Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ази руу чиглэсэн Японы стратеги



Э.Оджаргал

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-нд 30 орон шинэ гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд хариугаа хүлээж байна. Банкны үйл ажиллагаа ирэх оноос албан ёсоор эхлэх төлөвтэй.

Анхны зээлийн хэмжээ 1.5-2 тэрбум ам.доллар байх бөгөөд шинэ оны хоёрдугаар улиралд олгож эхлэхээр мэдээлж байна. Эхний таван жилд жил бүр 10-15 тэрбум ам.долларын зээл олгох юм. Ямар төслүүдэд зээл олгох талаар одоохондоо тодорхой мэдээлэл  байхгүй. Орос улсын хувьд юуны түрүүнд Алс Дорнод болон Баруун Сибирийн бүс нутаг дахь төслүүдээ хэрэгжүүлэхээр АДБХОБ-аас зээл авахаар бэлтгэж байгаа.  

АДБХОБ-ны үндсэн хөрөнгийн сан 100 тэрбум ам.доллар байхаар тогтсон билээ. Тус банкны томоохон хувьцаа эзэмшигчид болох БНХАУ 29,78 тэрбум ам.доллар, Энэтхэг 8,37 тэрбум ам.доллар болон ОХУ 6,54 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм. Гишүүн орнуудаас хамгийн их буюу 20,6%-ийн саналаар БНХАУ банкны нийт хувьцааны 30,34%, 7,5%-ийн саналаар Энэтхэг улс 8,52%, 5,29%-ийн саналаар ОХУ 7,5%-ийн хувьцааг тус тус эзэмшихээр болоод буй.

Тус банкны Ерөнхийлөгч Цин Люцин “Олон улсын оновчтой стандарт гэдэг нь барууны стандарт биш. Хэрэв барууны стандарт оновчтой байсан бол өнөөдөр барууны орнууд санхүү болоод өрийн хямралд орохгүй байсан. Тиймээс санхүүгийн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй нь тодорхой харагдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

АДБХОБ байгуулагдсанаар Азийн бүс нутгийн эдийн засаг болоод санхүүгийн байдал сэргэнэ гэж найдвар тавих нэгэн бий. 2020 он хүртэл Азийн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд ойролцоогоор 750 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэтэл Азийн хөгжлийн банк 160 тэрбум ам.доллар, Дэлхийн банк 220 тэрбум ам.долларын тус тус хөрөнгийн сантай бөгөөд хэрэгцээт хөрөнгийн тал хувийг ч бүрдүүлж хүрэхгүй. Өнгөрсөн жилийн байдлаар Азийн хөгжлийн банк дэд бүтцийн төслүүдэд нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Тиймээс Азийн орнуудын хувьд АДБХОБ байгуулах хэрэгцээ, шаардлага их байгаа юм. Нөгөөтэйгүүр Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны томоохон өрсөлдөгч болно гэж үздэг. Шалтгаан ч бий. Дэлхийн банкны 16,3%-ийг АНУ эзэмшдэг бол Хятадад 4,9% ногддог. Азийн хөгжлийн банкинд Япон 12,8%, АНУ 12,7%  болон Хятад 5,5%  тус тус эзэмшиж байх жишээтэй.

Харин Япон, Америк нь АДБХОБ-ны албан ёсны гишүүнээр элсэхийг урьсан Хятадын саналд татгалзсан хоёр улс юм. Японы хувьд тус улсын эрх баригчид сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа Азийн орнууд руу албан ёсны айлчлал хийлээ. Токио ийнхүү идэвхтэй ажиллах болсныг дэлхийн санхүүгийн талбарт АДБХОБ хэмээх шинэ “тоглогч” гарч ирж буйтай холбож үзэх ажиглагчид байна. 1990 оноос хойш Төв Азийн орнуудын гол донор улс Япон байж ирснээ бататгах гэсэн оролдлого ч гэх. Ирэх таван жилд төв Азийн бүс нутгийн орнуудын дэд бүтцийн хөгжилд Япон улс 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Ингэж мэдэгдсэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн Төв Азийн орнууд дахь айлчлалын үр дүнд 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн юм. Ихэнх гэрээ, хэлэлцээрүүд уул уурхайн салбар, тэр дундаа түүхий эд нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрийн төслүүдэд хамаарч буй. Байгалийн асар их баялагтай, ашигт малтмалын арвин нөөцтэй төв Азийн орнууд руу чиглэсэн их гүрнүүдийн стратегийн “өрсөлдөөн”  өнөө цагт илүүтэй идэвхжиж байна.

The Mongolian Mining Journal. 2015.12 сар /085/