Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сард 4.07 сая тонн байв

Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын коксжих нүүрсний импорт 4.07 сая тонн байсан нь өмнөх оныхоос 17.8%-иар буурчээ. Харин оны эхний 11 сарын байдлаар тус улс 43.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны дүнгээс 20.6%-иар багассан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Хятад улсын хувьд өнгөрсөн онд 62 сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол энэ онд 48-49 сая тонн нүүрс авч, импорт буурах төлөвтэй байна. Гэхдээ импортын хэмжээ ирэх онд дахин буурч магадгүйг шинжээчид сануулжээ. Хятад улс нийт импортолж буй коксжих нүүрснийхээ тал гаруй хувийг Австралиас авч байгаа юм.

Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар оны эхний 11 сарын байдлаар манай улс урд хөрш рүү 12.9 сая орчим тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд үүний дийлэнх нь коксжих нүүрс юм.

Коксжих нүүрсний үнийн хувьд одоогийн байдлаар дэлхийн зах зээлд чанараасаа хамаараад 70-80 ам.доллартай (FOB үнэ) байгаа нь оны эхэн үетэй харьцуулахад бараг 30%-иар буурчээ. Үүний зэрэгцээ томоохон гангийн компани, нүүрс олборлогч компаниудын хооронд нүүрсний гэрээт үнэ ирэх оны эхний улиралд ердөө 81 ам.доллар/тонн байхаар тогтсон нь бас л буурсан дүн юм. Энэ улиралд нүүрсний гэрээт үнэ 89 ам.доллар/тонн байгаа билээ.

 

 

Б.Төгс