“Монполимет” группын “Монцемент” төслийн захирал Н.Мөнхнасантай ярилцлаа.Богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийсэн танай хамт олонд баяр хүргэе. Ойрын жилүүдэд Монгол улсад ийм хэмжээний үйлдвэрлэлийн томоохон төсөл хэрэгжээгүй байх. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу? Анх 2007 оноос Монгол улсдаа эх орныхоо түүхий эдийг ашиглан тогтмол нийлүүлэлттэй, чанартай цемент үйлдвэрлэх эко үйлдвэр барихыг зорин ажилласан. Эдийн засгийн уналттай үед хөрөнгө оруулалт татаж чадсан гол шалтгаан нь “Монполимет” группын нэр хүнд, амжилттай хэрэгжүүлсэн төслүүд, чадварлаг менежментийн багаас гадна энэ төслийн олон улсын түвшинд бэлтгэгдсэн техник эдийн засгийн үнэлгээ, судалгаа шинжилгээ, хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтүүд сайн гарсантай холбоотой. 200 гаруй сая ам.долларын өртгөөр боссон энэ төслийн 20%-ийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, 80%-ийг Монголын тал эзэмшиж байгаа. Үүнд “Монполимет” группын өөрийн хөрөнгө оруулалт, ЕСБХБ, Монгол улсын Хөгжлийн банкны зээл багтсан бүтэцтэй юм.
Төслийн санхүүжилтийг гол ажлууд болох үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулаад байна. Үүнд шинээр барьж ашиглалтад оруулсан 110 квт-ийн цахилгаан станц, усан хангамжийн хоёр эх үүсвэрийн ажил, 4 км урттай төмөр замын ажил, шатахуун түгээх станц, Өргөн сумыг холбосон шилэн кабель, 1000 гаруй хүн амьдрах ажилчдын орон сууцны иж бүрэн цогцолбор хотхон гэх мэт ажлууд орж байна.
“Монцемент” үйлдвэр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ нийлүүлээд эхэлсэн үү? Танай бүтээгдэхүүнийг барилга, автозам гээд бүх л бүтээн байгуулалтад ашиглах боломжтой гэж ойлгож болох уу? Чанарын хувьд Хятадын цементээс ямар ялгаатай вэ? “Монцемент” үйлдвэр нь дөрвөн төрлийн цемент үйлдвэрлэж байгаа. Үүнд иргэний барилга байгууламж, суурь, авто зам, гүүр, далан, уул уурхайн барилга байгууламжуудад ашиглах зориулалттай OPC 42.5, PC 52.5, PC 42.5, сульфатад тэсвэртэй цементүүд үйлдвэрлэж байна. Бид чанарыг нэгдүгээрт тавьж ажиллаж байгаа. Aнхны бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдээд эхэлсэн.
Технологийн шийдлийн онцлог талууд нь юу вэ? Ус ашиглалт багаас эхлээд байгаль орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан гэж ойлгож байгаа? “Монцемент” үйлдвэр нь дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, түлшний хэмнэлттэй, ахуйн болон үйлдвэрийн хаягдал усны 90%-ийг дахин цэвэршүүлэн ашиглах технологитой, үйлдвэрийн хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны WHR систем бүхий хуурай аргын цементийн үйлдвэр юм. Манай үйлдвэрийн технологийн шийдлийг дэлхийд цемент болон барилгын материалын үйлдвэрлэлээр тэргүүлэгч Франц улсын “Лафарж” группын инженер техникийн зөвлөхүүд боловсруулж, гүйцэтгэгчээр нь Швейцарь-БНХАУ-ын хамтарсан компани, төслийн менежментийг Энэтхэг улсын компани, чанарын хяналтыг Франц улсын компани олон улсын түвшинд хийж гүйцэтгэсэн. “Монцемент” үйлдвэр нь Монгол улсын болон Европын стандартын шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж буйгаараа давуу онцлогтой.
“Монцемент” төсөл хэрэгжсэнээр улсын төсөв, эдийн засаг болон орон нутагт ямар нөлөө үзүүлэх вэ? “Монцемент” төслийн цементийн үйлдвэрлэл эхэлснээр Дорноговь аймгийн Өргөн сум одоогийн байгаагаасаа 3 дахин өргөжин тэлж, шинээр 300 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, орон нутагт 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, туслан гүйцэтгэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монгол улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл болж байгаагаараа онцлог.
Мөн уул уурхайгаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр бий болсон нь уул уурхайн салбар дахь томоохон дэвшил юм. Ирээдүйд Монгол улс хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гадагш нь гаргах бус эцсийн боловсруулсан бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийн эхлэл тавигдаж байна гэж бодож байна.
“Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр Монгол улсад нийт 2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Одоо импортын цементийг бүрэн орлох боломжтой болсон гэж ойлгож болох уу? Монгол улсын барилга болон уул уурхайн салбарын хувьд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа үед цементийн хэрэглээ ирээдүйд нэмэгдэх хандлагатай гэж үзэж байгаа. Эх орныхоо байгалийн баялаг шохойн чулууны арвин их нөөцийг ашиглан өндөр чанарын цементийг үйлдвэрлэснээр импортын бүтээгдэхүүний чанартай өрсөлдөх давуу тал болж байна.
Ямар ч байсан бизнес эрхлэгчид маань дотооддоо томоохон үйлдвэр байгуулж чадлаа. Үйлдвэр баригдах чухал. Түүнээс дутуугүй чухал зүйл бол бүтээгдэхүүн нь зах зээлд байр сууриа олж, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх. Энэ чиглэлээр танай компани ямар стратеги баримтлан ажиллаж байна вэ? Засгийн газрын зүгээс тодорхой дэмжлэг шаардлагатай зүйл бий юу? Бүтээгдэхүүний чанар, тогтмол нийлүүлэлт хоёр бол бидний гол зорилго. Зах зээлийн хамгийн эрүүл өрсөлдөөний хэлбэр нь чанар байдаг. Тиймээс бид бүтээгдэхүүний чанарт голлон анхаарна. Хэрэглэгчдийн маань хэрэгцээ шаардлага сонирхол хаана байна, тэнд хүрч ажиллана. Маркетингийн үйл ажиллагааны дэлхийд хамгийн шилдэг болж шалгарсан програм хангамж хэрэгслүүдийг ашиглан “Just-in-time” буюу хаана хэрэгцээ байна, тэнд баталгаатай нийлүүлэлтийг хурдан шуурхай хүргэх зарчмаар зах зээлд цаг алдахгүй oрж байна.
Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийн шударга өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэйг харж байна. Жишээ нь Төв аймгийн Сэргэлэн сум дахь Хятадын 100%-ийн төрийн өмчит цементийн үйлдвэр манай дотоодын зах зээлд маш хурдтайгаар орж ирээд байна. Хэдийгээр цементийн импортын татвар нэмэгдсэн ч хязгаарлах гээд байгаа нийлүүлэлт аль хэдийнэ эх орны маань нийслэлд үйлдвэр нь баригдаад бүтээгдэхүүн нь зах зээлд нэвтэрсэн байгаа нь бодлогын хувьд авч үзэх хэрэгтэй асуудал гэж боддог.