон нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Ийм учраас Монголын төр засаг “ТИ БИ ЭФ” группын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрийг барих шийдэлд хүрсэн юм билээ. Энэ үйлдвэр өөрөө маш өндөр хүчин чадалтай учраас зөвхөн баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр хангаад зогсохгүй, Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх тийм хүчин чадалтай үйлдвэр баригдах юм. Энэ компаний зүгээс ямар нөхцөлийг тавиад байна вэ гэхээр бид бол олон улсын нэр хүнд бүхий компани, бидний баригдах үйлдвэр байгаль орчин, малчин ардад сөрөг нөлөө үзүүлэхгүй, Ийм учир Баян-Өндөр сумын иргэд та бүхэн бидний судалгааны ажлыг үргэлжлүүлэх таатай боломжийг олгож өгөөчээ л гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Хамгийн гол нь бидний яриад байгаа уурхай өмнө нь Монгол улсад хийгдэж байгаагүй далд уурхай. Өндөр технологи гэж юу яриад байгаа вэ гэхлээр уурхайдаа биш. Тухайн байгаль орчиндоо, хүндээ, мал, ан амьтандаа, усныхаа нөөцөд, хүмүүсийн аж амьдралд муугаар нөлөөлөхгүй гэдэг чинь л өндөр технологи гэж Жэйсон захирал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид энэ асуудлыг шийдэхэд Монгол улс сүүлийн 60, 70 жилдээ өөрийн хөрөнгө оруулалтаар баруун бүсийг хангах хүчин чадал бүхий цахилгаан станц барих боломжгүй. Гэтэл баруун бүсийн бусад аймгуудад Баян-Өндөрийнх шиг нүүрсний орд байсан бол энэ компани үйлдвэрээ тэнд барих гээд явах байсан.
Энэ утгаар нь авч үзэх юм бол Баян-Өндөр сумынхан маш их азтай хүмүүс. Энд үйлдвэр баригдахын давуу тал гэвэл та бүхэн маш бага өртөгтэй эрчим хүч хэрэглэх боломж нээгдэх юм. Мөн дээрээс нь Баянхонгор аймгийн хэмжээнд байнгын орлогын их үүсвэртэй болно. Монгол улсын ерөнхий сайд, ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 30 хувийг орон нутагт нь өгнө гэж хэлсэн. Ингэснээр тухайн орон нутаг байнгын тогтмол орлогын эх үүсвэртэй болно гэсэн үг. Энэхүү орлогын эх үүсвэрээрээ бол зам барьж болно. Ер нь бидэнд юу дутагдаад байгаа юм, юу дутагдсаны үндсэн дээрээ хотруу шилжээд байгаа юм энэ бүгдийг нөхөх санхүүгийн боломжийн эрх нөлөөтэй болох юм.
Энэ компаний өөр нэг санал болгоод байгаа зүйл бол байгаль орчин, хүн ардын амьдралд ээлтэй үйлдвэрээс гадна Цэцэрлэг, Сургууль, Эмнэлгийг бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ямар нэг үнэ төлбөргүйгээр байгуулж өгье. Тиймээс та бүхэн энэ боломжийг битгий алдаачээ гэсэн саналыг тавиад байгаа. Миний бодлоор тус суманд болсон уулзалт хэлэлцээр мэдээлэл дутмагаас болоод ийм татгалзсан байдлаар өндөрлөв үү гэж бодож байна.
