Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Эдийн засгийн уруудалт урт хугацааны сайхан ирээдүйг дарагдуулж чадахгүй




ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Тэргүүн, ноён Мэтью ле Блан The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Н.Ариунтуяагийн асуултад хариулсныг уншигчдадаа хүргэж байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл Монгол дахь хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хэрхэн үнэлж байгаа хийгээд цаашдын стратеги ямар байх талаар болон тус банкны хувьцаа эзэмшдэг Монгол дахь томоохон төслүүдийн талаар асуулт хариулт өрнөжээ.

Монгол улсын эдийн засаг амаргүй байгаа цаг үед ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр сууж буйн хувьд Та манай улсын эдийн засаг, нийгмийн байдал, хэтийн төлөвийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?   

Монгол Улс өнгөрсөн хоёр жилд макро эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд явж ирлээ. Энэ нь гол төлөв гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) огцом буурснаас үүдэлтэй. Эрдэс түүхий эдийн үнэ унасны дээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд боломжит хөрөнгө оруулагчдыг үргээсэн өөрчлөлтүүд оруулсан зэрэг өөрөө өөрийгөө боомилсон явдал нэлээд гарсныг Монголын улстөрчид хүлээн зөвшөөрдөг. Үүнээс өмнө, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн хянаж үзэх гэсэн оролдлогууд 2011 онд гарч, тэр нь уул уурхайн эрэл хайгуулыг шинээр хийх ажлыг 2010 онд царцаасантай нийлээд Монгол орны нэр хүндийг аль хэдийнээ унагаад байсан.

Гэхдээ, Монголын Засгийн газар эдгээр асуудлын дийлэнхийг засч, залруулж чадсан. Тэр нь өөрийн онцгой нөөц баялгаа анхаарлын төвд дахин оруулах боломжийг ашиглах бололцоог Монгол Улсад урт хугацаандаа олгох болно. Уул уурхайн жижиг компаниуд зээл авахад хүндрэлтэй байдаг нь аль ч улсад байдаг зүйл. Ганц Монголын төслүүдэд ч тохиолдоод байгаа юм биш. Монгол Улс боломж амласан газар хэвээрээ байгаа.

Нийгмийн талаас нь авч үзвэл, Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагууд (ОУСБ) болон томоохон компаниуд хамтран ажиллаж, 25 жилийн өмнө бидний эхлүүлсэн үйл явц нь ард түмний амьдралыг сайжруулах хамгийн бодит, үр дүнтэй арга зам хэвээрээ гэдгийг харуулах ёстой. Баялгийн үндсэрхэг үзэл явцгүй, захиргаадалтын эдийн засаг явцгүй, эдийн засгийн эрх чөлөөг хавчих явдал явцгүй байдаг. Юу явах вэ гэвэл, зохицон ажиллах чадвар, нээлттэй байдал, эрч хүч, бүтээлч сэтгэлгээ. Энэ бүхэн Монголд, Монголын ард түмэнд байгааг харж болно. ЕСБХБ-ны хуваалцдаг эдгээр суурь үнэт зүйлсийг байгалийн баялагтайгаа хослуулан бэхжүүлбэл Монгол улс давуу тал олж авна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үйл ажиллагаа явуулдаг орны хувьд Монгол Улсын хөгжлийн үйл явцыг хэрхэн үнэлж байгаа бол? Ялангуяа эдийн засгийн орчинд бий болж байгаа бэрхшээлүүд, бас боломж бололцоог юу гэж харж байгаа вэ?
ЕСБХБ-ны хувьд олон талаараа амжилт үзүүлж байгаа үлгэр жишээ орны нэг нь Монгол Улс байсаар байгаа. Бодлогын чиг хандлагыг хурдан сайжруулж чаддаг, нөөц баялаг ихтэй, идэвхтэй ардчилсан орны хувьд Монголын цаашдын хөгжлийн бааз суурь нь маш бат бөх хэвээр байна. Эдийн засгийн өсөлт, уруудалт тус орны урт хугацааны ирээдүй маш сайхан байгааг дарагдуулж чадахгүй.

