Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан зүйлийг орон нутгийн гэрээнд давхар оруулах шаардлагагүй

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь:

Hogan Lovells олон улсын хуулийн фирмийн боловсруулсан Уул уурхайн компаниудын орон нутагтай хамтран ажиллах Загвар гэрээтэй танилцсан байх. Ерөнхий агуулга, хамрах асуудлын цар хүрээний хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
Загвар гэрээний төсөлтэй танилцлаа. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт учирдаг олон талын асуудлыг шийдвэрлэхийг зорьсон нь илт харагдаж байна. Тухайлбал, орон нутгийн эдийн засгийн асуудал, нутгийн иргэдийн тухайн төсөлд оролцох боломж, байгаль орчны асуудал, соёлын өвийг хамгаалах зэрэг олон зүйлээр уул уурхайн компанийн хүлээх үүргийг тодорхойлсон байна лээ. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байна. Хууль тогтоомжоор компани нэгэнт хүлээсэн үүргүүдийг орон нутагтай байгуулах гэрээнд давхар үүрэг болгож оруулж өгөх нь учир дутагдалтай санагдсан. Орон нутагтай гэрээ байгуулахаас үл хамааран заавал мөрдөх ёстой хууль, дүрмүүд байгаа шүү дээ. Тухайлбал байгаль орчныг хамгаалах асуудал байна. 

Уул уурхайн компани болон орон нутгийн хоорондын харилцаанд үүсдэг, хамтын ажиллагаанд анхаарах ёстой асуудлууд Загвар гэрээнд бүрэн тусч чадсан уу? Зохицуулалтгүй үлдсэн асуудал байна уу?
Гол асуудлууд туссан гэж үзэж байгаа. Харин ч зарим асуудлыг, тухайлбал хууль тогтоомжоор, эсвэл Засгийн газартай байгуулсан бусад гэрээний хүрээнд зохицуулагддаг асуудлыг гэрээний төслөөс хасах нь зөв байх. Түүнчлэн гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч буй зардал нь тухайн компанийн татвар ногдох орлогоос хасагдахгүй байх зохицуулалтыг хууль тогтоомжид нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэй санагдсан.

Гадны хуулийн фирмийн боловсруулсан Загвар гэрээ Монголын хөрсөн дээр хэр буух бол? Орон нутаг болон аж ахуйн нэгжүүд энэ загвараар гэрээ байгуулахад хүндрэлтэй юу? Нөгөө талаар ийм нүсэр гэрээ байгуулах, хэлэлцээр хийх чадавх орон нутагт, тэр тусмаа сумдад хэр байгаа бол?
Монголд 1800 гаруй компани лиценз эзэмшдэг гэсэн тоо байдаг. Тэдгээрийн үйл ажиллагаа мэдээж өөр өөр түвшинд байгаа. Тиймээс гэрээг хялбаршуулах, тохиролцох асуудлыг багасгах нь зөв байх. Ялангуяа хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан зүйлийг орон нутгийн гэрээнд давхар оруулж өгөх шаардлагагүйг дээр хэлсэн.

Түүнчлэн үйл ажиллагаа явуулахдаа компанийн зүгээс заавал хийх ёстой асуудлууд, тухайлбал нөлөөнд автсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох зэрэг асуудлыг заавал орон нутгийн гэрээгээр шийдвэрлэх шаардлагагүй юм.
Харин гэрээ байгуулахад орон нутгийн зүгээс бэлтгэлтэй байх, хэлэлцээ хийх чадавхиа дээшлүүлэх, иргэдийн оролцоотой хяналт тавих зэрэг асуудалд нэгдсэн журмаар анхаарч, тодорхой ажлуудыг хийх ёстой.

Гэрээг сумтай байгуулах уу, аймагтай байгуулах уу гэдэг бүрхэг байгаа. Таны бодлоор алинтай нь байгуулах нь илүү үр дүнтэй байх бол?
Миний бодлоор энэ асуудлыг тодорхой хэмжээнд нээлттэй үлдээх нь зөв байх. “Оюутолгой” мэтийн томоохон компанийн хувьд сум, аймагтай гэрээ байгуулж болохыг энэ онд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээнээс харж болохоор байна. Харин жижиг, дунд компанийн хувьд сумын удирдлагатай гэрээ байгуулах нь илүү зохимжтой. Учир нь тухайн суманд уул уурхайн үйл ажиллагааны нөлөө илүүтэйгээр тусна шүү дээ.

