Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Залуу геологичид өрсөлдлөө

Сурвалжилсан Г.Идэрхангай

Монголын геологичдын дунд хоёр жил тутамд ажил мэргэжлийн уралдаан болдог уламжлалтай. Энэ жил уг уралдааныг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудаас товлоод байсан ч газар хол, дээрээс нь компаниудын санхүүгийн боломж бололцооноос шалтгаалан  Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тогосын голын хөндийн Хар толгойн энгэрийг сонгожээ.



Аравдугаар сарын 14-ний нар ээсэн намрын налгар өдөр Хар толгойн энгэрт  гурван үеийн геологчид цуглан, майхан саваа босгож, уралдаанд өрсөлдөх багуудаа хэдийнэ бэлтгэсэн байлаа. Геологийн алба үүсч хөгжсөний 76 жилийн ойг угтаж хэд хэдэн томоохон ажил зохион байгуулж буйн нэг нь геологийн ажил мэргэжлийн уралдаан.

Өмнөх өдөр нь “Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц” сэдэвтэй 100 гаруй хүнийг хамарсан хээрийн аялал болсон юм. “ Энэ бүсийн геологийн тогтцыг манай геологчид  судлаагүй. Аяллын явцад геологийн зураглалын чиглэлээр ажиллаж буй залуу, дунд үеийн геологичид  их зүйл ойлгож мэдсэн байх” хэмээн  ахмад геологич,  эрдэмтэн доктор Г.Ээнжин гуай ярилаа.

Богд уулыг Монгол-Зөвлөлтийн олон эрдэмтэн маш олон талаас нь судалжээ. Гэсэн хэдий ч геологийн чиглэлээр нарийвчилсан судалгаа хийгдээгүй учраас Г.Ээнжин гуай 2006-2009 онд “Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцийн тогтоц” сэдэвт суурь судалгааны ажлын удирдагчаар ажилласан байна. Уг судалгаагаар Богд ууланд хагарал үүссэнийг олж тогтоожээ. 

Тэрээр “Эрдэмтэн хүний хувьд судалгааны шинэлэг үр дүн гаргаж ирсэндээ олзуурхдаг. Судалгаа хийх явцад Манзуширийн хийдийн баруун өмнөд тал, Зуунмод хотын баруун хойд талаар тархсан карбоны террирен хурдас нь зүүн хойш суналттай, зүүн урагш 45-60 градусын уналттай, нэг чиглэлийн изоклинал атриа үүсгэснийг олсон. Богд уулын зүүн урд талын Баян уулаас баруун хойш Шар хөвийн дөрөлжийг дайрч гарсан том хагарал байна. Үүнийг бид Богд уулын гол хагарал гэж үзэж байгаа” хэмээн  оонирхолтой яриа дэлгэв. 

Ажил мэргэжлийн уралдаанд “Геологийн судалгааны төв”, “Гурван талст”, “Судалт мана”, “Эрээн чулуу”, “Найман бат”, “Жинст уул”, “Монголын зүрх сэтгэл” болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль зэрэг зураглал, ерөнхий эрлийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагын нийт 11 баг оролцож, хүчтэй өрсөлдлөө.   

Багууд 3 километрийн талбайд дөрвөн цагийн дотор 1:50.000-ны маршрут зохиож, зураглалаа хийн, чулуулгын дээжүүдээ авчрах даалгавартайгаар тус тусын машиндаа   сууж яаравчлан хөдөллөө. Үд дундын хэрд багууд тусгайлан бэлтгэсэн талбайд дээж чулуунуудаа өрж тавьсан юм.


1970-аад онд энэ районд эрдэмтэд геологийн зураглал хийж, тайлан гаргаад далайн хурдас суурь чулуулаг ихтэй, нэг үгээр хэлбэл 400 гаруй сая жилийн тэртээд далай байсныг нотолжээ. Дэлхийн цөмд байдаг чулуулаг газрын гадарга дээр гарч ирсэн нь энэ аж.
“Хөгшин хувирмал, танигдахгүй болчихсон чулуулагтай учраас манай залуу геологчдод  хүнддээд байх шиг байна. Ажил мэргэжлийн уралдаан явуулж байгаа энэ газар хүүхдүүдийн хувьд тийм ч оновчтой биш санагдлаа” хэмээн  Монгол улсын хоёр дахь “Алдарт геологич”-оор тодорсон Ш.Лхүндэв гуай  ярилаа.

Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд,  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  багш, доктор, профессор Д.Чулуун, Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Г.Ээнжин, Ашигт малтмалын газрын  Эрдэс баялгийн судалгааны хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нар уралдааны Шүүгчээр ажиллав.

Шүүгчид ойролцоо оноотой багуудыг дүгнэхэд хүндрэлтэй байсныг дурдаад геологийн анхдагч баримт бүрдлийн чанар, гүйцэд бүрдүүлсэн байдал, тодруулж хэлбэл  геологийн маршрут, зураглал,  чулуулгийн дээж зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр геологийн  шилдэг компаниудыг  шалгаруулсан юм.

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд геологийн зураглалын ажил хийж байгаа “Судалт мана” компани тэргүүн байрыг хүртэж, цом алтан медалийн эзэн болсон бол удаах байруудад “Жи Жи Ай Эс”  ХХК, Геологийн судалгааны төв шалгарч, “Гурван талст” компанийн баг  тусгай байранд орлоо. 

Мөн тэмцээнд оролцсон геологчдыг “Шилдэг залуу геологич”, “Өсөх ирээдүйтэй залуу геологич”, “Ирээдүйн залуу халаа” зэрэг номинациар шалгаруулав. 





“Геологчийн чухал багаж бол нүд, өсгөгч  шил, луужин, алх. Алхаар чулууг хагалж үздэг. Чулуу өгөршилтэй бол гадна талаас нь эрдсийг таних хэцүү. Тиймээс хагалж үзээд, өсгөгч шилээрээ харна. Тухайн чулуу ямар нөхцөлд үүсч, хувирав гэдгийг геологич таних ёстой.  Чулууны найрлага, нас хоёрыг ангилж зурсныг л геологийн зураг гээд байгаа юм” хэмээн   Алдарт геологич Ш.Лхүндэв гуай уралдааны төгсгөлд сонирхолтой яриа дэлгэсэн юм.

                            
“Судалт мана” ХХК-ийн геологич Д.Өгөөдэй:

Би 2012 оноос тус компанид 1:50.000-ны масштабтай геологийн зураглал зохиох ажлыг хийж байна. Энэ удаагийн геологийн ажил мэргэжлийн уралдаанд оролцохын өмнө тухайн районд хээрийн экскурс хийх явцдаа ерөнхий ойлголт авсан байсан. Геологийн зураг зохиох, хээрийн тэмдэглэл хөтлөх, дүгнэлт бичих зэрэгт амжилт гаргалаа. Хугацаа давчуу байсан. Дөрвөн цагийн дотор гурван километрийн маршрут хийнэ гэдэг амаргүй. Манай компани нэгдүгээр байр эзэлсэнд баяртай байна.