Гэхдээ, богино болон дунд хугацаанд маш олон сорилт тулгарч байгааг хэлэх нь зүйд нийцнэ. Давах ёстой эхний саад тотгор нь Монголыг хөрөнгө оруулагчдын хараанд хэрхэн буцаан оруулах вэ гэдэг асуудал юм. 2011-2012 оны эдийн засгийн огцом өсөлт ГШХО-ын ач тусаар бий болсон. Ийм байдал дахин давтагдах хэрэгтэй байна. Үүнийг авсан сургамжууд дээр суурилж, зөв арга замаар удирдан хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зөв орчинг хадгалж, төрийн баялгийн тогтвортой сан байгуулан, эдийн засгийн өсөлтийг улстөрчид биш, харин мэргэжлийн хүмүүс удирдан зохион байгуулах явдлыг хангах ёстой гэсэн үг.

Диверсификаци хийхэд тулгарч буй хамгийн том саад нь хүн хүчний капитал байхгүй байгаад оршиж байна гэж би хардаг. Цөөн хүн амтай учир бараа үйлдвэрлэн экспортолж, шинэ өртөг бий болгох чадвартай үндэсний тэргүүлэх компаниуд бий болгоход хүндрэлтэй байна. Тиймээс импортыг орлуулах, монгол бүтээгдэхүүний өөрийн гэсэн төрөлжсөн зах зээл бий болгоход Монгол Улс төвлөрч ажиллах шаардлагатай юм. Өндөр үнэ өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнд зах зээл заавал олддог. Импортыг орлуулахын хувьд, хэдийгээр энэ чиглэлээр сүүлийн үед ихээхэн сайжирч, төлбөрийн баланс ашигтай гарах болсон ч хийх зүйл их байна. Монгол Улс хэтэрхий их зүйл импортолж байна.

Эдийн засгийн хөгжилд учирч буй дараагийн саад тотгор нь арилжааны банк төдийгүй хувьцааны хөрөн­гө оруулагчдын санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал юм. Энэ нь бидний хэлдгээр стратегийн хөрөнгө оруулагчдын тухай ярьж байгаа бөгөөд тийм хө­рөн­гө оруулагчид мөнгө төдий­гүй маш чухал экспертиз, зах зээлийн мэдлэг авчирдаг юм.

Эрдэс түүхий эдийн үнэ их унаж байна. Энэ нь Монгол улсын бондын эргэн төлөлтөд хүндрэл учруулах уу? Хүндрэл учруулна гэвэл өрийг дахин санхүүжүүлэх шинэ бонд гаргах гарц яригддаг. Өрийг ийм замаар дахин санхүүжүүлэх нь ямар эерэг болон сөрөг талтай вэ?

Бондын эргэн төлөлт бол сонирхолтой асуудал. Хэдэн жилийн өмнөөс, Монголын Засгийн газар, Хөгжлийн банк гэх зэрэг олон байгууллага, мөн томоохон компаниуд болон зарим арилжааны банк бонд гаргах замаар мөнгө босгосон. Эдгээрээс багагүй хэмжээний бондын өрийг дараагийн хоёр, гурван жилд төлөх ёстой.

Дахин санхүүжүүлэх боломж гарах учир энэ бол асуудал биш. Харин дэлхий дахинаа өөрчлөлт гарсан, зах зээл Монголын эрсдэлийг өмнөхөөсөө өндөр болгосон гэж үзэх болсноос хамаарч, дахин санхүүжүүлэх үнэ өртөг нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ бол байдал тодорхой бус байсны үр нөлөө, өнгөрсөн үеийн муу бодлогын үр дагавар юм. Өрийн төлбөрийн хуваарийг уян хатан болгож, Оюутолгойн хоёр дахь үе шат эхэлснээс болон уул уурхайн жижиг компаниуд Монголыг бизнес хийхэд тааламжтай газар гэж дахин үзэх болсон тэр үед орж ирэх мөнгөний чухал урсгалд нийцүүлж зохицуулах нь чухал. Бусдын итгэл найдварыг алдахгүй, бодлогоо гэв гэнэт өөрчлөөд байхгүй, гэрээ хэлцлийн халдашгүй байдлыг хүндэтгэж байж л сая Монгол Улс ийм боломж олж авах юм. Энэ бүхэн зах зээл дээрх эрсдэлийн хүлээлтийг сайжруулах, эцсийн дүндээ зээлийн хүүний хувь хэмжээг багасгахад амин чухал байх болно.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкаар үйлчлүүлэгч орны стратеги, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хэлэлцэх зорилготой тус Банкны Захирлуудын зөвлөлийн айлчлал 9 дүгээр сард Монголд болж өнгөрлөө. Захирлуудын зөвлөл Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг хэрхэн үнэлсэн бэ?
2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Монголд айлчилсан Захирлуудын зөвлөлийн 10 гишүүн ЕСБХБ-ны хувьцаа эзэмшигчдийн бараг тал хувийг төлөөлж байсан. Энэ нь Банкны зүгээс Монголыг сонирхож буй түвшний илэрхийлэл болсон. Айлчлалын гол зорилго нь 2013 оны зургадугаар сард Монгол  орны стратегийг баталснаас хойш макро эдийн засгийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтүүдийн хүрээнд тус орон дахь Банкны үйл ажиллагааны нийц, үр нөлөөнд үнэлгээ өгөх явдал байсан. Төлөөлөгчдийн гишүүд Ерөнхий сайд, түүний эдийн засгийн баг, Төв банкны Ерөнхийлөгч, манай түнш банкууд, харилцагч нартай уулзаж ярилцсан.