Өөр нэг асуудал бол хуулинд тухайн байгууллагын гаргасан зардлыг орон нутгаас нь гаргана гэсэн заалт байгаа. Хэрэв энэ компаний төсөл ингээд зогсох юм бол Баянхонгор аймаг маш өндөр хэмжээний төлбөрт унах хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ асуудлыг аймгийн удирдлага ард иргэдтэйгээ ярилцаад энэ төслийг хэрэгжүүлбэл ийм ач холбогдолтой юм байна. Хэрэгжүүлэхгүй бол ийм байдалд хүрэх юм байна гэдгээ хоорондоо маш сайн ярилцаасай гэж бодож байна. Хуульч хүний хувьд хэлэхэд энэ компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж ирсэн учраас төрийн зүгээс ч юмуу ямар нэгэн дарамт шахалт байхгүй байгаа. Тэгэхээр энэ компаний үйл ажиллагаанд Баян-Өндөр сумын хэсэг хүмүүсийн буруу зөрүү ойлголтоос болж сааталтын байдалд хүрээд байгаа гэдгийг шууд хэлье. Бие биенээ дэмжээд маш сайн ойлголцоод явбал Монголчууд бид илүү их үр дүнд хүрнээ л гэдгийг хэлэх байна. Баянхонгор аймаг, Баян-Өндөр сумын энэ сайхан ирээдүйг битгий ийм өнгөц сэтгэлийн хөөрлөөр "хотондоо" сэтгээчээ гэж хүсмээр байна. Наад захын жишээ дурдахад Баянхонгор аймгийн иргэд утаагүй амьдрах боломж нээгдэнэ. Тэгэхээр Баянхонгорчуудаа цөөн хэдэн хүний ташаа ойлголтоос болж ийм сайхан холыг харсан хөгжлийн боломжоо битгий алдаачээ гэдгийг хэлмээр байна.
Б.Сэмжин: “Эпидот” ХХК-ний зөвлөх, Эрдэм шинжилгээний ажилтан
Энэ нутагт би 2 дах удаагаа ирж байна. 2002 оны зудны маш хүнд үед ирж байсан. Тухайн үед зуд болсон, малчид малгүй болсон хүнд үе байлаа. Гэхдээ тэр үед байгалийн гамшиг тохиосон байсан хэдий ч яг л өөр гариг дээр байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Байгаль цаг уур 10 жилээр өөрчлөгдөж явдаг. Эхний 10 жил хур бороо муутай, гандуу байдаг бол дараагийн 10 жил хур бороо ихтэй усждаг үе байдаг. Ойрын энэ 10 жил бол усжих жилүүд явж байна.
Би байгаль, усны чиглэлээр ажилладаг хүн. Энэ төсөл хэрэгжиж эхлэхээр яригдах үед нэг талаараа энэ нь баруун бүсийг бүхлээр нь дулааны эрчим хүчээр хангах сайн талтай. Энэ нь танай нутагт төдийгүй Монгол Улсад ашигтай. Үүнийг дагаад хөгжил бий болно. Суманд ч мөн сайн талууд их бий. Гэхдээ мэдээж нэн тэргүүний асуудал бол усны асуудал байгаа. Манай орон цэвэр усны хомсдолтой. Далайн түвшнээс хэт өргөгдсөн хуурай ширүүн уур амьсгалтай онцлог нутаг. Тиймээс бид усаа хэрхэн хамгаалах, цаашлаад яаж ашигтай байдлаар хэрэглэх талаар бодох хэрэгтэй.
Төсөл хэрэгжих газар Шарбулаг болон нэр нь тодорхой бус байгаа хоёр булаг байгаа. Мөн Хүслэнтийн гол байгаа. Тэр 3 булаг нь 0,5-1,5 метр секундын усны ундаргатай. Тэр хэсэгт байгаа булаг, гол нь манай говийнхний усны хэрэгцээг хангаж байгаа ганц эх үүсвэр. Булаг шандны усыг тохижуулснаар ус арвижих уу гэвэл арвижина. Дундговь аймагт бид булаг усны судалгааг хийх гээд барсангүй. 1950-иад онд хийсэн судалгаагаар тус аймагт унданд хэрэглэх боломжтой 140-өөд булаг шанд байна гэсэн тооцоо гарсан. Дараа нь шат дараатайгаар усны тооллогыг хийхэд тоо нь зөрүүтэй байсан. Үүнийгээ бид тайлбарлаж чадахгүй нөхцөлд хүрчихсэн. Тиймээс булаг шандыг тохижуулж ашигласны 90 хувь нь усаа тасралтгүй өгч байгаа учраас булаг шандыг тохижуулах нь чухал.
