Дэлхийн гангийн холбооны мэдээгээр 11 дүгээр сард дэлхийн гангийн үйлдвэрлэл 126.8 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 4.1%-иар буурчээ. Хамгийн том үйлдвэрлэгч Хятадын үйлдвэрлэл 63.3 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 1.6%-иар, Японы гангийн үйлдвэрлэл 8.7 сая тонн болж, 4.7%-иар тус тус буурсан байна. Мөн АНУ-ын үйлдвэрлэл 6.1 сая тонн болж 15.6%-иар, ОХУ-ынх 5.7 сая тонн болж 3.1%-иар буурсан бол Энэтхэг, Өмнөд Солонгос үл ялиг буурсан байна.
Харин 2015 оны эхний 11 сарын үйлдвэрлэлийн хэмжээг 2014 оны эхний 11 сартай харьцуулбал дэлхийн гангийн үйлдврэлэл 2.8%-иар буурч, 1 тэрбум 471 сая тонн болжээ. Бүс нутгаар нь ангилж үзвэл Хойд Америкийн үйлдвэрлэл 8%-иар, Азийнх 2.2%-иар, Европын холбооных 1.6%-иар тус тус буурсан байна.
Гангийн томоохон үйлдвэрлэгч улсуудын үйлдвэрлэл ч бүгд буурсан үзүүлэлттэй байна. Хятадын үйлдвэрлэл 2.2%-иар буурч 738.4 сая тонн, Японы үйлдвэрлэл 5%-иар буурч 96.5 сая тонн, Өмнөд Солонгосын үйлдвэрлэл 2.9%-иар буурч 63.8 сая тонн, Тайванийн үйлдвэрлэл 5.9%-иар буурч 19.8 сая тонн, Бразилын үйлдвэрлэл 1.9%-иар буурч 30.8 сая тонн, ОХУ-ын үйлдвэрлэл 0.2%-иар буурч 65.16 сая тонн болжээ. Ганцхан өсөлттэй орон байгаа нь Энэтхэг бөгөөд 2.8%-иар өсч 82 сая тонн болсон байна.
Хэдий Хятадын гангийн үйлдвэрлэл буурсан ч гангийн экспорт нь 22%-иар нэмэгдэж, 101.7 сая тонн болжээ. Хятадын Сангийн яамнаас ган үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оноос экспортын татварыг 25 хувиас 20 хувь болгож бууруулахаар төлөвлөж байна.
С.Болд