Төлөөлөгчдөд мөн Улаанбаатараас гадагш гарах боломж гарсан. Монгол улс дахь импортыг орлуулах хамгийн чухал төсөл болсон, барилга, уул уурхайн компаниудыг өндөр чанарын цементээр хангах чадвартай “Монцемент” төслийн бараг хэрэгжиж дуусаад байгаа объектод зочилсон. Тэндээсээ төслийн цар хэмжээ, үйл ажиллагаа, түүний байгаль орчин, аюулгүй ажиллагааны гайхамшигтай сайн стандартыг өөрийн нүдээр харж мэдрэх зорилгоор Оюутолгойд очсон.

Монгол дахь Банкны үйл ажиллагааны цар хүрээ, түүний найдвартай түншийн статус, бодит ололт амжилт Зөвлөлийн гишүүдэд өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Тэд бас Банкинд, ялангуяа уул уурхайн салбарт учирч буй сорилт бэрхшээлүүдийг мэдэж авсан. Энэхүү айлчлал бүхэлдээ ЕСБХБ болон Монгол Улсын цаашдын хамтын ажиллагааны замыг тавьсан ач холбогдолтой юм.

Энэ айлчлалын дараа Монголын талаар баримтлах стратегид өөрчлөлт орох уу? Хэрвээ өөрчлөгдвөл цаашдын хөрөнгө оруулалтын зорилго, бүтэц ямар байх бол?
Шинэ стратеги боловсруулах процесс 2016 оны нэгдүгээр сард эхэлнэ. Гэхдээ манай стратегид суурь өөрчлөлт орохгүй. Харин Монгол Улсын эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг тусгасан зарим нэг зохицуулалт хийх байх. Ойрын ирээдүйд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хүч хэвээр байх бөгөөд шууд санхүүжилт хийх, дотоодын арилжааны банкуудтай хамтран санхүүгийн зуучлал хийх замаар эдийн засгийн диверсификаци хийх, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих, жижиг бизнесийг ахиухан дэмжих явдал нь ажлын байр, үйлдвэрлэлийн нэмүү өртөг бий болгоход тус болох юм.

Онцолж тэмдэглэх нэг зүйл бол улс орны дотоод нөөц бололцоог илрүүлэх зорилгоор орон нутаг дахь хот суурин газрын дэд бүтцийг дэмжих хэрэгцээ байна. Дархан, Эрдэнэт зэрэг бүс нутгийн төвүүд, мэдээж Улаанбаатарт үйл ажиллагаа явуулах гэсэн жижиг бизнесүүдийн нэг гол бэрхшээл бол ложистикийн асуудал юм.

