2015 оны жилийн эцсийн дүнгээр Австралийн Хедленд боомтын төмрийн хүдрийн нийт экспорт 7,8%-иар нэмэгдэн, 446,1 сая тоннд хүрсэн байна. Энэ нь тус боомтын төмрийн хүдрийн экспортын хамгийн дээд хэмжээнд тооцогдож буй. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш буурч байгаа хэдий ч сүүлийн 3 жил дараалан Хедленд боомтын төмрийн хүдрийн экспорт нэмэгдсээр иржээ. 2013 онд 318 сая тонн байсан бол 2014 онд 412,7 сая тонн болж өссөн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард боомтын төмрийн хүдрийн экспорт харьцангуй нэмэгдсэн нь Австралийн хамгийн баян эмэгтэй Жины Райнхартын компанийн хэрэгжүүлж буй “Roy Hill” төсөл эхэлсэнтэй холбоотой аж. Мөн сард Хятад руу төмрийн хүдрийн экспорт нэмэгдэж 32,17 сая тоннд хүрсэн байна.
Хедленд нь Австралийн төмрийн хүдрийн экспортын гол боомт бөгөөд “BHP Billiton”, “Atlas Iron”, “Fortescue Metals Group” зэрэг дэлхийн томоохон компаниуд түүхий эдээ гадаад зах зээлд нийлүүлдэг. Өнгөрсөн онд Австрали улс нийт 767 сая тонн төмрийн хүдэр экспортолсон бол 2016 онд 868 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ.
Энэ долоо хоногийн лхагва гаригийн байдлаар Хятадын Циндао боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн гэрээний үнэ 42,91 ам.доллар байна. 2015 оны хувьд дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 39%-иар буурсан билээ.
Э.Од