2015 оны 10 дугаар сарын 22-нд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар Японы талтай “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан юм.
Санамж бичгийг ажил хэрэг болгох, дээрх төслийн ТЭЗҮ-ийг энэ ондоо багтаан хийж, улмаар 2016 оны хавар төмөр замын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Монголд ажиллаж байгаа юм.
Төлөөлөгчид Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт орших Шивээ-Овоо, Цагаансуварга, Оюутолгой, Тавантолгой, Мушгиа худаг зэрэг уул уурхайн орд газрууд болон шинэ төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.