Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

EFIC: Австралийн компаниуд Оюутолгойн өргөтгөлөөс ашиг хүртэнэ

Австралийн экспортын хөрөнгө оруулалтын агентлаг болох Экспортын санхүүжилт, даатгалын корпорацийн (EFIC) Ерөнхий захирал Эндрю Хантер Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурагдахтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ, Австралийн жижиг, дунд компаниуд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад бараа, үйлчилгээгээ нийлүүлснээр ил уурхайг хөгжүүлэхэд оролцсоноосоо ч илүүтэйгээр ашиг тус хүртэх боломжтой гэжээ. Австрали улсын компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтын талбарт дэлхийн түвшний чадавх, үйлчилгээг хэдийнэ эзэмшсэн бөгөөд үүнийгээ ч харуулах сайхан боломж гарч ирж буйг тэрбээр тодотгосон байна. Оюутолгойн нэгдүгээр үе шат буюу ил уурхайн төсөлд Австралийн 200 компани нийтдээ 83 сая долларын үнийн дүн бүхий бараа үйлчилгээ нийлүүлжээ.

Түүнчлэн Экспортын санхүүжилт, даатгалын корпораци нь Оюутолгойн далд уурхайд олгож буй 4.4 тэрбум долларын багц санхүүжилтийг бүрдүүлэгч байгууллагуудын дунд багтсан бөгөөд 150 сая долларын зээл олгохоор баталжээ.

“Оюутолгой” компани нь энэ оны эхний гурван улирлын байдлаар 885  ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд үүний 576 нь дотоодын компани юм. Худалдан авалтын нийт үнийн дүнгийн 52% нь дотоодын компаниудад ногдож буй бөгөөд эхний гурван улирлын хэмжээнд үндэсний компаниудын бараа үйлчилгээний худалдан авалтад 209 сая ам.доллар зарцуулжээ.



Б.Төгс