Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Багануурын уурхайд Hitachi фирмийн автосамосвалууд нийлүүллээ



“ЗаМайн Сервисиз” ХХК дэлхийд алдартай Hitachi фирмийн 60 тонны даацтай,  EH1100 маркийн  хоёр автосамосвалыг Багануурын уурхайд хүлээлгэн өгөх ёслол арванхоёрдугаар сарын 9-нд боллоо.

“Багануур” ХК-ийн захиргааны байрны өмнөх талбайд “Жонон” хамтлагийн хөгжмийн аялгуугаар эхэлсэн уг ёслолд  “ЗаМайн Сервисиз” ХХК-иас Гүйцэтгэх захирал Э.Тоёошима, тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.Баатарсайхан, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан,  “Багануур” ХК-иас Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр,  Үйлдвэрлэл хариуцсан дэд  захирал Н.Базарсүрэн, Хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал П.Найданзул нарын хүмүүс оролцож, тууз хайчлав.

“Багануур компанитай бид олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Үүний нэг нь энэ юм. Хитачигийн бүтээгдэхүүнүүд Монголын өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байгаад  баяртай байна. Манай компани “Багануур” ХК-д бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж ажиллахаас гадна засвар үйлчилгээний тал дээр хамтран ажилладаг. Энэ хоёр автосамосвал бол  өндөр стандартын техникүүд. Хамгийн урт  ажилласан цагтай техникүүд болно гэж итгэж байна”  хэмээн ноён Э.Тоёошима нээлтийн үгэндээ онцоллоо.

Мөн  “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Өнөөдөр манай уурхайд сайхан үйл явдал болж байна. Өмнө нь “ЗаМайн Сервисиз” компани манайд хоёр экскаватор нийлүүлсэн. Амжилттай сайн ажиллаж байна. Багануурын уурхай 300 мянган тонн нүүрс яаралтай тээвэрлэх шаардлагатай байгаа. Энэ үйл ажиллагаанд Хитачи-гийн автосамосвалууд  ихээхэн дэмжлэг болно” хэмээн ярилаа.  “Багануур” компани   “Монгол нүүрс” төслийн хүрээнд  АНУ-ын “Катерпиллар”, Японы “Комацу” фирмийн автосамосвалуудыг  ашиглаж, нэлээд  ажил гүйцэтгэж иржээ.

Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард 100 сая тонн нүүрс олборлож, өндөр амжилт үзүүлсэн байна. Багануурын уурхайг  2018 он хүртэл хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.  Энэхүү төлөвлөгөө, зорилтын хүрээнд тус уурхайг өргөтгөх, шинэчлэх ажлууд нэлээд хийгдэж байгаа бөгөөд эхний ажил нь Хитачи брэндийн техникүүдийг худалдаж авсан явдал гэдгийг  “Багануур” ХК-ийн удирдлагууд илэрхийллээ. “Багануурын цахилгаан станцын асуудал ид яригдаж байгаа, энэ хүрээндээ Нүүрс худалдан авах гэрээний ажил үндсэндээ дуусчээ. Тавдугаар цахилгаан станц  ашиглалтад орвол Багануурын уурхайгаас  нүүрс нийлүүлэхээр гэрээгээ боловсруулаад байгаа аж. 

“Цаашдаа эрчим хүчний шинэ хэрэглээ бий болох нь тодорхой. 2020 он гэхэд манай уурхай жилдээ 10 сая тонн нүүрс олборлож, боловсруулах хүчин чадалтай болно. Ингэхийн тулд нүүрсний ордын геологи, хайгуулыг шинэчлэх шаардлагатай. Уурхайн нүүрсний нөөцийг 812 сая тонн гэж одоогоор тогтоогоод байна. Багануурын уурхайг өргөтгөх ажлын хүрээнд дэлхийн тэргүүлэх, өндөр бүтээмжтэй Хитачи фирмийн техникүүдийг ашиглах болж байгаа нь зөв зүйтэй бодлого болж байна” хэмээн “Багануур” ХК-ийн Хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал П.Найданзул  ярилаа.

