Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Газрын тосны үнэ “газардсаны” учир



Э.Оджаргал

Дэлхийн зах зээл дэх газрын тосны  өндөр үнэ хамгийн сүүлд 2014 оны 7 дугаар сард тэмдэглэгджээ. Тухайн үед Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байлаа. Харин энэ үнэ ердөө дөрвөн сарын хугацаанд 60 ам.доллар хүртэл буурч, өнөөг хүртэл өсөөгүй хэвээр байна. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Brent маркийн газрын тос 50.94 ам.доллар байна.

Өнөөдөр дэлхий нийт Сири дэх цэрэг дайны үймээн олон улсын газрын тосны үнэд хэрхэн нөлөөлөхөд анхаарлаа хандуулаад буй. 2014 оны 6 дугаар сард алан хядагчдын “Исламын улс” бүлэглэл Ирак, Сири улсын тодорхой газар нутгийг эзэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тус бүлэглэлийн хяналтаа тогтоогоод буй газар нутагт газрын тосны ихээхэн нөөцтэй хэд хэдэн орд багтдаг. Эдгээр ордоос 1 баррель газрын тосыг 25 ам.доллараар үнэлж худалдахдаа өдөрт 1 сая ам.долларын орлого олж байна. Эндээс Турк, Иран газрын тос худалдан авч байгаа ажээ. Оросууд Сирид цэргийн ажиллагаа явуулж, алан хядагчдын үйл ажиллагааг таслан зогсоож чадах юм бол дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 150 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлэгчид бий. Гэхдээ олонх шинжээчдийн үзэж байгаагаар Сири улс хамгийн оргил үедээ өдөрт 400 мянган баррель газрын тос экспортолж байсан учир дэлхийн “хар алт”-ны үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэх.       

Зах зээл дэх газрын тосны үнэ буурахад нөлөөлж байгаа нэг шалтгаан нь Иран улсад үзүүлсэн олон улсын хоригийг цуцлах асуудал юм. 2012 он хүртэл тус улс дэлхийн газрын тосны зах зээлд 2.5 сая баррель бүтээгдэхүүн нийлүүлж байв. Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаас үүдэн Иран улсад АНУ болон Европын холбооны зүгээс эдийн засаг, санхүүгийн хориг тавьснаар газрын тосны экспортын хэмжээгээ 1 сая баррель болгон бууруулсан байдаг. Харин өнгөрөгч 7 дугаар сард цөмийн хөтөлбөрийн асуудлаар баруунтай тохиролцоонд хүрч, хоригийг цуцлах гэрээ үзэглэснээ Иран улс ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Тус улсын хориг цуцлагдсанаар 2016 онд газрын тосны дундаж үнэ 10 ам.доллар хүртэл буурах магадлалтай хэмээн Дэлхийн банкнаас таамаглал дэвшүүлжээ. Гэхдээ хориг хараахан цуцлагдаагүй ч газрын тосны үнэ буурахад нөлөө үзүүлсээр байгаа юм.

Исламын ертөнцийн хамгийн нөлөө бүхий энэ улс 150 гаруй тэрбум баррель газрын тосны нөөцөөрөө дэлхийд 3 дугаарт ордог. Дэлхийн газрын тосны зах зээл дэх байр сууриа эргүүлэн олж авахын тулд хориг бүрэн цуцлагдсаны дараа Иран өдөрт 1 сая баррель бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Газрын тосны сайд Биджан Намдар Занган мэдэгджээ. Энэ нь тус улсын одоогийн экспортолж байгаа 1.1 сая баррель дээр нэмэгдэх тоо юм. 2018 он гэхэд олборлолтын хэмжээгээ өдөрт 5.7 сая баррель болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.
 
Иран нь газрын тос экспортлогч орнуудын ОПЕК-т багтдаг. Гишүүн орнууд бүтээгдэхүүн нийлүүлэх квотын хэмжээг хоорондоо тохирч хуваарилдаг журамтай. Энэ журмаа гэхдээ ОПЕК өөрөө ч мөрдөхгүй байгаа нь сүүлийн саруудад ажиглагдаж байна. Өдөрт 30 сая баррель газрын тос олборлох квоттой ч өнгөрсөн 6-9 дүгээр  сард дунджаар 31.3 сая баррелийг экспортолсон байгаа юм.

Дэлхийн газрын тосны нийт экспортын 40%-ийг хангадаг ОПЕК-ийн орнуудын олборлолт, нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь газрын тосны үнэ буурах бас нэг шалтгаан болж буй. Тодорхой квотын хэмжээнээсээ давж экспортолж буй энэ үед ОПЕК-ийн гишүүн аль нэг улс өөрийн олборлолтыг багасгаж зах зээлээсээ хуваалцахыг найдаж хүлээлгүй, бүтээгдэхүүний үнэ буурах, өсөхөөс үл хамааран Иран экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ гэдгээ тус улсын Газрын тосны сайд Биджан Намдар Занган мэдэгдэлдээ онцолжээ. Өнөөгийн байдлаар Тегеран 35-70 сая баррель түүхий нефть нөөцлөөд байгаа бөгөөд хориг цуцлагдмагц дэлхийн зах зээлд нийлүүлэхээр бэлтгээд буй. Олон улсын ихэнх шинжээчдийн таамаглалаар зах зээл дээр Ираны нефтийн экспорт нэмэгдэж, газрын тосны 1 баррелийн үнэ 15-20 ам.долларт хүрэхэд томоохон олборлогч орнуудын эдийн засагт хүндээр тусах нь тодорхой юм.

