Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн Быстринский ордын төсөлд Хятад хамтрана

ОХУ-ын Чита муж дахь алт, зэсийн Быстринский ордын лиценз эзэмшигч “Норникель” компани хувьцааныхаа 13.3%-ийг 100 сая ам.доллараар Хятадын консорциумд худалдахаар тохиролцлоо. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлэлцээрийн гэрээг Оросын гадаад хөрөнгө оруулалтын комисс зөвшөөрөл олгосны дараа үзэглэх аж. Хятадын талаас “Highland Fund” сан Оросын компанийн хувьцааг эзэмших юм. 
  
Тус наймааг Хятадын хөрөнгө оруулалтын “Hopu” сан зохион байгуулсан тухай ойрын эх сурвалжаас мэдээлсэн байна. “Hopu” сан нь Оросын зэсийн Удокан ордын төсөлд хөрөнгө оруулахаар 2014 онд “Металинвест” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ч 2015 онд цуцалсан билээ.  

Хятадын хөрөнгө оруулагчид “Норникель” компанийн хувьцааг худалдан авах болсон гол шалтгаан нь Быстринский орд газарт түшиглэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбоотой. Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар “Норникель” компани уг төсөлд 650 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 20 жилийн ашиглалтын нөөцтэй ордыг түшиглэн  байгуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2017 онд эхлүүлж, 2018 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төслийн төлөвлөгөөнд тусгасан байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа жилд 10 сая тонн хүдэр баяжуулахдаа 65 мянган тонн зэс, 6.3 тонн алт, 35.9 тонн мөнгө,  2.1 сая тонн төмрийн баяжмалыг тус тус үйлдвэрлэнэ. Мөн төслийн хүрээнд  375 км бүхий “Нарын-Лугокан” салаа төмөр замыг шинээр байгуулах юм. 

Хятадын хилээс 300 км зайд орших Быстринский ордын төсөлд Швейцарийн “Trafigura”, Японы “Mitsui” компаниуд хамтран ажиллахаар сонирхож байгаа аж.

Э.Од