Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” ХХК Хамтын ажиллагааны гэрээгээр 5 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ



“Оюутолгой” ХХК нь өнгөрсөн 4 дүгээр сард Өмнөговь аймаг болон Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюутолгой” ХХК орон нутгийн хөгжилд тодорхой үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс “Оюутолгой” төсөл, “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад талуудын баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах эрхзүйн орчинтой болсны дараа байгуулагдсан анхны Орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэсэн үг. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх гол механизмыг доорх байдлаар бий болгосон байна.

l Энэхүү гэрээ нь Оюутолгой ордын ашиглалтын лицензийн хугацаа дуусах хүртэл буюу 2033 он хүртэл хүчинтэй бөгөөд цаашид сунгагдах боломжтой юм.
l Гэрээний хүрээнд Өмнөговь аймагт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг хариуцан хэрэгжүүлэх бие даасан хуулийн этгээд буюу Хөгжлийг дэмжих сан байгуулагдана. Хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөл нь орон нутгийн 3, “Оюутолгой” ХХК-ийн 4, нийт 7 гишүүнтэй байна.

l Гэрээний хүрээнд Өмнөговь аймагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог хангах, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх Харилцааны хороо байгуулагдана. Хороо нь орон нутгийн 9, “Оюутолгой” ХХК-ийн 4, нийт 13 гишүүнтэй байна.
l “Оюутолгой” ХХК нь 2016 оноос эхлэн жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийг дэмжих санд оруулна. Санхүүжилт нь бодит дүнгээр буюу үнийн өсөлтийн аливаа нөлөөллөөс хамгаалагдсан байна.

Гэрээний гол хэсэг болсон Хөгжлийг дэмжих сангаар Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд орон нутагт хийгдэх санхүүжилт дамжих юм. Энэхүү санг 10 дугаар сард албан ёсоор байгуулсан байна. Сангийн ажиллах үндсэн зарчмыг дурдвал,

- Орон нутгийнхан /иргэд, ТББ, бизнесийн байгууллагууд, малчдын хоршооллууд.../ төсөл, хөтөлбөрийн саналаа Харилцааны хороонд хүргэнэ.
- Харилцааны хорооны дэд хороод саналуудыг хэлэлцэж, шаардлагатай бол зөвлөгөө өгнө.
- Харилцааны хороо саналуудыг эрэмбэлж, Хөгжлийг дэмжих санд хүргэнэ.
Хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөл саналуудыг хэлэлцэж, дэмжих шийдвэрийг нэгдсэн саналтайгаар гаргана.
- Дэмжигдсэн төсөл хөтөлбөрийг Хөгжлийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал төлөвлөгөөнд оруулж, хэрэгжилтийг орон нутагтай хамтран зохион байгуулна.

Хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй гэсэн зүйл заалт байхгүй бөгөөд голлох салбаруудад түлхүү хамтран ажиллах юм. Голлох салбар гэдэгт усны менежмент, байгаль орчны хяналт, хамгаалалт, үндэсний түүх, соёл, аялал жуулчлал, нийгмийн суурь үйлчилгээ, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент, орон нутгийн бизнесийн хөгжил, бараа үйлчилгээ худалдан авалт, дэд бүтцийн төслүүд зэрэг орох юм байна.