Гэхдээ манай малчин өрхүүд нэг газраа усаа дагаад бөөгнөрөөд амьдардаггүй. Нүүдэллэж суурьшдаг. Тэгэхээр өөр бусад газруудын усны нөөц ундарга хэр байгааг судлах хэрэгтэй болно. 1950-1970 он хүртэл малчдын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үүднээс ажиллаж байсан. Тухайн үед 3000 гаруй худаг гаргахын тулд хайгуулын ажил хийж бэлчээрийн нөөцийг тогтоож худаг гаргасан. Тухайн үед зөвхөн Монголд зориулсан эргүүлдэг худгийн насос зохион бүтээгээд Оросод үйлдвэр байгуулж байсан. Харин 1990 оноос хойш энэ ажил зогсож худгууд эвдэрч үгүй болж эхэлсэн. Тиймээс говь гэлтгүй хангай газар ч усны асуудал хүнд байдалд орсон. Тиймээс цаашид судалгаа сайн хийх хэрэгтэй. Ямар ч судалгаа хийхгүйгээр дураараа ямар нэг ажил эхлээд дараа нь малчин ард иргэдэд хүнд байдал үүсдэг. Тэр тусмаа усны тал дээр сайн судалгаа хийх хэрэгтэй гэж байв.
Иргэд юу өгүүлэв
Сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.НямдоржЮуны өмнө энэ уулзалтаас сайн үр дүн гарах байх гэж найдаж байгаагаа илэрхийлье. Та нарын ажил бичиг цаас байдаг бол малчин бидэнд ус, бэлчээр хэрэгтэй. Малчид ямар их хөдөлмөрч хүмүүс байдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр малчдыг бүдүүлэг гэж хэлж болохгүй. Хамгийн захын суманд ч гэсэн телевизрээр мэдээлэл авч, угаалгын машин, хөргөгч гээд хотынхоны хэрэглэдэг бүхнийг хэрэглэж байна. Тиймээс хөдөөний хүмүүст ч хөгжил байгаа. Бид малаа маллаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж чадаж байна. Манай Шар булгийг хангайн хүмүүс хараад шалбааг л гэх байх. Бидэндээ тэр чинь амьдрал тэтгэгч гол мөрөн шүү дээ. Та бүхний яриад байгаа цахилгаан станц маш бага ус хэрэглэх юм байна. Гэхдээ л усны тэр хагалбар газарт ийм төсөл хэрэгжүүлэх нь буруу. Бэлчээрийн даац гэдэг бол маш чухал асуудал. Манай хумүүсийн эсэргүүцээд байгаа гол асуудал л энэ. Уул уурхай сүйтгэж л байдгаас ашигтай байсан түүх өнөөдөр алга. Тиймээс ус маань ширгээд алга болбол амьд бүхэн үгүй болно. Тиймээс эрс эсэргүүцэж байгаагаа хэлмээр байна.
Баян-Өндөр сумын малчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Самдан
Манай сумын баруун урд тал нь улсын тусгай хамгаалалттай. Ургамлын үндэс таранг. Баян-Өндөрийн төв, Гичгэнийн нуруу, Өвөр бэл, одоо уурхай ажиллах гэж байгаа нутаг бол зун, намартаа малаа бэлчээж тарга тэвээрэг авахуулдаг нутаг. Ийм учраас бид энэ нутгаа уурхайн үйл ажиллагаанаас үүдэн сүйтгүүлж, бэлчээргүй болмооргүй байна. Ус гэдэг өөрөө алт, зэс, нүүрснээс илүү үнэ цэнтэй.
Ар булгийн гол Гичгэнийн өвөр бэлээс авч доошоо урууддаг. Хэрэв уурхай ашиглаад эхэлбэл усгүй болчихно. Дээрээс нь бидний эртнээс шүтэн тахиж ирсэн тахилгатай уул овоо их бий. Өвгөдийнхөө ясыг тавьдаг газар маань ч бий. Гичгэнийн нуруу гэдэг бол Алтайн нурууны төгсгөл, манай нутгийнхны амин чухал газар байтал уул уурхай ухах гээд байна. Бидний өвөг дээдэс эртнээс хайрлан хамгаалж амьдарч ирсэн хүмүүс. Бид ч бас амьдарч байна, бидний үр хүүхэд бас амьдарна.