 “ЗаМайн Сервисиз” ХХК нь “Марубени” корпораци болон “Таванбогд” группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны гуравдугаар сараас “Хитачи Констракшн Машинери” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн юм.
Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ хэдийнэ танигджээ.  Эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд Хитачи брэнд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чаджээ.

60 тонны даацтай, EH1100 маркийн хоёр автосамосвалыг хүлээлгэн өгөх  үйл  ажиллагаа Багануурын уурхайн Бригадын ахлагч нарт итгэмжлэл гардуулах ёслолоор үргэлжилсэн юм.  Бригадын ахлагч нар дэлхийн нэр хүндтэй автосамосвалуудыг хүлээн авсны дараа шинэхэн техникүүдээ асаалаа.


 
“Хитачи” брэндийн техникүүд амжилттай ажиллаж байна
 “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн   Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан:
Багануурын уурхайд 2014 оны нэгдүгээр сард  нийлүүлсэн  ZX870H экскаватор маань 10,400 гаруй мото/цаг ажиллаж байна.  Үүнийг өдөрт хуваах юм бол нийтдээ 21,4 мото/цаг болно. Энэ нь “Хитачи” брэндийн тоног төхөөрөмж хэр амжилттай ажиллаж байгааг харуулж байгаагаас гадна сэлбэг нийлүүлэлт хугацаандаа ирдэг, сул зогсолт багатай, бэлэн байдлын коэффициент өндөр байна гэсэн үг. Энэ нь манай компанийн томоохон амжилт юм.

Ижил төстэй брэндүүдийг бодвол даац илүү
“ЗаМайн Сервисиз” ХХК-ийн Худалдаа, маркетингийн менежер Ц.Чинзориг:


“Хитачи” үйлдвэрийн автосамос­валууд нь ижил төстэй брэндүүдийг бодвол даацын хувьд илүү байдаг. Бэлэн байдал өндөр, бүтээмж сай­тай. “Багануур” ХК-ийн тендерт ма­най компани тэнцээд анх удаа 60 тонны автосамосвалууд нийлүүлж байна. Хүйтний улиралд тохируулсан нарийн нэмэлт тоноглолуудтай. Бид тухайн компанидаа мото/цаг харгал­захгүйгээр нэг жилийн баталгаа олгодог юм.

Япон чанар, монгол хүний хичээнгүй чанартай хослуулж ажиллана
Багануурын уурхайн Бригадын ахлагч Г.Батжилжав:

Би энэ уурхайд 12 жил тасралтгүй ажиллаж байна. Өмнө нь би Японы техникүүд дээр ажиллаж байсан.  Жолоочийн аюулгүй байдлыг хангасан сайхан техникүүд байдаг. Япон чанар, монгол хүний ажилч, хичээнгүй чанартай хослуулж, үр бүтээлтэй сайн ажиллах болно. Өнөөдрөөс энэ хоёр автосамосвал шууд уурхай дээрээ ажиллана.


Шинэ техникээ жолоодоод шууд уурхай руугаа хөдөлнө дөө
Багануурын уурхайн Бригадын ахлагч Б.Энхдолгор:

Би Багануурын уурхайд 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Орчин үеийн электронжсон сайхан техниктэй болсондоо баяртай байна. Манай бригад дөрвөн оператортой. Олон жил хамт ажилласан, туршлагатай, сайн залуучууд ажилладаг. Шинэ техникээ жолоодоод шууд уурхай руугаа хөдөлнө дөө.


Богино зайд маневрлах чадвартай юм билээ
Багануурын уурхайн оператор С.Галбадрах:     

Би урьд нь “Комацу”, “Терех” брэндийн техникүүдийг жолооддог байсан.  Монголд орж ирсэн “Хитачи” фирмийн автосамосвалуудыг анх удаа жолоодох гэж байна. Уулын ажилд богино зайд маневрлах чадвартай юм билээ. Тоормоз сайтай. Ийм сайн техниктэй болсноороо манай уурхай илүү сайн амжилт гаргах байх.  Уулын ажил сайн техникээр л хийгддэг. Операторууд маань шинэ автосамосвалтай болсондоо баяртай байна.