Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Goldman Sachs: Төмрийн хүдрийн үнийн таамгаа буурууллаа

Тянжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригт 40 долларын улаан шугамнаас доош орж 38.5 ам.долларт хүрсэн нь 2009 оны 5 дугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүнд тооцогдож байна.

Үүнтэй зэрэгцэн түүхий эдийн үнийн шинжилгээ хийдэг байгууллагууд эхнээсээ үнийн таамгаа бууруулж эхэлжээ. Тухайлбал Goldman Sachs банкныхан төмрийн хүдрийн үнийн таамгаа хуучныхаасаа 14%-иар бууруулж, 2016 онд 38 ам.доллар/тонн, 2017, 2018 онд 35 ам.доллар/тонн байна гэж мэдээлжээ. Тус банк Хятадын гангийн салбарын үйлдвэрлэл буурах магадлалтай хэвээр байгааг онцолжээ. Түүнчлэн Хятадын хэтийн зураглалыг гаргахдаа төмрийн хүдрийн эрэлт нь 2040 он гэхэд одоогийнхоос 50%-иар буурна гэж үзжээ. Энэ таамгийг дэвшүүлэхдээ тус улсын гангийн хэрэглээ мөн онд 2015 оныхтой харьцуулахад 17%-иар буурч, 600 сая тоннд хүрэхийн зэрэгцээ хаягдал төмрийн дахин боловсруулалт өндөр түвшинд хүрэх нөхцөл байдлыг урьдчилан гаргажээ.

Тус банкны шинжээч Кристиан Лэлон, Амбэр Цайн мэдээлж буйгаар ирэх гурван жилийн хугацаанд дэлхийн зах зээлээс 250 сая тонны олборлолт буюу дэлхийн одоогийн нийлүүлэлтийн 18%-тай тэнцэхүйц хэмжээний хүдрийн олборлолтыг зогсоох хэрэгтэй ажээ. Тэд мөн төмрийн хүдрийн зах зээлд Хятадаас өөр томоохон хэрэглэгч гарч ирэх хүртэл уг түүхий эдийн үнэ урт хугацаанд нам түвшинд хэлбэлзэнэ гэж үзжээ.

Одоогоор Австрали, Өмнөд Африкт уурхайнууд хаагдсан ч энэ нь нийлүүлэлтийн илүүдлийг арилгахад тун хангалтгүй байгаа юм. Рио Тинто, BHP, Вале болон бусад компанийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх “гөжүүд” бодлого, Хятадын төмрийн хүдрийн эрэлтийн бууралтын уулзвар дээр төмрийн хүдрийн зах зээл ихээхэн саарч буйг эрдсийн шинжээчид өгүүлж байна.

 

Б.Төгс