Сергей Чемезовын тэргүүлж буй “Ростех“ корпораци нь бизнес стратегиа дахиж нягтлан шинэчилж байна. Энэ тухай тус корпорацийн мэдлийн “Ростех-Бизнес хөгжил” компанийн Ерөнхий захирал Андрей Коробов мэдэгджээ. Тус компани ирэх жилүүдэд гадаад хөрөнгө оруулалт татаж, Азийн зах зээлд гарах зорилгоор түүхий эдийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
“Үйлдвэрлэл ашиггүй, бүгд зах зээлийг орхиж байгаа энэ үед түүхий эдийн төслүүдийн хувьцааг худалдан авах цаг гэж бодож байна. Ирээдүйд түүхий эдийн үнэ өсч, эрэлт нэмэгдэх нь мэдээж юм” хэмээн Андрей Коробов ярьжээ. Энэ үүднээс Хятадын “China Shenhua Energy” компанитай хамтран Амар мужид нүүрсний төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж, Энэтхэгийн “Global Steel Holdin” компанитай аммиак, шүвтэрийн /карбамид/ үйлдвэр Якутад байгуулах 1,6 тэрбум ам.долларын өртөгтэй төсөл эхлүүлэх гэж байна. Мөн Якут дахь газрын ховор элементийн Томтор ордын олборлолтыг 2019 онд эхлүүлэхээр бэлтгэж байгаа юм. Эл ордыг ашигласнаар дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй Япон болон Хятад улсад газрын ховор элемент экспортлохоор төлөвлөж буй аж.
Оросын Төрийн өмчит “Ростех” корпораци нь өнгөрсөн оны 10 дугаар сараас “Эрдэнэт” болоод “Монросцветмет” хамтарсан нэгдлийн Оросын талын эзэмшлийн тус бүр 49%-ийг эзэмших болсон билээ.
Э.Од