Мал маллахаас өөр ажил хийж чадахгүй хүмүүс. Хэрэв уул уурхай ашиглагдаад эхэлбэл бид малаа бэлчээх газаргүй болж, миний харж байгаагаар төв газар бараадах байх. Тэндээ очоод ажилгүй, мэргэжилгүй хүмүүс шууд гудамжинд гарна шүү дээ. Ард түмний амьдралыг ширээний ард сууж лиценз гэдэг цаасаар шийдэж болохгүй. Тэгэхээр шийдвэр гаргадаг хүмүүс нь энэхүү шийдвэрээ эргэн харж, цуцлахыг хүсч байна. Төрийн толгойд байгаа Ерөнхийлөгчид хандаж хэлэх үг байна. Энэ эх орон газар шороо чинь амьтай юм шүү дээ. Хүний биеийн арьсыг яраад махыг нь аваад судас шөрмөсийг нь тасдаад байвал тэр хүн тун удахгүй үхэж, мөхнө биз дээ. Энэ байгаль дэлхий чинь үүнтэй яг адилхан шүү дээ. Бид ийм зүйлийг хүсэхгүй байна. Монгол хүн малаа маллаж, малынхаа ашиг шимээр амьдардаг хүмүүс. Энэ компанийн хүмүүс та бүхэн хэрвээ энэ лицензээ буцааж үйл ажиллагаагаа зогсоохгүй бол иргэдийн асар их эсэргүүцэлтэй тулгарах болно. Та бүхэн манай нутгаар явж, хүн ардтай нь нэг бүрчлэн уулзаад үзээрэй. Энэ газар шороо бол манай өвөг дээдсийн бид бүхэнд энд амьдар гэж өвлүүлж үлдээсэн өмч юм шүү дээ. Түүнээс биш хэн нэг дарга, эрх мэдэлтний цаасаар бусдад дамладаг хөрөнгө биш. Хэрвээ та бүхний амьдардаг орон сууцыг чинь нураагаад доогуур нь ухая гэвэл хэн нь ч эсэргүүцэж таарна. Үүнтэй утга нэг гэдгийг анхааралдаа аваарай.
Б.Наранцэцэг хувиараа хөдөлмөр эрхлэгч
Улс орны эрх ашиг гэж яриад энд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг огт авч хэлэлцэхгүй байна. Бид манай газар дээр ирээд хайгуул хийгээд өгөөч гэж гуйгаагүй. Нэгэнт энэ компани үйл ажиллагаа явуулаагүйнхээ төлөө хохирлоо нэхвэл тэр гарын үсэг зурж, ашигла гэж дур мэдсэн хүн нь төлөх ёстой. Бид ашиглахыг битгий хэл хайгуул хийхийг ч эсэргүүцэж байна. Одоо хайгуул хийсэн та нарын өрөмдлөгийн нүх бүрээс нь ус гараад, бүр овойгоод хөлдчихсөн. Та нар нийт талбайдаа бүрэн хайгуул хийсний дараа бүр усгүй болно. Та нар булаг хувингаар ус авчирч цутгадаггүй л юм бол сэргээд ундраад байна гэсэн ямар ч боломж байхгүй. Байгаль дэлхий л хур бороогоо хайрлахгүй цагт хэцүүднэ. Дээрээс нь өрөмдөөд хамаг усны амийг нь таслачихаар бүр л хэцүүднэ.
Эднийх сүүлийн есөн жил манай суманд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэж байна. Сүүлийн хоёр жилд та бүхний явуулсан хайгуулын үйл ажиллагааны үр дүнд 20 гаруй мал цооногт унаж үхсэн. Гадаадын хүмүүс малчин хүнийг тариаланч хүнтэй жишиж үзэх байх. Тариаланч хүн газартайгаа хэрхэн ханддаг вэ тэр бүхэн бол малчдын л адил сэтгэл юм шүү дээ. Тиймээс малчид бид тайван амьдрах боломж нөхцлийг нь бүрдүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн үйл ажиллагаа явуулаад эхэлбэл бид бас нэг тийшээ нүүх хэрэгтэй болно. Тэнд нь бас л нэг малчны эрх ашиг хөндөгдөнө. Бэлчээр ус дутагдана шүү дээ. Монголын төр малчдын амьдрапыг үнэхээр авч хэлэлцэхгүй байгаад харамсч байна. Бид энэ төрөөс нэхсэн зүйл юу ч байхгүй шүү дээ.
Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Туваандорж
Манай сумын Гичгэнэ хайрхан гэдэг уул усныхаа талаар ярья. Говь-Алтай аймгийн хэд хэдэн сум, манай аймгийн хэд хэдэн сумын усны хагалбар газар нутаг. Сүүлийн 30 жилийн дотор дэлхийн цаг уурын дулаарлын үүднээс усны ундарга доошилж, бэлчээр доройтсон. Ийм нөхцөлд Гичгэнэ уулын усны нөөц маш чухал. Гэтэл та бүхний үйл ажиллагаа явуулах гэж байгаа газар нь тухайн усны хагалбар, төв цэг нь юм. Дулааны цахилгаан станцыг хөргөхийн тулд маш их хэмжээний усыг зарцуулдаг юм билээ. Ийм байхад одоо станц барьчихвал Гичгэнийн нурууны усны
ундарга доошилж, цаашдаа бидний амьдралын амь тасарна. Дан ганц манай сумынхны асуудал биш. Хил залгаа аймаг, манай аймгийн нийлсэн дөрвөн сумын иргэд, ан амьтны хувь заяаны асуудал. Монголчууд томоохон уурхайгаа эдийн засгийн эргэлтэд оруулж амжаагүй, чадаагүй байна. Тэгэхэд манай энд хязгаар нутагт чимх усны маань ундарга дээр та бүхэн станц байгуулаад хөгжүүлчихгүй байх гэж бодож байна. Хэдийгээр бидний хөгжил удаашралтай явагдаж байгаа ч гэсэн бидэнд өөрсдийн нөөц бололцоогоор хөгжих бүрэн боломж байгаа гэж харж байгаа. Харин усгүйгээр амьдрах боломж огт байхгүй. Тэгээд ч манай уламжлалт мал аж ахуй өөрөө дэлхийд хаа ч байхгүй өвөрмөц иргэншлийн хэсэг шүү дээ. Ийм учраас энэ нь өөрөө эдийн засгаа хөгжүүлэх үндэс.
Манай аймгийн Богд сумын нутагт байх Орог нуурын ус тасарсан. Тэр үед лам хуваргууд Богд хайрханы орой дээр ном хураад Орог нуурын маань ус цэлэлзсэн. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголчууд бид байгаль дэлхийгээ өрөмдөх нь битгий хэл ганц гадас шаахдаа ч аргадаж гуйж ирсэн ард түмэн. Ингэж байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдарч ирснийхээ ачаар өнөөдрийг хүртэл болоод л ирлээ.
Би Монголд ямар ч шашныг хорьсон үед өсч хүмүүжсэн хүн. Тэгээд 90-ээд оны ардчиллын үеэр байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах нь чухал гэдгийг ухамсарлаж байдаг. Бид газар шороогоо хөндөхийн тулд өөрсдийн шүтлэг, итгэл үнэмшилдээ тулгуурлан аргадан гуйж байж хөнддөг учиртай. Тийм ч учраас эзэн савдагтай газруудаа хөндүүлэхгүй. Тиймээс та бүхэн ямар нэг үйл ажиллагаа явуулахаар бол нутгийн иргэдтэй уулзаж ярилцаад энд л болох юм байна гэсний дагуу бид байгаль дэлхийгээ аргадаж гуйж болох юм.
Сумын ИХ-ын төлөөлөгч, малчин А.Дундулам:
Манай аймаг, сумын удирдлагууд мэдээллийг хаалттай болгож, бүрхэгдүүлсэн нь өнөөдрийн асуудлыг үүсгэсэн. Баян-Өндөр сумын 2800 гаруй хүнийг төлөөлж бидний 10 хүн өөрсдийн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэлцлийн ширээний ард байр сууриа хамгаалж суулаа. Манай сум, орон нутгийн удирдлагууд “Эпидот” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах, ямар шийдвэр гаргасан талаараа тодорхой мэдээллийг ч өгөөгүй. Өнгөрсөн оны аравдугаар сарын 06-нд “Эпидот” ХХК-ний гүйцэтгэх захирал Жэйсон манай суманд ирж мэдээлэл хийснээс хойш сумынхан бужигнаж эхэлсэн. Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө буюу тухайн сарынхаа 02-ны өдөр тухайн орд газрыг тусгай хэрэгцээнээс хасчихсан байсан.
