МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаагаас Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний талаар тодрууллаа.
Г.Идэрхангай
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний төсөлд МУУҮА ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ? Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг төлөөлсөн байгууллагын хувьд тодорхой саналууд байгаа байх?
Энэ загвар гэрээний төсөлд нэг л санал байна. Зарим улсад хуульчилсан, зарим улсад нь сайн дураараа байж байдаг нийгмийн хариуцлагын асуудлууд энд хөндөгдөж байгаа. Монголд сайн дураар хэрэгждэг юм гэж байдаггүй. Байлаа ч тааруухан. Тийм учраас 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд гурван чухал асуудлыг, тодруулж хэлбэл “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж хуульчилсан.
Загвар гэрээний төслийг хуулийн яг энэ хүрээнд л хийх ёстойг заагаад өгчихсөн байна. Бусдыг нь нэмэлтээр харилцан тохиролцох байдлаар тусгаж болно. Зарчмын ийм л зүйл загвар гэрээнээс харагдаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д Орон нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулна гэсэн. Харин Загвар гэрээнд аймаг болон сумын аль түвшинд байгуулахыг тодорхой заагаагүй нь зөв үү?
Орон нутгийн засаг захиргаа гэдэг нь аймаг, сум, багийн захиргааг хэлнэ гээд биччихсэн, Дээд шүүхийн тайлбартай заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Үүнээс өөр тайлбар бичих арга байхгүй. Тэгэхээр засаг захиргааны аль түвшинтэй нь гэрээ байгуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Загвар гэрээний хавсралтаас гадна Хамтын ажиллагааны хороо, Хамтран ажиллах хорооны журам гэж байгаа. Энэ журмыг зөвлөмж маягаар дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Нээлттэй байдлыг л бий болгох ёстой. Мэдээж энэ нь орон нутгийн иргэдийн оролцоог хангаснаар л биелнэ.
Аймаг, сум, багийн алинтай нь гэрээ байгуулах юм бэ гэдэг асуудал орон нутагт гардаг. “МоЭнКо” компанийн Хөшөөтийн уурхай баг, сум, аймагтай нэг удаа гэрээ байгуулж үзсэн. Сүүлд нь нийлүүлээд аймагтай байгуулж байсан юм.
Орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт дээр иргэдийн саналыг тусгаж, шийдвэрлэх асуудлыг Хамтын ажиллагааны хороо хариуцаж ажиллах юм байна. Хараат бус, санаачилгатай ажиллах ёстой энэ бүтцийг Та хэрхэн харж байна вэ?
Хорооны бүрэлдэхүүн ямар үе шаттай ажиллах вэ гэдгийг нарийн зөвлөмж маягаар, шаардлагаар гэрээний хавсралтаар оруулж өгсөн нь дээр. Баг хуралдаад ямар асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаагаа тэмдэглэл хөтөлж бичээд, үүнийгээ суман дээр өргөтгөж тусгаад, аймаг руугаа явдаг үе шат байх хэрэгтэй. Тэгэхээр баг, сум, шаардлагатай бол аймаг дээр Хамтын ажиллагааны хороо байгуулж, санал санаачилгыг нь гэрээний хавсралтад тусгаад хэрэгжүүлдэг механизм чухал.
Олон улсын “Хоган Ловеллс” хуулийн фирм загвар гэрээний төслийг өндөр түвшинд бэлтгэн гаргасан ч Монголын хөрсөнд буугаагүй зүйлүүд нэлээд ажиглагдаж байгаа. Уул уурхайн яамны зүгээс төслийг хэмжээний хувьд товч болгох хэрэгтэй гэсэнтэй Та санал нийлэх үү?
Энэ гэрээ хамрах хүрээ, агуулга, эрхзүйн талаасаа сайн болж. Гэхдээ үндэстэн дамнасан корпорациуд, томоохон компаниудад таарч тохирсон Загвар гэрээ болжээ гэж бид үзэж байна. Ийм том компани Монголд хэд байгаа билээ. Хэтэрхий том гэрээ цөөхөн хүрээнд, нээлттэй биш байдлаар л хэрэгжинэ.
Жижиг, дунд компаниудаа яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Орон нутгийн нүүрсний олон уурхай бий. Тэд ийм гэрээ байгуулж чадах уу? Ийм болгоомжлол том компаниудад гэхээсээ илүү жижиг, дунд компаниудад байна. Тэдний санхүүгийн нөөц, бололцоо хэр билээ гэдгийг бодох хэрэгтэй. Гэрээний хүрэх үр дүн чухал.
Уул уурхайн яамны Бодлогын зөвлөлөөр загвар гэрээний төслийг авч хэлэлцэх юм билээ. Том, жижиг компаниудаа оролцуулаад хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй байна. Хэлэлцэхгүй бол муу хэрэгждэг гэрээ болж гарч ирнэ.
“Гэрээ нь Орд ашиглах гэрээний салшгүй хэсэг болно. Гэрээний заалтууд болон Орд ашиглах гэрээ хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Гэрээний нөхцөлүүдийг дагаж мөрдөнө” гэсэн заалт загвар гэрээнд байна. Үүнийг зарим аж ахуйн нэгж сайн ойлгохгүй байх шиг?
Ашигт малтмалын тухай хуульд нэг ийм хачин гэмээр заалт бий. Орд ашиглах гэрээг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордыг эзэмшиж байгаа компанитай байгуулахаар заасан байдаг. Энэ ямар гэрээ вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. 2006 оны Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш ийм гэрээ байгуулсан компани байхгүй. Тийм болохоор Орд ашиглах гэрээ ямар хэлбэрээр гарч ирэх юм, энэ нь Орон нутагтай хамтран ажиллах гэрээтэй яаж уялдах вэ гэдгийг харах хэрэгтэй.