Мөн нэг анхаарах зүйл нь аймаг ч тэр, сум ч тэр төрийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үүргээ уул уурхайн компаниудад хэт даатгаж, орон нутгийн гэрээнээс хэт хамааралтай болох нь алсдаа оновчгүй бодлого байх болно.

Зарим хуулийн хязгаарлалтын улмаас орон нутгийн Хөгжлийн санд шууд хөрөнгө оруулалт хийх механизм үгүй болж байна. Тэгвэл компани орон нутгийн санд мөнгөн хэлбэрээр шууд хөрөнгө оруулахгүйгээр орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааг ямар арга замаар хэрэгжүүлэх вэ? Ямар гарцууд байж болох вэ?
Ер нь компани орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй гэж ойлгож байгаа. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр хандив өгч болохоор байгаа. Нөгөө талаас, төрийн байгууллагад, тэр тусмаа төрийн захиргааны байгууллагад хандив тусламж өгөх нь зохимжгүй зүйл. Харин орон нутагт ажиллаж буй төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлээд явахад болохгүй зүйл байхгүй. Гагцхүү ийм дэмжлэг үзүүлэхдээ ил тод байдлыг дээд зэргээр хангах ёстой.

Гэрээний хэрэгжилтийг хянах бололцоо иргэдэд байх ёстой. Тэр боломжийг Загвар гэрээнээс олж харав уу?  
Гэрээний төсөлд ил тод байдлыг хангах заалт орж өгсөн нь сайшаалтай. Цаашид их олон гэрээ байгуулагдах магадлалтай тул гэрээний ил тод байдлыг хангаж, нэгдсэн сан үүсгэж, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг иргэдийн оролцоотойгоор өрнүүлэх нь аль аль талдаа их чухал. Гэрээгээ дүгнэж, иргэдтэй хийх нээлттэй уулзалтуудыг компани, төрийн байгууллага хамтран хийж байх шаардлагатай. Иймэрхүү уулзалт ярилцлага хийдэг туршлага сүүлийн жилүүдэд олон газар бий болж байна шүү дээ.

Гэрээг хянах, биелэлтийг үнэлэх, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог компанийн 2, Засаг даргын тамгын газрын 2, Засаг даргаас томилсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 2 гишүүн бүрдүүлнэ гэжээ. Эндээс 6 гишүүний 4-ийг Засаг дарга томилохоор харагдаж байна. Энэ нь зөв төлөөлөл мөн үү? Ялангуяа орон нутгийн иргэдийг төлөөлөхүйц тал байж чадах уу? Иргэний нийгмийн төлөөллийг  Засаг дарга томилох байдлаар төсөлд тусгасныг Та юу гэж үзэж байна вэ?

Ер нь Засаг дарга иргэдийг төлөөлж чадах эсэх нь амьдрал дээр эргэлзээтэй асуудал. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажилд илүүтэйгээр оролцуулах хэрэгтэй юм. Мөн иргэний нийгмийн оролцоог хангах нь чухал. Ингэхдээ хэнийг тус хороонд оруулах нь иргэний нийгмийнхний өөрсдөө шийдэх асуудал байх ёстой. Өөрсдөө хуралдаад нээлттэй сонголт хийгээд явах нь илүү зохимжтой. Түүнчлэн иргэний нийгэм нэрийн дор бүх төрийн бус байгууллагыг оруулах эсэхийг ч шийдэх ёстой.

Ер нь орон нутагтай харилцах харилцааг гэрээгээр стандарт тогтоож загварчлах нь зөв үү? Гэрээний эрх чөлөө байх ёстой юу?
Стандарт гэдэг нь хамгийн наад захын тавигдах шаардлагыг тусгасан баримт байх ёстой байх. Нөгөө талаас хууль тогтоомж, Засгийн газартай байгуулсан гэрээний зохицуулалтыг орон нутагт нэмж зохицуулах шаардлагагүй юм. Орон нутгийн хувьд гэрээ байгуулах чадвараа сайжруулах ёстой. Орон нутаг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас компаниуд байгаль орчин, нийгмийн хариуцлага, хөдөлмөр эрхлэлт зэрэгтэй холбоотой үүрэг хариуцлагаас зайлсхийх нөхцөл үүсгэж болохгүй. Цаашилбал, нутгийн иргэд тухайн төсөлд ямар нэг байдлаар саад хийх, шүүмжлэх зэргийг хориглосон заалтуудыг өнөөдөр байгуулагдсан зарим гэрээнд тусгасан байдаг. Энэ бол байж болохгүй зүйл юм.  

  • Зочин (122.201.22.178)
    засаглалтайгаа тонил найз аа
    2016 оны 08 сарын 12 | Хариулах