Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны (CRIRSCO) ээлжит хурал арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 4-нд Бразил улсын нийслэл Бразилиа хотод болжээ. Тус хурлаар Бразил улсыг CRIRSCO-ийн ес дэх гишүүнээр элсүүлсэн байна. Австрали, Канад, Чили, Европ, ОХУ, Өмнөд Африк, АНУ-ын төлөөллүүд оролцсон тус хуралд Монголын Геологи Уул уурхайн мэргэжлийн институт /МГУУМИ/-ийн Гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, Ашигт малтмалын нөөцийг тайлагнах хорооны дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцоод иржээ. Хурлын талаар Ашигт малтмалын нөөцийг тайлагнах хорооны дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.Г.Идэрхангай
CRIRSCO-ийн энэ удаагийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?Бразил улсыг гишүүнээр элсүүлэх, мөн гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн улсуудыг хэлэлцэх, CRIRSCO-ийн гаргасан баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцлээ.
Монгол улс энэ байгууллагын гишүүнээр элсээд нэг жил болж байна. Монголын ашигт малтмалын нөөцийг тайлагнах журмыг монгол хэл рүү орчуулсан нь хамгийн том ажил. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн энэ мэт ажлаа танилцууллаа. Манайхыг хүлээн зөвшөөрөх хүсэлтээ Чили өгсөн байна. Канад, Америк ч энэ чиглэлд алхмуудаа хийх байх.
CRIRSCO-ийн дараагийн гишүүнээр Казахстан, Хятад, Энэтхэг улс элсэх тул төлөөлөгчид нь ажиглагчаар оролцож, хийсэн ажлуудаа танилцуулсан. Казахстан манай улсын ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллыг хуулбарлаж. Хоёулаа социалист лагерийн улсууд байсан болохоор нөөцийн ангилал, тайлан унших журам нь адилхан. Гишүүн байгууллагууд танилцуулгаа хийж байхад хоёр зүйл ажиглагдсан. Нэгд, CRIRSCO-ийн хүрээ тэлж байна. Ес дэх гишүүн байгууллагын араас Казахстан, Энэтхэг, Хятад элсэнэ. Англи хэлээр ярьдаг орнууд биш болж байгаа болохоор хэлний асуудал яригдаж байна. Өөр нэг зүйл бол дэлхийн эрдэс баялгийн ихэнх хувь нь ногддог энэ гурван том улс CRIRSCO-г өргөжүүлнэ. Ерөнхийдөө энэ байгууллага ашигт малтмалаар нэн баялаг, уул уурхай хүчтэй хөгжсөн орнуудыг гишүүнээр элсүүлж байна.
Хэлний асуудлаас гадна улс төрийн огт өөр бүтэцтэй орнууд CRIRSCO-д нэгдэн орж байна. Энэ нь гишүүнчлэлд бэрхшээл учруулах болов уу?Тиймээ. Дан англи хэлтэй орнууд гишүүнээр элсэж байсан бол ирэх жилээс улс төрийн өөр бүтэцтэй орнууд орж ирэх гэж байна. Энэ бүхэнд тааруулж ажиллана гэдэг CRIRSCO-д хүндрэлтэй. Учир нь, CRIRSCO-гийн баримтлах журамд энэ талын нарийн зохицуулалтууд ороогүй.
Бразил улс хэдийгээр 200 сая хүн амтай, том газар нутагтай ч өөрийн гэсэн ашигт малтмалын нөөцийн ангилалгүй явж ирсэн. Энэтхэг өнөөг хүртэл НҮБ-ын нөөцийн ангиллын системтэй. Хятад ч ялгаагүй. Энэ бүхнийг өөрчлөх асуудал тавигдаж байгаа.
CRIRSCO-гийн гишүүн орнуудын ашигт малтмалын ордуудын тайлан, журмууд нь Олон улсын бирж дээр гарахад их дөхөмтэй. Монгол улсыг “мэргэшсэн этгээд” гээд хуульдаа оруулчихсан болохоор Нью Йоркийн бирж дээр гарахад асуудалгүй гэж ярьж байна лээ.
Казахстан улс Монголоос туршлага судалж байгаа. Ирэх оны дөрөвдүгээр сард тус улс CRIRSCO-д элсэх юм байна. Хятад улс 2016 ондоо багтаж элсэх нь. Энэтхэг ирэх хоёр жилдээ элсэх тухай ярьж байна. Ерөнхийдөө Монгол улс CRIRSCO-д элссэн нь Азийн орнуудад үлгэр жишээ үзүүлж байна. Азийн орнууд бүгдээрээ л энэ байгууллагад элсэх хүсэлтэй болжээ.
Монгол улсын хувьд мэргэшсэн инженерүүддээ зориулсан сургалтууд явуулах хэрэгтэй. Биднийг Бразил руу явахын өмнө Уул уурхайн сайдын тушаалаар мэргэшсэн инженерийн зэрэг олгох эрхийг Монголын Геологи, Уул уурхайн Мэргэжлийн Институдэд олгосон. Инженерүүд маань өөрсдийгөө байнга хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа.