Хятадын Засгийн газар ирэх гурван жилд буюу 2019 он хүртэл шинээр нүүрсний уурхайд зөвшөөрөл олгох байхаар шийдвэрлэлээ. Нөгөөтэйгүүр ирэх жил нүүрсний 1000 жижиг уурхайг хааж, 60 сая тонны илүүдэл олборлолтыг танахаар болжээ.
Хятадын Засгийн газар эрчим хүчний зорилтоо шинэчилж, 2016 онд чулуужмал бус түлшний эх үүсвэр бүхий эрчим хүчний нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувийг 13.2% болгохоор шинээр төлөвлөжээ. Энэ жил уг үзүүлэлт дөнгөж 12%-тай байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар Хятадын нийт эрчим хүч үйлдвэрлэл 1505 ГВт хэмжээнд хүрч нэмэгджээ.
Сэргээгдэх эрчим хүчний хувьд ирэх таван жилд Хятад улс “эрчимтэй” бодлогоо улам өргөжүүлэх бөгөөд нэмж 20 ГВт бүхий салхин турбин, 15 ГВт бүхий нарны станц байгуулахаар зорьж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) 11 дүгээр сард гаргасан Дэлхийн эрчим хүчний төлөв тайланд Хятад улс нүүрсний оргил хэрэглээний үеэ 2013 онд аль хэдийнэ үдчихсэн байж магадгүй гэсэн агуулгыг тусгасан байсан юм. Хэдийгээр тус тайланд 2020 он хүртэл тус улсын нүүрсний хэрэглээ өснө гэж тэмдэглэсэн ч эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтээс нь үүдэн эрчим хүчний нүүрсний эрэлт нь сулрах эрсдэл өндөр байгааг онцолсон.
Хятадын хувьд агаарын бохирдлоо шийдвэрлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахын тулд нүүрснээс эрчим хүч, дулаан гаргах төслүүдийг аль болох хязгаарлах ганц сонголт үлдээд байгаа юм. Эрчим хүчний ирэх оны зорилтод Хятад улс нийт эрчим хүч үйлдвэрлэл дэх нүүрсний станцын эзлэх хувь энэ жил 64.4% байгааг ирэх онд 62.6% болгох зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн байгалийн хийн эрчим хүчний хэрэглээг бага зэрэг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.
Гэхдээ Хятад улсын хувьд нүүрс гол
эрчим хүчний эх үүсвэр хэвээр байх бөгөөд гол нь чанар муутай, хорт элемент
ихтэй нүүрсний уурхайг хааж, илүү чанартай нүүрсний уурхайд хөрөнгө оруулах
хандлага барьж эхэлж буйг шинжээчид тайлбарлаж буй. Хятад улс ийнхүү нүүрсний
үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэхээр идэвхийлж буй бол Япон, Өмнөд Солонгос
зэрэг хөгжингүй улс орнууд нүүрсний станцынхаа тоог нэмэгдүүлэх бодлогоо
орхихгүй болохыг Парисын хэлэлцээрийн дараа ч гэсэн баталсан хэвээр. Япон улс
ирэх арван жилд 41 ширхэг нүүрсний станц, Солонгос 2021 он гэхэд 20 станц
шинээр барихаар төлөвлөснөө хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэхээ мэдэгдээд буй юм.
Б.Төгс