Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалт боллоо

Уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining journal-ын дэргэдэх Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийн дэмжлэгтэйгээр дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдсан юм.

Блю Скай цамхагийн  Даймонд танхимд өчигдөр төслийн Нэгдсэн уулзалт болж, Хойд, Баруун, Өмнөд бүсийн нийт 52 сэтгүүлч хамрагдлаа. Mongolian Mining journal-ын эрхлэгч Л.Болормаа нэгдсэн уулзалтыг  нээж үг хэлсний дараа Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нар   мэдээлэл хийлээ.

Нөөц ашигласны төлбөрийн хуваарилалт орон  нутагт хэрхэн хийгдэх вэ, Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц, ямар үндэслэлээр орон нутагт татгалзах эрхтэй вэ зэрэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тодорхой асуултад хариулт өгсөн юм.

Монгол улсын сайд М.Энхсайхан “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” сэдвээр   лекц уншсан нь нэгдсэн уулзалтыг улам ч  сонирхолтой болгов.

Тэрээр “Улс орнуудын өрийг худалдаж авдаг  тусгай сангуудыг “Тасын сан” гэж нэрлэдэг, ийм сангуудыг оруулж ирэхгүйн тулд өрөө төлөх боломжтой цорын ганц салбарынхаа засаглалыг сайжруулах хэрэгтэй” гэлээ.  Баялгаасаа хурааж хуримтлуулах санг “Зовох цагийн сан” гэж нэрлэх санааг тэрээр мөн  дэвшүүлсэн юм.

Үнэ нь хэзээ яаж өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй савлагаатай уул уурхайн зах зээл дээр тогтож үлдэх аргыг нэг бүрчлэн зааж өгсөн “Байгалийн нөөцийн харти”-г орчуулсан гэсэн мэдээг илтгэгч уулзалтын үеэр дуулгалаа.

Нэгдсэн уулзалтын дараагийн хэсэг “Орон нутгийн мэдээллийн сүлжээ төсөл хэрэгжсэн байдал” сэдвээр өрнөж,   Mongolian Mining journal-ын Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа уралдаанд ирүүлсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлагын төрлөөр,  сэтгүүлийн  дэргэдэх “Хөгжил” ТВ студийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ телевизийн нэвтрүүлгүүдэд хийсэн мэргэжлийн арга зүй, анхаарах зүйлсийн талаар анализ дүгнэлтээ танилцуулсан юм. 

 Уулзалтын үдээс хойшхи арга хэмжээ “Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн шагнал гардуулах Ёслол”-оор үргэлжлэв.

Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарласан Уралдааны дүнгээр “Ховдын толь” сонин, “Олон ястаны телевиз”-ийн сэтгүүлч Ж.Саруул “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан хөшүүн гэрээний хэрэгжилт” нийтлэл, “Нөхөн сэргээлтийг олборлолт хийх замаар зардлыг нь гаргуулж хийлгэх нь хэр үр дүнтэй вэ” нэвтрүүлгээрээ  Тэргүүн байрын  шагнал хүртлээ.  Мөн шалгаруулалтад идэвхитэй оролцож, бүтээлээ ирүүлсэн  “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва, “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч Н.Оюумаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал ТВ”-ийн сэтгүүлч Ц.Ундармаа, Орхон аймгийн Эрдэнэт хотын  www.erdenettimes.mn сайтын сэтгүүүлч Л.Ганцолмон, Орхон аймгийн УЭС телевизийн сэтгүүлч Б.Гантуяа, Төв аймгийн ТВS телевизийн сэтгүүлч Ж.Хонгорбаатар, Ц.Ууганбаатар нар “МMJ” сэтгүүлийн зүгээс урамшуулал хүртлээ.

Түүнчлэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ“ төслийн Хойд, Баруун бүсийн сургалтыг идэвхитэй дэмжиж ажилласан редакциудын шагналыг “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва, “Миний Монгол” телевиз, радиогийн сэтгүүлч Д.Туул нарт олгов.

Нэгдсэн уулзалтын дараагийн сонирхолтой хэсэг  МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхмийн дэд профессор, доктор Л.Наранбаатарын “Орчин үеийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: Шинэ сорилт ба шийдэл” сэдвээр үргэлжилсэн юм.  Хөгжлийн сэтгүүл зүйн үүсэл, хөгжил, зарчмын талаархи сонирхолтой жишээ баримттай түүний илтгэл орон нутгийн хэвлэл мэдээллийнхны анхаарлыг ихээр татаж байлаа.  

Үүний дараа “Бороо гоулд” ХХК-ийн Байгаль орчны инженер Г.Мөнхжин “Бороогийн уурхайн нөхөн сэргээлт” сэдвээр,  ОҮИТБС-ын  Ажлын албаны менежер Б.Дэлгэрмаа  “Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын явц, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм.

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг дэмжин оролцож байгаа  Германы олон улсын хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэд захирал О.Батболд   “Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл” төслийн талаар  мөн  сонирхолтой илтгэл тавьж,  сэтгүүлчдийн  асуултад хариулсан юм.

Нэгдсэн уулзалт орон нутгийн сэтгүүлчдээс гадна төвийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачид олноор оролцож, чөлөөт уулзалт өрнүүлэв.     

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалтын талаарх сурвалжлагыг Mongolian Mining journal-д дэлгэрэнгүй нийтлэгдэнэ.  



Г.Идэр