Энэ яг юу болов гээд лавлахаар төр, дээрээс шийдвэр гаргаж, үүрэг өгсний дагуу гарын үсэг зурсан гэж орон нутгийн удирдлагууд тайлбар өгдөг. Аймагт өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд манай сумын иргэдийн 80 гаруй хувь нь эсэргүүцэж гарын үсгээ зурсан бичгийг өгсөн юм. Зургаан хүн алтан амиараа эх нутгаа хамгаална гэж тэр бичигт тусгасан байсан юм шүү. Тийм учраас ард иргэд төр нь иргэнийхээ төлөө бус гадны компанийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргалаа гэдэг дээр бид эсэргүүцээд байгаа юм. Энэ талаар “Эпидот” ХХК-нийхан сонсоод газар дээр нь очиж, нутгийн иргэдтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Эдгээр хүмүүсийн буруу ч гэж юу байхав. Гол нь аймаг, сумын удирдлагууд бүх мэдээллийг хаалттай болгож, бүрхэгдүүлсэн учраас иргэд бид цочролд орчихоод байгаа юм.
Өмнө нь аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан очиж манай сумын хуралд суугаад уур амьсгалыг биеэрээ мэдэрсэн хүний хувьд мэдэж байгаа байх. Ер нь иргэдийг төлөөлж, эх нутаг, ард олныхоо төлөө ажиллана гэж амлалт өгч сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн гэдэг хүнийг би хувьдаа гайхаж байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудалд анхаарал хандуулсангүй. Өнөөдрийг хүртэл манай суманд ажиллаж иргэдтэй уулзсангүй.
Баян-Өндөрийн иргэд цахилгаан станцийн талаар ийм л байр суурийг хатуу илэрхийлээд байгаа. Дараагийн уулзалт Баян-Өндөр суманд болоход миний бие бас л оролцлоо. Сумын Соёлын төв төв хөдөөгийн иргэдээр пиг дүүрсэн байлаа. Энэхүү уулзалтад “Эпидот” ХХК-ний гүйцэтгэх захирал Жэйсон, нарын удирдах түвшний төлөөл, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие төлөөлөгч, УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос бүрдсэн ажлын хэсгийнхэн оролцлоо.
Энэ удаад “Эпидот” ХХК-ний тайлантай танилцах авч иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч тэд компанийхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч амжаагүй юм.
Хэлэлцээрийг зохион байгуулагчийн зүгээс аль аль талын тэнцвэртэй мэдээллийг сонсох шаардлага тавьсан хэдий ч сумын иргэдийн санал бодол илт давамгайлж байв. Харин энэ уулзалтад сум орон нутгийн удирдлагууд оролцож байр сууриа илэрхийлж иргэдийн асуултуудад тодорхой хариултуудыг өгч байсан юм. Уулзалтын эхэнд “Эпидот” ХХК-ний гүйцэтгэх захирал Жэйсон Баян-Өндөр сумынханд хандаж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллахаа илэрхийлэв. Хэрэв “Эпидот” ХХК-ний үйл ажиллагаанаас болж орон нутгийн хүн ам, байгаль орчин, мал сүрэгт ямар нэг сөрөг нөлөө бий болсон нь батлагдсан тохиолдолд өөрсдийн үйл ажиллагаагаа шууд зогсоохоо нутгийн иргэдийн эмх замбараагүй их эсэргүүцэл дор хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Баян-Өндөр суманд өрнөсөн талуудын хэлэлцээр бас л талаар болж тодорхой шийдэл, үр дүнд хүрэлгүй сумын иргэдийн ширүүн эсэргүүцэл дор өндөрлөсөн юм. Цаашид Монгол улсын Засгийн газар л эцсийн шийдвэрийг гаргах л үлдлээ. Уг нь энэхүү төсөл Монголын хөгжилд ашигтай юу гэвэл яахын аргагүй ашигтай. Хэрхэхийг Монголын төр засгийн оновчтой шийдвэр л харуулах байх…