Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Л.Дүгэржав Болгарын хүндэт доктор болов

Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 58-р хурал Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, геологийн сургууль  дээр болжээ. Уг чуулганд Монголын өрөмдлөгийн Холбооны Ерөнхийлөгч, доктор, дэд профессор М.Наранбат болон  эрдэс баялгийн салбарын томоохон төлөөллүүд оролцоод ирсэн байна.

Жил бүр тус сургууль дээр уламжлал болгон зохион байгуулагддаг өндөр түвшний энэ арга хэмжээнд Болгарын Боловсролын, Эрчим хүчний сайд нар, парламентын гишүүд, Германы Фрайбергийн Уул уурхайн академи, Судан, Румын, Польшийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний төлөөллүүд хүрэлцэн иржээ.

Хурлын нээлтийн үеэр Монгол улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, тус сургуулийг төгсөгч, доктор, профессор Л.Дүгэржавт Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, Геологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол өргөмжилсөн байна.

Монголын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, профессор Ж.Цэвээнжав тус хуралд өрөмдлөгийн нөхцлийн судалгаа, үнэлгээ, төрөлжүүлэлт, өрөмдлөгийн технологийн түвшний үнэлгээний арга зүйн талаар нийтлэгдсэн  (University of Mining & Geology.Annual part-I, Geology and Geophysics.P196-205, 117-123, 247-249)  илтгэлүүдийг нэгтгэн “Өрөмдлөгийн технологи-менежментийн онол-арга зүйн асуудлууд” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. Түүнийг Их сургуулийн “Алтан медаль”-иар шагнажээ.

Г.Идэр