Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Шинэ Бондын роудшоуд мордоно

Чингис бондыг зарцуулсан төмөр замын төслийн Гэрээг Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, холбогдуулан зарим хүнийг сэжигтнээр хорьсон энэ үед шинэ бонд гаргах асуудал ид яригдаж байна.

Шинэ бонд гаргах роудшоуд Засгийн газар, Монголбанкны төлөөлөгчид энэ сард мордох бололтой. Эдийн засагт нэмэлт санхүүжилт босгохгүй бол ирэх жил ам. доллартай харьцах төгрөгийн ханш жолоогүй унах магадлалтай байгаа тул юуны түрүүнд валютын нөөцөө барьж тогтоохын тулд шинэ бондын эх үүсвэр нэн чухал болжээ.

2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр УИХ 52-р тогтоолоо гарган, Засгийн газарт үнэт цаас гарахыг зөвшөөрсөн. Улмаар Засгийн газар 1.5 тэрбум ам. долларын бондыг олон улсын захад 5-10 жилийн хугацаатайгаар тус тус 4-5% хүүтэй гаргасан. Энэхүү санхүүжилт орж ирснээр Монголбанкны валютын нөөцийг зузаатган, ханшийг хэсэгтээ тогтоосон билээ.

Тэгвэл энэ удаа Засгийн газарт УИХ-аас 52-р тогтоолоороо зөвшөөрсөн 5 тэрбум ам. долларын зарим хэсэгт шинэ бонд гаргахаар ийнхүү хөрөнгө оруулагчидтай цуврал уулзалтад мордох аж. Одоо гаргах бондын хэмжээг эх сурвалжууд янз бүрээр хэлж байна. Чингис бондын роудшоу 2012 онд аян сар илүү үргэлжилж, бага хүүтэй санхүүжилт босгосон “морьтон баатрууд” хэвлэлүүдээр ярилцлага өгч баяр ёслол шахуу болсон удаатай.

Харин энэ удаагийн аян Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан мэдээтэй зэргэцэн эхлэх нь. Засгийн газрын бондын хүү 8-9%-иас өндөр болж мэднэ гэсэн таамаг байна. Хэдийгээр “эдийн засгаа өөдрөгөөр харж байна, өсөх эдийн засагт шинэ эх үүсвэр чухал” гэхчлэн манай удирдагчид ярилцлага өгч байгаа боловч өмнөх бондын зарцуулалт буруу гараар орсон байж мэдэх Цагдаагийн шалгалт ид явж буй үед шинэ бондын аян эхлэх нь. Он гаргаад бонд босгож чадна гэж эх сурвалжууд өгүүлж байна. Гэвч шинэ бондыг үргэлжилсэн их өрийн гогцоо гэж олонх иргэн үзэж байна.

  • Зочин (103.57.94.63)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 10 | Хариулах