Оросын баруунтай харилцах харилцааны таагүй байдал, Хятадын эдийн засгийн удаашрал нь хоёр улсын худалдааны эргэлт буурахад нөлөөлж, 2015 оны эхний арван сарын байдлаар 52,5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29%-иар буурсан үзүүлэлт юм.
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2013 оны 10 дугаар сард тус улсад айлчилсан билээ. Энэ удаагийн айлчлалын яриа, хэлэлцээр “Хятадын хөрөнгө оруулалт, Оросын уул уурхайн түүхий эдийн солилцоо” гэсэн “уламжлалт” зарчмаар явагдах бололтой хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын уулзалтаар “Ямал” төслийн 9,9%-ийг Хятадын “Торгоны зам” сан худалдан авах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын санамж бичгийг байгуулах аж. Өмнөд-Тамбейн байгалийн хийн орд газарт жилд 16,5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах “Ямал” төслийн нийт өртөг нь 150 тэрбум рубль юм. Одоогийн байдлаар “Ямал” төслийн 60%-ийг Оросын “Новатэк”, 20%-ийг Хятадын CNPC, үлдсэн 20%-ийг Францын “Total” компани тус тус эзэмшиж байгаа бөгөөд Хятадын тал Оросын хувь эзэмшлээс худалдан авахаар төлөвлөж буй.
Мөн айлчлалаар Оросын газрын тос, хийн “Сибур” компанийн 10%-ийг 1,34 тэрбум ам.доллараар Хятадын “Sinopec” корпораци худалдан авах хэлэлцээрийг байгуулах магадлалтай байна. Түүнчлэн “Sinopec” корпораци нь Русский болон Юрубчено-Тохомск ордын 49%-ийг худалдан авах тухай “Роснефть” компанитай тохиролцох юм. Харин Оросын компанийн хувьд химийн “ChemChina” корпорацийн 30%-ийг худалдан авах яриа хэлэлцээрийг өрнүүлэхээр төлөвлөжээ. “ChemChina” нь жилд нийт 25 сая тонн газрын тос боловсруулах арван үйлдвэрийг эзэмшдэг аварга корпораци юм.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад дахь айлчлал дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Э.Од