Өнөөдөр дэлхийн газрын тосны нийт экспортын хэмжээ өдөрт 38.9 сая баррель байна. Үүнээс 10%-ийг Орос улс нийлүүлдэг. Путин хэрхэн Орос орны эдийн засгийг “өндийлгөсөн”-ийг дээрх графикаас харж болно. Газрын тос болон байгалийн хийн худалдаа ОХУ-ын төсвийн 80%-ийг бүрдүүлдэг. Өнөөгийн байдлаар тус улсын төсвийн орлого жилд ойролцоогоор 357 тэрбум ам.доллар, зарлага 370 тэрбум ам.доллар байгаа юм. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 1 ам.доллараар буурахад Орос улс  2.1 тэрбум ам.доллар алддаг тооцоо бий. 2015 он гарснаас хойшхи 9 сарын хугацаанд Urals маркийн газрын тосны үнэ 54.41 ам.доллар хүртэл буурчээ. Өнгөрөгч оны мөн үед 105.70 ам.долларын үнэтэй байсан гэхээр хоёр дахин буурсан юм.

Орос улс 2015 оны төсөвтөө газрын тосны үнийг 50 ам.доллар байхаар тусгасан байдаг. Оны эхний 9 сарын хугацаанд нийт 398.119 сая тонн газрын тос олборлож, үүнээс 179.356 сая тонныг экспортолжээ. Энэ оны эхний хагас жилийн Urals маркийн газрын тосны дундаж үнэ 56.76 ам.доллар байсны улмаас тус улсын нефтийн орлого 42%-иар буурсан байна. 2015 оны 1 дүгээр сараас Орос улсад татварын уян хатан зохицуулалт мөрдөж эхэлсэн байдаг. Үүнд газрын тосны экспортын татвар багтаж буй бөгөөд 2015 онд 42%, 2016 онд 36%, 2017 онд 30% болгон тус тус бууруулахаар төлөвлөжээ. 2025 онд татварыг тэглэх асуудал ч бий. Гэвч дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурч буйн улмаас   экспортын татварыг 2016 оны 9 дүгээр сар хүртэл буюу 1 жилийн хугацаанд царцаахаар болов. Ингэснээр ОХУ-ын 2016 оны төсөвт нэмэлт 133 тэрбум рублийн орлого бий болгоно гэж тооцоолжээ. Энэ онд тус улсын газрын тосны олборлолт 532-533 сая тоннд хүрч, өмнөх онтой харьцуулахад 1.3%-иар өсөх үзүүлэлттэй байна.

Өнөөгийн байдлаар дэлхийн нийт газрын тосны үйлдвэрлэл өдөрт 82 сая баррель байгаа юм. Үүнээс 20% буюу хамгийн их хэрэглэгч орон болох АНУ өдөрт 5.1 сая баррель газрын тос үйлдвэрлэх хэмжээнээсээ 3 дахин илүүг хэрэглэж буй. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох энэ улсад дэлхийн газрын тосны зах зээлийн хөрөнгийн 95%-ийг хянадаг 5 банк хамаардаг. Тиймээс америк доллар чангарахад газрын тосны үнэ буурдаг учиртай.

Энэ оны 4 дүгээр сард нефтийн импортын хэмжээгээр БНХАУ нь АНУ-ыг гүйцэж түрүүлээд байна. Өдөрт ойролцоогоор 11 сая баррель нефтийн хэрэглээтэй Хятадын хувьд сүүлийн 7 жилийн байдлаар газрын тосны олборлолт 15.5%-иар өссөн байхад хэрэглээ нь 38%-иар нэмэгджээ. Үйлдвэрлэлийн хэмжээ нь өдөрт 4.61 сая баррель газрын тос юм. Хятадын газрын тосны гол нийлүүлэгч Саудын Араб, Ангол улс энэхүү байр сууриа бага багаар алдсаар байна. 2010 онд тус улсын газрын тосны нийт импортод тус бүр 19%-ийг эзэлж байсан бол энэ онд 12-13% болон буурчээ.

Харин Хятадад нийлүүлэх Орос улсын нефтийн экспорт мэдэгдэхүйц нэмэгдэж, өдрийн 786 мянган баррель газрын тосны нийлүүлэлтээр Анголыг ардаа орхиж Саудын Арабын дараах 2 дахь томоохон нийлүүлэгч болсон байна. Энэ нь Орос, Хятадын төрийн өмчит компаниуд газрын тос нийлүүлэх урт хугацааны 2 ч том гэрээг өнгөрөгч онуудад байгуулж өдгөө амжилттай хэрэгжиж буйтай холбоотой. “Роснефть” компани нь нийт олборлох бүтээгдэхүүнийхээ 40%-ийг 2019 он гэхэд Ази-Номхон далайн орнуудад экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм. ОХУ-ын 2030 он хүртэлх эрчим хүчний стратегийн бодлого төлөвлөлтөд Ази-Номхон далайн орнуудад экспортлох газрын тосны хэмжээг 110 сая тоннд хүргэхээр тусгажээ. 

Хориг бүрэн цуцлагдаж Иран нефтийн экспортоо нэмэгдүүлэх үед тус улс нь Оросын хамтаар АНУ болон ОПЕК-ийн орнуудаас илүүтэй дэлхийн газрын тосны үнэд нөлөөлнө гэсэн таамгийг олон улсын шинжээчид дэвшүүлж сууна.