Монгол төгрөгийн ханшийн уналтын үр дүнд дотоодын валютаар санхүүжүүлэх явдал нэмэгдэх төлөвтэй байгаа. ЕСБХБ монгол төгрөгөөр санхүүжүүлэхийг дэмжих олон арга хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд шинээр боловсруулах стратегид энэ талаар системтэй тусгагдах байх.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчийн нэг. Одоогийн байдлаар хэчнээн төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулаад байна вэ?
ЕСБХБ 2006 оны аравдугаар сард Монголд суурин төлөөлөгчийн газраа нээснээс хойш нийтдээ 1 тэрбум америк доллараас давсан өртөг бүхий хөрөнгө оруулалттай 70 орчим төсөлд гарын үсэг зурсан. Үүний хажуугаар хоёр дахин их хэмжээний хамтарсан санхүүжилтын эх үүсвэрийг дайчилж чадсан. Өнөөдрийн байдлаар нийт хөрөнгө оруулалт 600 сая америк доллар хүрээд байна. Үүний тал нь олборлох үйлдвэрлэлд, гуравны нэг нь аж үйлдвэр, худалдаа, хүнсний үйлдвэрлэл (ICA)-д ногдож байна. Тодорхой яривал, бидний ICA-д оруулсан хөрөнгө оруулалт 2013 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 200 сая долларт хүрээд байгаа. Энэ нь тус Банк диверсификаци болон импортын орлуулалтад онцгой анхаарал тавьж буйн илрэл юм. Дотоодын арилжааны банкуудын сүлжээг ашиглан ЖДҮ-ийг санхүүжүүлэхэд зориулж, санхүүгийн байгууллагуудад 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийлээ.

Санхүүгийн хөрөнгө оруулалтаас гадна тус Банк Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жижиг (гол төлөв бичил) бизнесийнхэнд зөвлөгөө өгөх дотоодын зөвлөх компаниудын тодорхой үйлчилгээний төлбөрийн нэг хэсгийг тус Банк санхүүжүүлж байна. ЕСБХБ Европын холбооноос (5 жилийн хугацаанд 3,8 сая еврогоор) санхүүждэг ЖДҮ-ийн Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь жил бүр 60 гаруй компанид ийм дэмжлэг үзүүлэх боломжийг олгож байгаа. Тиймээс онолын хувьд ЕСБХБ нь Монголын эдийн засгийн нэлээд хэсэгт нь хүрч ажиллаж байна.

Санхүүжүүлэх төслөө ямар шалгуураар сонгодог вэ?
ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт бүр банкны шалгарсан зарчмуудыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, тодорхой хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний зорилтууд нь бодитой, үндэслэлтэй байж, компани (дор хаяхад дунд хугацаанд), эсвэл тодорхой салбар (болж өгвөл аль алиных нь)-ын хөгжлийг дэмжсэн байвал зохилтой. Бид бизнесийн шалгарсан зарчмуудыг шаардахын зэрэгцээ цэгц шударга байдлыг хардаг. Хувьцаа эзэмшигчдийн, удирдлагын, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн цэгц шударга байдал, тухайн компани өрсөлдөгчтэйгээ, хан­ган нийлүүлэгчтэйгээ, үйлч­лүүлэгчтэйгээ, эсвэл Засгийн газартай харилцаж бизнесээ явуулж буй байдлыг харна.

ЕСБХБ нь мэдээж өөрийн хөрөнгө оруулалтаар дам­жуулан, байгаль орчны стан­дарт, жендерийн тэгш байдал, оролцоо зэрэг хөгж­лийн бусад зорилтыг хангахыг эрмэлздэг. Бид өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ санал болгох төслийг судлахдаа сайн түүх, сайн бизнес, хүчтэй алсын ха­раа гэсэн 3 шалгуурыг үндэс болгодог.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголд хувьцаа эзэмших замаар шууд хөрөнгө оруулалт хий­сэн цөөнгүй төсөлтэй. Эдгээр төсөл хүлээсэн, төлөв­лөсөн үр дүнг үзүүлж чадаж байна уу?
Хувьцааны хөрөнгө оруулах замаар санхүүжилт хийх нь ЕСБХБ-ны санхүүжилтын нэг чухал хэсэг юм. ЕСБХБ-ны хувьцааны хөрөнгө оруулалтын зорилго нь гол төлөв нөлөө бүхий цөөнхийн хувьцаа эзэм­шиг­чийн үүрэг гүйцэтгэх явдал юм. Мөн хувьцааны хөрөнгө оруулалтын замаар компанийн стратеги, бүтэц, нийт үр дүн, хариуцлагын тогтолцоонд илүү нөлөө үзүүлж болно.

Монгол дахь ЕСБХБ-ны хувьцаа эзэмшил нь улс орны макро эдийн засгийн байдлын нөлөөнөөс мэдээж хамааралтай байдаг. Харин холбогдох компаниуд гайхалтайгаар ихээхэн сайжирч, өөрийн орлого үйлдвэрлэгч гол хөрөнгө, хөгжлийн стратеги, түүний дотор экспортод илүү төвлөрч ажилладаг болоод байна.

