Б.Төгс
Ердөө хагас жилийн өмнөхөн буюу өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр Дубай хотноо “Рио Тинто”, Монголын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурцгаасан билээ. Тэгвэл Улаанбаатар хотноо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум 11 дүгээр сарын 4-нд болсон нь дотоод гадаадгүй чих тавин удтал хүлээсэн “Оюутолгой” төслийн явц мухардмал байдлаас гарч эрчимжих нь гэсэн найдварын гэрэл асаалаа.
Далд уурхайн боломжит хамтрагчдыг даллан дуудсан томоохон хэмжээний хурал нь зөвхөн төслийн ирээдүй төдийгүй Монголын эдийн засгийн ирээдүйн өөдрөг төлөвийг давхар илтгэсэн үйл явдал боллоо. Форумд нийтдээ шинээр 29 орны 600 орчим компани оролцсон бол урьд нь тус компанитай түншилж байсан мөн тооны компанийн төлөөлөл хүрэлцэн ирснийг “Оюутолгой” мэдээлсэн юм.
Эдгээр компанийн төлөөлөл Оюутолгой төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн бүтээн байгуулалтад дараах 16 ангилалд хамтран ажиллахаар хүрэлцэн иржээ.
Үүнд доорх бараа үйлчилгээ багтаж байна.
1. Их хэмжээгээр хэрэглэх материалууд
/bulk materials/
2. Үйлдвэрлэлийн болон иргэний барилга
байгууламж
3. Өрөмдлөг, өрөмдлөгийн тоног төхөөрөмж,
хэрэгсэл
4. Цахилгааны болон харилцаа холбооны
хэрэгсэл
5. Галын аюулаас сэргийлэх үйлчилгээ, тоног
төхөөрөмж
6. Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дагалдах
үйлчилгээ
7. Тээвэр зууч, ложистик
8. Түлшний систем
9. Далд уурхайн тулгуур бэхэлгээний материал
10. Хоолой, шахуурга
11. Боловсруулалт болон материалын дэд бүтэц
12. Мэргэжлийн үйлчилгээ
13. Далд уурхайн хоргодох байр
14. Уурхайн үйлчилгээ
15. Метал хийц, төмөр
16. Агааржуулалтын тоног төхөөрөмж, дагалдах
үйлчилгээ
Ханган нийлүүлэлтийн форумын нээлтэд “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Вүдлэй, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто” компанийн Төмрийн хүдэр болон Зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис, “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон, Төслийн хангамжийн менежер Эндрю Арнет нар илтгэл тавилаа.
“Оюутолгой”-н Хангамжийн менежер Эндрю Арнет “Бид өнгөрсөн хэсэг хугацаанд худалдаанаас бага зэрэг холдоод байсан. Харин одоо ханган нийлүүлэлтийн шинэ боломжийг эрэлхийлэх болно” хэмээн мэдэгдсэн бол “Оюутолгой” компанийн далд уурхай хариуцсан захирал Крис Айчисон хэдийгээр далд уурхайн бүтээн байгуулалт ил уурхайнхаас хавьгүй өөр, нарийн түвэгтэй ажил ч гэлээ Монголын хувьд үүнд шаардлагатай зарим чадавх аль хэдийнэ бүрдсэнийг дуулгасан юм. Далд уурхай мэдээж монголчуудын хувьд цоо шинэ туршлага шаардсан ажил учир эндээс цаашид суралцаж, чадавхижих боломж бидний өмнө нээгдэж байна хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолсон.
“Оюутолгой” Монгол компани болохыг тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрю Вүдлэй илтгэлийнхээ эхэнд тодотгосон юм. Түүний илтгэлд дурдсанаар бол энэ оны эхний 3 улирлын байдлаар ханган нийлүүлэлтийн чиглэлээр “Оюутолгой” төсөл 885 компанитай хамтран ажилласны 576 нь дотоодынх байж, нийт худалдан авалтын 52%-ийг эдгээр дотоодын компанид зарцуулжээ. Дотоодын хамтрагч компаниудад нийтдээ 35 мянган хүн ажиллаж буй бол “Оюутолгой” төсөлд одоогийн байдлаар 6000 хүн ажиллаж буйн 95% нь Монгол ажилчид, тэр дундаа 21,6% нь Өмнөговь аймгийнх юм байна. Харин далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн нийт 3000 шинэ ажлын байр бий болох төдийгүй дийлэнх нь монгол ажилчид байх төлөвийг “Оюутолгой” компани итгэл дүүрэн мэдэгдэж буй юм.
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ханбогд сумын Бизнесийн зөвлөлийн дарга Б.Эрдэнэ-Очирын тайлбарлаж буйгаар Ханбогд суманд нийт 50 гаруй аж ахуйн нэгж уг төсөлтэй идэвхтэй хамтран үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаашид орон нутгийн ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээг илүү өргөн хүрээнд бэхжүүлэн ажиллахыг зорьж буйгаа форумын үеэр дуулгалаа. Өмнөговь аймгийн хэмжээнд оны эхний гурван улирлын байдлаар “Оюутолгой”-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт 44.3 сая ам.долларт хүрчээ.
