Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Ростех” корпораци Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

Э.Жаргал

2015 оны 10 дугаар сараас “Эрдэнэт” болоод “Монросцветмет” компани дахь “Ростехнологи”-ийн тус бүрийн 49%-ийн эзэмшил “Ростех” корпорацийн мэдэлд шилжээд байгаа юм. Ингэснээр “Ростех” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “РТ-Глобальные ресурс” компани “Эрдэнэт”, “Монросцветмет” хамтарсан нэгдлүүдийн Оросын талын менежментийг хариуцан ажиллахаар болж байна.

Өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-ын Төрийн мөнгөний хяналтын зөвлөлөөс “Эрдэнэт” үйлдвэрт хэд хэдэн асуудал тавьсан юм. “2015 оны ногдол ашиг болох 47 сая ам.долларыг Оросын талд төлөөгүй, жилд 35 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөө биелэгдээгүй, Үйлдвэрлэлийн зөвлөлд багтдаг Монголын тал Оросын талтай зөвшилцөөгүйгээр бие дааж шийдвэр гаргасан “ зэрэг асуудал үүнд багтжээ. 

“Ростех” корпораци 2008 оноос үйлдвэрлэл, технологи, санхүү болон бизнесийн тогтолцоогоо илүү сайжруулах чиглэлээр шинэчлэл хийхийн зэрэгцээ Монгол улсын эдийн засгийн байдлыг тогтмол ажиглаж ирсэн” хэмээн Ерөнхий захирал Сергей Чемезов мэдэгджээ. Тэрээр хоёр улсын хамтарсан “Эрдэнэт” ХХК, “Монросцветмет” нэгдлийн Оросын талыг хариуцсан даргаар ажилладаг. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд багагүй нөлөөлж байгаа талаар Оросын тал нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Тиймээс хамтарсан нэгдлүүдэд Оросын талын хувь эзэмшилтэй холбоотой өөрчлөлт шинэчлэл хийгдсэнээр үйлдвэрийн үйл ажиллагаанд тулгараад буй хямралыг даван туулна гэж үзэж буй аж.

Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны дунд хугацааны түргэвчилсэн төлөвлөгөөг шинээр боловсруулахдаа удирдах бүрэлдэхүүний шинэчлэл хийхээс гадна зардлыг бууруулж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх хямралын эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнчлэн корпорацийн засаглалын хэм хэмжээг олон улсын стандартад нийцүүлэхээр тусгажээ. Зардлыг бууруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 2018 он хүртэл нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдахгүй гэж үзэж байгаа аж. Харин урт хугацааны төлөвлөгөөнд “Эрдэнэт” УБҮ-ийн хүдэр боловсруулалтыг 2018 онд 32 сая тонн, 2025 онд 40 сая тоннд хүргэхээр тусгасан байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд шинэ стратеги хэрэгтэй гэж “Ростех” корпорацийн зүгээс үзэж байгаа бөгөөд хоёр улсын хамтарсан компанийн менежментийн багийг шинэчлэхээр төлөвлөж буй юм. Шинэчлэлийн хүрээнд менежментийн багт “Норильский  никель”, “Русал” компаниудын топ менежерүүд ажиллахаар болж байна. 

Оросын төрийн өмчит корпораци нь 400-500 охин компанитай. Украинтай холбоотой асуудлаас үүдэн АНУ-аас “Ростех” корпорацийн тэргүүн Сергей Чемезов болон зарим охин компанид хориг тавьсан юм. Энэ хориг нь “Ростех”-ийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй болохыг тус корпорацийн тэргүүн мэдэгдэлдээ дурдсан аж. 

“Ростех” корпорацийн хувьд Монголын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхдээ юуны түрүүнд уул уурхайн олборлолт боловсруулалт, эрчим хүч-дулаан үйлдвэрлэл, дэд бүтцийн салбаруудад анхаарал хандуулахаар төлөвлөж буйг Сергей Чемезов онцлон тэмдэглэжээ. n