Хятадын эдийн засгийн үзүүлэлт таагүй байгаа тухай мэдээлэл болон үүнээс улбаалсан эрдсийн түүхий эдийн үнийн бууралт нь уул уурхайн хувьцаат компаниудын зах зээл дэх үнэлгээнд огцом уналт дагуулж байна. 2011 оны нэгдүгээр улирлаас хойш уул уурхайн компаниудын үнэлгээ нийтдээ 1.4 их наяд ам.доллараар буурчээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй гэгдэж буй Apple, Google-ийн толгой байгууллага Alphabet болон ExxonMobil-ийг нэгтгэснээс илүү их хэмжээний дүн болж байна.
Өнгөрсөн баасан гариг гэхэд уул уурхайн салбарын дэлхийн хэмжээний 80 компанийг нэгтгэсэн Bloomberg World Mining Index үзүүлэлт 2004 оноос хойшхи хамгийн доод хэмжээндээ хүрч буурчээ. “Рио Тинто”-гийн хувьд 2011 оноос хойш зах зээлийн үнэлгээ нь бараг 40%-иар буурсан бол BHP Billiton-ийнх 70 орчим хувиар багасчихаад байна.
Эдийн засагчид болон шинжээчдийн хамгийн их айж байгаа зүйл нь Хятадын эдийн засгийн үзүүлэлт тус улсын Засгийн газрын тооцоолж, харуулж буйгаас илүү доогуур байх вий гэдгээс ихээхэн эмээж байна. 2016 онд Хятадын эдийн засаг ойролцоогоор 6.5%-иар тэлэх төлөвтэй байгаа нь Хятадын хувьд сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн бага өсөлтөд тооцогдож буй юм. Өнгөрсөн даваа гаригт Хятадын Шанхай болон Шензений хөрөнгийн биржүүдээр худалдаалагддаг 300 гол компанийн багцын үзүүлэлт буюу CSI 300 индекс ганцхан өдрийн дотор 7%-иас давж буурсны дараагаар арилжааг автоматаар зогсоож нэг хоног хойшлуулсан билээ. Ийм огцом хэмжээгээр индекс буурсан нь ихээхэн хүнд дохио өгсөн юм. Эдийн засагчид 2015 оны хүнд байдал 2016 онд харьцангуй тогтворжиж магадгүй гэсэн найдвар тээж байсан ч ийнхүү оны эхэнд огт өөр “бэлэг” хүлээн авлаа. Дэлхийн банк ч өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг 3.3% гэж төлөвлөж байсныг 2.9% болгож бууруулаад байна.
Б.Төгс