Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын гангийн салбар 11 тэрбум долларын алдагдал хүлээв

Оны эхний арван сарын байдлаар Хятадын гангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хамгийн том хэмжээний 101 компанийн санхүүгийн дүнг авч үзэхэд тэд нийтдээ 72 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ. Энэ нь тус улсын гангийн компаниудын 2014 онд олсон цэвэр ашгийг хоёр нугалснаас ч илүү өндөр дүн болж байна. Нийт томоохон компаниудын 48 нь энэ онд алдагдалтай ажилласан байна. 

Хятадын төрийн өмчийн гангийн худалдаа эрхэлдэг компани Sinosteel өнгөрсөн 10 дугаар сард бондын эргэн төлөлтийг хугацаандаа хийж чадаагүйг хэвлэлүүд дурджээ. Үл хөдлөхийн зах зээл, барилгын салбарын нөхцөл байдал Хятадад таагүй хэвээр байна. Оны эхний арван сарын байдлаар Хятадын гангийн хэрэглээ бараг 6%-иар буурч 590.5 сая тоннд хүрсэн бол төмрийн хүдрийн импортын хэмжээ нь мөн хугацаанд 774.5 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5%-иар багасчээ.

HSBC банкны мэдээлж буйгаар, Хятад улс энэ жил 50 сая тонны хүчин чадал бүхий гангийн үйлдвэрийг танасан бөгөөд энэ нь ган үйлдвэрлэлийн нийт хүчин чадлынх нь 4%-ийг эзэлж буй ажээ. Тус банк Хятад улс ирэх жил дахин 120-160 сая тонны үйлдвэрлэлийг хасч байж харьцангуй хэвийн түвшинд очих боломжтой гэж үзэж байна. Хятадын ган, төмрийн холбооны тооцоолж буйгаар тус улсын ган үйлдвэрлэл аль хэдийнэ оргилдоо хүрчихсэн төдийгүй ирэх жил 3%-иар буурна гэж тэмдэглэжээ. Хятадын гангийн үйлдвэрлэл 2000-2013 оны хооронд дунджаар 15%-иар өсч байсан юм. Харин Fitch Ratings-ийн үзэж буйгаар энэ онд Хятадын ган үйлдвэрлэлийн хүчин чадал 1.17 тэрбум тоннд хүрэхээр байгаа бөгөөд  2016, 2017 онд оргилдоо хүрэх төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр Хятад улс зарим үйлдвэрээ хааж буй ч шинэ үйлдвэрүүд тэнд нээгдсээр байгаа юм.

Нөгөөтэйгүүр ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дэх үнэ ханш улам бүр муудсаар байна. Өнгөрсөн баасан гаригт Хятадын Тяньжин боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ нэг тонн нь 39 ам.долларт хүрч 40 долларын шугамнаас доошилсон нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доогуур үнэ байлаа. 

Зах зээл ийнхүү тааруу байгаа ч Рио Тинто, BHP Billiton, Вале зэрэг компани нийлүүлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогоо орхиогүй хэвээр. Вале компани ирэх онд дэлхийн хэмжээнд далайгаар тээвэрлэгддэг төмрийн хүдрийн зах зээлийн эрэлт 1.35-1.4 тэрбум тоннд хэлбэлзэнэ гэж тооцож буй юм. Уг үзүүлэлт 2013 онд 1.18 тэрбум, өнгөрсөн онд 1.32 тэрбум тонн байв.   



Б.Төгс