Англи-Австралийн “BHP Billiton” болон Бразилийн “Vale” компаниудын хамтарсан “Samarco Mineracao” компанид хохирлын төлбөр 5,3 тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар Бразилийн Засгийн газраас шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 5-нд тус улсын Минас-Жерайс мужид “Samarco Mineracao” компанийн үйл ажиллагаа явуулж буй төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хоёр далан задарсаны улмаас 13 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн сураггүй алга болсон билээ. Уурхайн ойролцоох Бенту-Родригес тосгоны 600 орчим иргэдийн орон сууц сүйдсэн байна.
Мөн энэхүү аваар осол нь байгаль орчинд ч аюултай хор хөнөөл учруулаад байгаа юм. Далан задарсны улмаас Рио Доче гол руу төмрийн хүдрийн олборлолтоос үүссэн хүнд метал болон токсидын өндөр агууламжтай 50 сая тонн хаягдал алдагдсан тухай НҮБ-ын тайланд дурдагджээ.
Э.Од