Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хайгуулын лицензийн өргөдлийг ирэх долоо хоногоос хүлээн авна

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг  өнгөрсөн оны 12 сарын 24-нөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоосон.

Энэ нь Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн, түүнчлэн экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд  авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасч өөрчлөлт оруулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж буйтай холбоотой байв.

Уул уурхайн яам энэ хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 9,67 сая гектар талбайг солбицлоор шинээр тогтоож, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан 31 сая гектар талбай бүхий солбицлоос экологийн ач холбогдолтой байгалийн нөөцийн үндэсний парк, тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн зэрэг 8 сая гектар талбайн солбицлыг хасаж тогтоосон байна.

Монгол улсын хилийн зурвас буюу хилийн шугамаас 15 км-ийн бүсэд хуулиар хориглосон, хязгаарласан талбайгаас бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 1,4 сая гектар талбайн солбицлыг ч мөн тогтоожээ. Ингэсээр тухайн бүс нутагт дэд бүтэц шинээр бий болох, ажлын байр, хүн амын суурьшил нэмэгдэх, Үндэсний аюулгүй байдал, газар нутгийг геологийн судалгаагаар баталгаажуулах  зэрэг чухал ач холбогдолтой аж. 

Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 11-нээс  хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг дахин эхлүүлэхээр болсныг  Ашигт малтмалын газрын холбогдох албаны хүмүүс мэдээллээ.    
     
Г.Идэр