Тус форумын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы тайлбарласнаар далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 6 тэрбум орчим ам.долларын 4 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг энэ оны сүүлээр бүрэн шийдвэрлэхээр олон улсын банк санхүүгийн 20 орчим байгууллагатай яриа хэлэлцээр өрнүүлж буй гэж байсан нь одоо 12 дугаар сарын сүүлээр шийдэгдэхээр тов гараад буй билээ.
Санхүүжилт шийдэгдэгдэх мөчийг угтан ханган нийлүүлэлтийн шинэ боломжийг эрэлхийлэхээр форум зохион байгуулсан нь “Оюутолгой” компанийн хувьд тун ч ухаалаг, дорвитой алхам болсныг гадна, дотны компанийн төлөөлөл ярьж байсан юм. Үүний нэг төлөөлөл болох Испанийн инженеринг, нийлүүлэлт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, 155 жилийн түүхтэй “Duro Felguera” компанийн Худалдаа хариуцсан захирал Саул Паунеротай ярилцсан юм.
“Манай компани эрчим хүчний генератор, газрын тос, байгалийн хий, уул уурхай, эрдсийн тээвэрлэлт зэрэг олон төрлийн төсөл дээр ажилладаг туршлагатай. Манай салбарууд Африк, Өмнөд Америк, Европын олон улс орон болон Канад, АНУ-д бий. Миний хувьд компанийнхаа уул уурхай, материал тээвэрлэлттэй холбоотой хэсгийг хариуцаж ажилладаг.
Өнгөрсөн жилээс Монголын талаар судалж эхэлсэн. 2014 оны Mines and Money Hong Kong хуралд оролцож, тус хуралд танай улсын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганы илтгэл тавихыг сонссон. Гэхдээ тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчид ч тэр, миний хувьд ч тэр танай улсын тухайд тийм ч өндөр итгэлтэй биш байсан. Харин одоо “Рио Тинто”, Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх талд нэгдсэн ойлголцолд хүрсний дараа болж буй энэхүү хуралд оролцсоны хувьд, бодол маань эерэг тал руу хувирч өөрчлөгдлөө.
Бидний хувьд “Рио Тинто” компанийн хамтын ажиллагаандаа тавьж буй нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, үр өгөөжтэй урт хугацааны түншлэл, дэлхийд өрсөлдөхүйц дотоодын ур чадвар гэсэн дөрвөн зарчим нь манай компанийн ч үйл ажиллагааны зарчимтай нийцэж байна. Бид энэ хуралд оролцон хамтран ажиллах боломжтой Монгол компаниудтай үр дүнтэй яриа хэлэлцээр өрнүүллээ. Монголын компанитай хамтран ажилласнаар бидний хуримтлуулсан туршлага Монголд нутагших тул дотоодын ур чадварыг бэхжүүлэх юм. Бид далд уурхайн тухайд арвин туршлагатай компани гэдгийг хэлэхэд таатай байна. Манай компанийн төв байрладаг Испанийн Астур мужийн хувьд уул уурхайн чухал бүс нутаг бөгөөд далд уурхай элбэгтэй хэсэг юм. Иймд бид далд уурхайн арвин туршлага дээрээ тулгуурлан “Оюутолгой” төсөлд өөрсдийн чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллахыг зорьж байна.”
Тус форумд оролцсон компанийн төлөөллийн дийлэнх нь Монгол, Хятад, Канад, Австрали, АНУ-ынх байсны зэрэгцээ Австрали, Канад, Чех, БНСУ, АНУ, Британийн Элчин сайдын яамд, Монголын бизнесийн зөвлөл, Олон улсын санхүүгийн корпораци, Монголын хөрөнгө оруулалтын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг тал талын байгууллага тусгай талбай, танилцуулгатайгаар оролцсон юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нийтдээ 5-7 жилийн хугацаанд өрнөх бөгөөд далд уурхайн нүсэр бүтээн байгуулалтын хүрээнд газар дор 200 км урт хөндлөн хонгил байгуулахаас одоогоор 16 км хэсгийг байгуулж амжжээ.
Түүнчлэн 10 км урт туузан дамжуурга, нийтдээ 6 км урт 5 босоо ам болон тэдгээрт шаардагдах дагалдах бүтээн байгуулалт өрнөх юм. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох үед уг ордоос уурхайн баяжмал бүтээгдэхүүний гарцын хэмжээ одоогийн 700 мянган тонн байгаагаас 1.8 сая тонн баяжмал болж нэмэгдэж, улмаар жил бүр 1 тэрбум ам.долларын орлого Монголд шууд орох тооцоо байгаа. Ил уурхай болон далд уурхайн одоогийн батлагдсан нөөцөөр 2050 он хүртэл баяжмал үйлдвэрлэн ажиллах боломжтойг “Оюутолгой” компанийн захирал Эндрю Вүдлэй мэдэгдлээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хангамж үйлчилгээнд тэгш өрсөлдөөний зарчим үйлчлэх ч эн тэнцүү өрсөлдсөн тохиолдолд Монгол компаниудыг түлхүү оруулах чиглэлийг “Оюутолгой” барихаа амлалаа.