Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын 2014 оны нэгтгэл тайланг 12 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний зөвлөлийн хурлаар баталсан байна. Энэ хүрээнд өчигдөр 2014 оны нэгтгэл тайланг танилцуулах уулзалт боллоо. Монгол улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС)-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, тус тайлангийн орлогын нэгтгэлийг бэлтгэсэн буюу хараат бус хянагч-нэгтгэгчээр ажилласан KPMG аудитын компанийн Зөвлөх үйлчилгээний менежер Ш.Номиндарь нар тайлангийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
2014 оны тайланд тодорхой босго шалгуур хангасан 236 компанийг хамруулжээ. Эдгээр 236 компанийн төвлөрүүлсэн орлого 2014 онд гол орлогын урсгалын 98.8%-ийг бүрдүүлсэн байна. Анх Засгийн газрын тайлагнасан дүнгээр компаниудаас хүлээн авсан орлогын дүн 1 их наяд 920 тэрбум төгрөг байсан бол компаниудын улсад төвлөрүүлсэн гэж тайлагнасан дүн 1 их наяд 650 тэрбум төгрөг болж, 271 тэрбум төгрөгийн зөрүүтэй гарчээ. Харин нэгтгэлийн дараах байдлаар цэвэр зөрүү 581 сая төгрөг (тайлагнаагүй компаниудыг оруулаагүй дүнгээр) болж буурсан байна. Нэгтгэлийн дараах дүнгээр Засгийн газрын хүлээн авсан орлого 1 их наяд 579 тэрбум төгрөг болсон бол компаниудын төвлөрүүлсэн төлбөр хураамж 1 их наяд 582 тэрбум төгрөг болж өөрчлөгдсөн байна.
Харин олборлох үйлдвэрлэлийн нийт хувь нэмрийг мөн онд ямар байсныг авч үзвэл, 2014 оны байдлаар уул уурхайн салбараас Засгийн газарт 1 их наяд 632 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, мөн оны нийт орлогын 25.8%-ийг бүрдүүлжээ. Тус тайланд сонгож авсан компаниудын тоо 236 боловч, нийт тайлагнасан компаниудын тоог авч үзвэл Засгийн газар 1573 компаниас орлого хүлээн авснаа мэдүүлсэн байна. Харин компаниудын хувьд 990 компани тайлангаа ирүүлжээ.
ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонгийн танилцуулснаар сүүлийн нэгтгэл тайлан нь 2013 онд батлагдсан шинэ стандартын дагуу бэлтгэгдсэнээрээ давуу юм. Уг стандарт нь 2013 оны 5 дугаар сард Сиднейд болсон хурлаар батлагдаж, ОҮИТБС-ын нэг хэсэг болох үндсэн мэдээллийн талаарх шаардлагыг улам нэмэгдүүлжээ. 2013 онд батлагдсан шинэ стандартын дагуу нэмж оруулах мэдээлэлд дараах чиглэл багтсан байна. Салбарын эрх зүй, бодлого, салбарын үндсэн мэдээлэл; ажиллах хүчний мэдээ; дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалт; төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа; улсын төсвийн болон сангуудын орлого төвлөрүүлэлт; улсын болон сангуудын орлогын зарцуулалт; бенефицарь өмчлөгчдийг бололцооны хэрээр ил болгохыг зөвлөжээ.
Нэгтгэл тайлангийн орлогыг зангидаж эмхэтгэсэн KPMG компанийн Зөвлөх үйлчилгээний менежер Ш.Номиндарийн тайлбарлаж буйгаар улсын хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд компаниудыг тодорхой босго тогтоон сонгожээ. Ингэхдээ нэг бүрчлэн нэгтгэл болон түүвэрчилсэн нэгтгэл гэсэн хоёр бүлэгт компаниудыг сонгосон байна. Улсын хэмжээнд нэг бүрчлэн нэгтгэлд хамрагдах компаниудын босго нь 250 саяас дээш төгрөг байсан бол түүврийн аргаар (эрсдэлд суурилсан аргачлал) хийсэн нэгтгэлд улсын хэмжээнд 100-250 сая төгрөгийн төлбөр хураамж төвлөрүүлсэн компаниудыг оруулжээ. Харин орон нутгийн хэмжээнд нэг бүрчлэн нэгтгэлд төлбөрийн босгыг 100 саяас дээш төгрөг, түүврийн нэгтгэлд 30-100 сая төгрөгийн босгыг тус тус тогтоож өгчээ. Ингээд нийт давхардсан бус тоогоор 236 компанийг сонгон тайланд оруулсан байна.
Энэ удаагийн тайлангийн шинэлэг зүйлс нь цахим тайлангийн систем анхлан нэвтрүүлсэн, эхлэлтийн семинар болон эхлэлтийн тайлан хийсэн явдал, орон нутгийн тайланд анхаарлаа хандуулж, жижиг компаниудыг түүвэрлэн хамруулсан, сүүлд батлагдсан шинэ стандартын дагуу тайлангийн үндсэн мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлсэн, тайланд ирүүлсэн мэдээллийн баталгаажуулалтын түвшинг чангатгасан зэрэг зүйлс багтаж байна.
Манай улсын хувьд 2014 оны нэгтгэл нь 9 дэх удаагийн тайлан болж буй бөгөөд анх 2006 оноос хойш жил бүр энэ төрлийн тайлан гарч буйн хамгийн боловсронгуй нь сүүлд гарч байгаа тайлан болсон гэж ОҮИТБС-ын нэгтгэл тайлангийн оролцогч талууд тайлбарлаж байна.
Одоогоор нийслэл болон 20 аймагт ОҮИТБС-ын дэд зөвлөл байгуулагдаж, 14 суманд зөвлөл нээгджээ.
ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр Монгол улсын төсвийн урсгал орлогын 25-55%-ийг тогтмол ил тод болгохын сацуу ил тод, хариуцлагатай байдлын шаардлагыг уул уурхайн салбарт хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэртэй юм. Түүнчлэн төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бодитоор бий болгох, нийгэмд аудитаар баталгаажсан чухал мэдээллийг түгээх, олборлох үйлдвэрлэлийн салбарыг ил тод болгосноор тус салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай ажээ.
Ийм сайн талууд бий ч энэ тайланг манай улс бүрэн ашиглахгүй хэвээр байна. Тус санаачилгын хүрээнд ил тод болж буй мэдээллийн ашиглалт хангалтгүй, орон нутагт мэдээлэл хангалттай хүрэхгүй байгаагаас орон нутгийн хөгжлийг хэлэлцэхэд тайлангаар ил болсон мэдээллийг ашиглаж чадахгүй байгааг Ш.Цолмон сануулсан юм. Түүнчлэн тэрбээр цаашид Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг яаралтай баталж, ОҮИТБС-ын хариуцлагын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй байгааг тэмдэглэлээ.
ОҮИТБС-ыг эдүгээ дэлхийн 49 орон хэрэгжүүлж байна. Энэ дундаа шаардлага хангаад буй 32 орон байгаа бөгөөд 37 улс нь ил тод байдлын тайлангаа гаргаж нийт 1.5 их наяд долларыг орлого төлбөрийг ил болгосон байна.
Б.Төгс