Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 23-24-ний өдрүүдэд Исламын Бүгд Найрамдах Иран улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Айлчлалын үеэр Л.Пүрэвсүрэн сайд Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Төв Банкны дэд Ерөнхийлөгч Голамали Камяб, Хөдөө аж ахуйн сайд Мохаммед Ходжати, Газрын тосны сайд Бижан Занганех нартай уулзалт хийсэн байна.
Айлчлалын үеэр тус улсын Газрын тосны сайд Бижан Занганех Монгол улс руу газрын тос экспортлоход бүрэн боломжтойг илэрхийлэв. Иран улс Монголчуудыг газрын тосны чиглэлээр богино хугацааны сургалтад хамруулахад бэлэн байна. Гэхдээ Монгол улс нь далайд гарцгүй улс тул бүтээгдэхүүнийг зөвхөн Хятадын нутгаар дамжуулан экспортолно. Иймд юун түрүүнд Монгол, Хятад хоёр улс энэ чиглэлд тохиролцох хэрэгтэй гэж мэдэгджээ.
Иран улс нь манай улсын эрчим хүч, зам барилга, уул уурхайн салбарт хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаа юм.
Иран улстай манай улс соёлын чиглэлд харилцаагаа цаашид өргөжүүлэх боломж бүрэн бий. Айлчлалын үеэр мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Ираны холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй Ил Хаант Улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж, Монголын боловсон хүчнийг ИБНИУ-д бэлтгэх асуудлаар ярилцав.
Б.Төгс