Үнэ өртөг нэмэх болон ЕСБХБ-ны оролцооны ач холбогдол тухайн компанийн хувьд багассан тохиолдолд амжилттайгаар гарч явах суурь нөхцөлийг бүрдүүлэх нь ЕСБХБ шиг хөрөнгө оруулагчдын хувьцааны хөрөнгө оруулалтын амжилтын түлхүүр нь байдаг.

Эрдэс түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэйгээр Монголын уул уурхайн салбарт ЕСБХБ-ны оруулсан хөрөнгө оруулалт эрсдэлд орж байна. Ялангуяа MMC-ийг онцолмоор байна. Банк энэ сорилтод ямар хариу барих вэ? Төслүүдийн ирээдүйг ЕСБХБ юу гэж харж байгаа вэ?
Эрдэс түүхий эд, ялангуяа нүүрс, төмрийн үнэ огцом унасан, арай бага хэмжээгээр зэсийн үнэ унаснаас болж Монголын уул уурхайн компаниуд хохирол амссан нь үнэн. Эдгээр компанийн ашигт ажиллагаа, хамгийн гол нь бэлэн мөнгөний урсгал буурсан. Энэ хүнд нөхцөл байдал, дээрээс нь олон компани уул уурхайгаас орж ирж байсан бэлэн мөнгөний илүүдэл хэсгийг аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн төсөлд зарцуулдаг байсан учир одоо тэдний төлбөрийн баланст дарамт учрах боллоо.

Ийм нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах хоёр л зам байна. Зээлийн нөхцөлд өөрчлөлт хийх, эсвэл нэмэлт хувьцааны хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх. Одоогийн уул уурхайн компаниудын бүтцэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах цаг болсон гэж бид үзэж байна. Ийм хувьцааны хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын нэр хүнд зээлийн төлбөрийн бүтцэд уян хатан өөрчлөлт хийхэд тус дэм болох юм. Үүнийг хийхэд итгэл найдвар алдахгүй, зардлаа танах (тухайлбал, илүү сайн ложистик зохион байгуулалт хийх замаар) тодорхой төлөвлөгөө гаргасан, ил тод байдал, компанийн засаглалын сайн үүх түүхтэй байх явдал амин чухал үүрэгтэй.

Төрийн банк хувьчлагдах жагсаалтад орсон. Европын сэргээн босголт, хөгжлийн банк Төрийн банкинд хувьцаа эзэмшиж байгаа юу? Хэрвээ хувьчлагдвал ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

ЕСБХБ нь Төрийн банкинд хувьцаа эзэмшдэггүй. Банкийг хувьчилбал ЕСБХБ-ны гол анхаарах зүйл нь түүнийг худалдан авч байгаа хөрөнгө оруулагчийн чанар чансаа, түүний цэгц шударга байдал, хөгжлийн төлөвлөгөө нь ямар байна вэ гэдэг асуудал байх юм. Зарчмын хувьд санхүүгийн шинэ түнш байгууллагатай харилцахдаа ЕСБХБ онцгой болгоомжтой байдаг. Хэрвээ хувьчлал явагдвал, бидний зүгээс банктай харилцан ажиллах уу, үгүй юу гэдгийг тодорхойлох шалгуурууд нь ил тод байдал, компанийн засаглал, болгоомжтой байх явдал бөгөөд түүний зэрэгцээ (лизинг, факторинг буюу авлага худалдан авах, эсвэл эрчим хүчний үр дүнтэй ажиллагааг санхүүжүүлэх зэрэг) санхүүжилтын шинэ төрөл бий болгон хамтран ажиллахад нээлттэй байх болно.

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд ЕСБХБ тэргүүтэй банкны синдикатын санхүүжилт авч магадгүй тухай яригддаг. ЕСБХБ-д Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтэд оролцох сонирхол хэвээр байгаа юу?
Оюутолгойн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхлэх гэж байна. Энэ шатанд тус уурхайн үнэ цэнийн 80%-ийн асуудал яригдаж байгаа учир Монголын хувьд туйлын чухал үе ирээд байна. Саяхан Оюутолгойн ханган нийлүүлэгчдийн форум маш амжилттай болж өнгөрлөө. 600 компани оролцсоноос 400 нь Монголынх байлаа.

