Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч шагналыг Л.Болормаа эрхлэгч хүртлээ



Монголын сэтгүүлзүйн тод од, нэрт нийтлэлч, The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Лунтангийн Болормаа эрхлэгчийг 2015 оны Сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр тодруулан шагналаа.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг Монголын сэтгүүлзүйн салбарын оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслол,  сэтгүүлчдийн нэгдсэн шинэ жил өчигдөр “Mirage” цогцолборт болж, салбартаа манлайлсан олон шилдэг сэтгүүлч, байгууллагаа тодруулан өргөмжилсөн юм.

“Баяртай, бас их гунигтай байна. Болороо эрхлэгч маань шагнал урамшуулалд нэрээ дэвшүүлэхээс үргэлж зайлсхийж ирсэн. Гэвч Ядарсан ба Задарсан бүх хүнд зориулсан цуврал сурвалжлагаа олонд хүргэж, хайр дутсан хөгжлийн бэрхшээлтэй үрсийн төлөө далайцтай ажил өрнүүлэхийг хүссэн учраас цуврал нийтлэлүүдээ өөрөө нэр дэвшүүлсэн юм” гэж The Mongolian  Mining Journal-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ шагналыг гардан авах үедээ хэлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө, тэдний нийгмийн халамж анхаарлын төлөө олон цуврал, даацтай нийтлэлүүдээ зориулсан гэдгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд ч мөн Ёслолын үеэр  онцолж байлаа.

Л.Болормаа эрхлэгчид хүртээсэн Өргөмжлөлд “Эрдэнийн өргөөд ба нэг Урилга”, Ядарсан ба задарсан бүх хүнд зориулав” зэрэг нийтлэл бичиж, сэтгүүлчийн ажиллагаа, мэргэжлийн ур чадвараараа жишиг тогтоож, нийтлэлийн үр нөлөө, даац далайцаар манлайлсан тул тодруулан өргөмжлөв”  хэмээн бичжээ.

Гэвч Болороо эрхлэгч маань зөвхөн сэтгүүлийн салбарын, зөвхөн нэг оны шилдэг сэтгүүлч байсангүй. Тэр Монголын сэтгүүлзүйн хамгийн тод од, Шилдгийн шилдэг сэтгүүлч нь байсан билээ.

“Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай Л.Болормаа эрхлэгч  өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүлзүйд анх нутагшуулахад билэг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн юм. 

Тэрээр 2008 онд The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулж, мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг, аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус мэргэжлийн редакцийг бүрдүүлсэн бөгөөд The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв.

“Сэтгүүлийн оны Шилдэг сэтгүүлч” хэмээх шагналыг хүртсэн өдөр буюу арван хоёрдугаар  сарын 11-нд Л.Болормаа эрхлэгчийн бичиж, сүүлийн цэгээ хараахан тавьж амжаагүй байсан “Чимээгүй лугших бүтээлч судас” номын нээлт “Арт Хаус” төвд болсон юм. Монголын шинэ түүхийн мөчлөгт сүүлийн 25 жил онцгой байр суурьтай. Энэ жилүүдэд Монголд шинэ цагийн бизнес хэрхэн үүсч, ямархуу адармаатай хувь тавиланг туулан, өнөө цагт хүрч ирснийг өгүүлсэн энэ ном түүний сүүлийн уран бүтээл байсан нь ийнхүү олны хүртээл болж байна.

Мөн The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаарт түүний хамгийн сүүлд бичсэн “Эх хуулийг хэлэлцэх итгэлийг энэ УИХ төрүүлэхгүй байна”, “Эрдэнэс Тавантолгой хаалттай хаалганы цаана” нийтлэл нь нийтлэгдэн мянга мянган уншигчдад нь хүрч байгаа юм. 

Г.Идэр