Аж үйлдвэрийн гол металуудын нэг зэсийн үнэ 11 дүгээр сар гарсаар эрчимтэй буураад байна. Сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5100 гаруй ам.доллартай байсан бол өчигдрийн байдлаар 4860 ам.доллар болтлоо буураад байгаа юм. Ийнхүү эрчимтэй буурч буйн шалтгаан нь хүрэн металын нийт эрэлтийн 45%-ийг дангаараа бүрдүүлдэг Хятадын эдийн засгийн үзүүлэлт тааруу байгаатай холбоотойг шинжээчид тайлбарлаж байна.
Өчигдөр Хятадын Төв банк үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлтийн (fixed asset investment) үзүүлэлт оны эхний 10 сарын байдлаар 10,2%-тай гарсныг зарласан бөгөөд энэ нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доогуур дүн ажээ. Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт тун тааруу байгаа нь үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт саарахад голлон нөлөөлжээ. Уг мэдээлэл цацагдсанаар цаашид Хятад улсын зэсийн эрэлт сулхан байх таамаглал хөрөнгө оруулагчдын дунд давамгайлж, улмаар үнэ буураад байна. Дээр нь Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт, экспортын дүн тааруухан гарсан нь зэсийн үнийн бууралтыг нөхцөлдүүлжээ.
Цаашдаа Хятадын эдийн засгийн
үзүүлэлт сайнгүй байх аваас зэсийн үнэ нэмж буурах тухайд банк санхүү, олон
улсын зах зээл шинжилгээний байгууллагууд санал нэгтэй байгаа юм.
Б.Төгс