Энэхүү үе шатны үйл ажиллагааг 4,2 тэрбум америк долларын багц зээлээр санхүүжүүлэх юм. 2013 оны гуравдугаар сард ЕСБХБ-ны Захирлуудын зөвлөл Оюутолгойд шууд олгох 400 сая долларын зээлийг баталсан. Дээр нь 800 сая долларын синдикат зээл босгосон. Энэ бүхэн нь Олон улсын санхүүгийн корпораци зэрэг бусад зээлдэгчийн гаргасан багц зээлийн хэмжээтэй дүйцэж байгаа юм. Оюутолгой төсөл нь Монголын ирээдүйг өөрчлөгч хүчин зүйл болох учир ЕСБХБ байнга дэмжиж ирсэн. Тиймээс ЕСБХБ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд оролцох хэвээр байгаа. Өнгөрсөн тавдугаар сард Дубайд болсон хувьцаа эзэмшигчдийн яриа хэлэлцээний үр дүнд  Хөрөнгө оруулалтын гэрээнд тодруулга хийж чадсан нь тус салбар дахь цаашдын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээсэн хэрэг болсон. Энэ бол Монгол Улс “Рио Тинто” зэрэг чухал компанийг татах төдийгүй гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай шударга, эрх тэгш хэлэлцээ хийх чадвартай гэдгийг нотолсон үйл явдал байлаа. Ийм итгэл найдварыг хадгалах явдал уул уурхай төдийгүй хүнсний үйлдвэрлэл, технологи, тээврийн салбарт нэр хүнд бүхий хөрөнгө оруулагчдыг цаашид татаж, Монгол Улс өөрийн асар их байгалийн баялгаа хөгжилд ашиглахад тус дөхөм үзүүлэх болно.

ЕСБХБ 50 MW хүчин чадалтай Салхитын салхин цахилгаан станцын 25 хувийг эзэмшдэг. Станц үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрлөө.  Хүлээсэн үр дүнд хүрч чадаж байна уу?
Салхитын цахилгаан станц бол Банкны хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд ч тэр амжилттай төсөл болсон. Энэ бол 2013 оны зургадугаар сараас үйл ажиллагаа явуулж байгаа бүрэн хэрэгжиж дууссан төсөл.  Станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Монголын компаниуд, эрх баригчид нэг баг болон ажиллавал ямар ч хүнд бэрх төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулж чадсан. Монгол дахь анхны, жинхэнэ төр-хувийн хэвшлийн түншлэл болж чадсанаар бусад салбарт олон олон төсөл хэрэгжүүлэх үүд хаалгыг нээж өгсөн ач холбогдолтой юм.

Сэргээгдэх эрчим хүчний үе шаттай үнэ тарифын тогтолцоо нь ерөнхийдээ нэг том сорилт гэдгийг хэлэх нь зүйд нийцэх байх. Учир нь, монгол төгрөгийн ханш унаж байгаагаас эцсийн хэрэглэгчид үйлчилж буй үнэ тариф хохиролтой болж байна. Гэхдээ нүүрсээр ажилладаг эрчим хүчний уламжлалт үйлдвэрлэлийн гадаад хүчин зүйлсийг тооцож үзвэл салхины эрчим хүчний үнэ тариф тийм ч өндөр биш юм. Урт хугацаанд авч үзвэл, нүүрсэнд өгдөг татаас, тээврийн зардал, хуучны ДЦС-ууд дахь усны хэт их хэрэглээ, үндсэн хөрөнгийг арчилж тордоход олгох буцалтгүй тусламж, мөн мэдээж агаарын бохирдол зэрэг нь нүүрсээр ажилладаг уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү зардал өртөгтэй болгож байна.

Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа тодорхой томьёолон гаргасан бөгөөд саявтар улам сайжруулсан нэмэлт өөрчлөлт хийсэн. Үүгээр 4 төгрөгийн ногоон үнэ тариф тогтоож, нэг худалдан авагчийн загварын бүтцийг улам оновчтой болгосон байна. Энэ бодлого бол эрчим хүчний бие даасан байдлыг илүү сайжруулах, үнэ өртөг ихтэй импортоос бага хамааралтай болох гэсэн зөв чиглэлд хийсэн алхам юм. Тогтвортой хөгжил бол урагш ахих зам бөгөөд Монгол Улсын байгалаас заяагдсан өрсөлдөх давуу талаа сайн ашиглах боломж олгож байна.

The Mongolian Mining Journal. 2015.11 сар №/084/