Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 4400 ам.доллар руу буув

Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс үүдэн он гармагц хувьцааны индексүүд ар араасаа уналттай гарсан нь эрдсийн захыг “зүгээр” байлгахгүй байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ ганцхан өдрийн дотор 1.6%-иар буурч гурван сарын гэрээт үнэ нь 4406 ам.доллар/тонн, шууд худалдааны үнэ нь 4402.5 ам.доллар/тонн болж, 2009 оны тавдугаар сараас хойшхи хамгийн бага дүнд хүрч буурчээ.

Үнэ ийнхүү буурмагц зэсийн гол томоохон компаниудын хувьцааны ханш ч огцом “урууджээ”. Тухайлбал Индонезийн Грасбэрг зэсийн үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Аризонад төвтэй Freeport McMoran компанийн хувьцаа өчигдөр Нью-Йоркийн бирж дээр ганц өдөрт 20%-иар буурсан нь тус компанийн хувьцааны ханшийн хувьд 2008 оноос хойшхи хугацаан дахь хамгийн огцом уналтад тооцогдож байна.

Монголын “Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл” компанийн хувьцаа өчигдөр Нью-Йоркийн бирж дээр 8.6%-иар үнэлгээ нь буурчээ. Харин “Рио Тинто”, BHP Billiton зэрэг компанийн хувьцаа 2.5%-иар үнэлгээ нь тус тус багассан байна.

Ийнхүү зэсийн үнэ өчигдөр 6 жил хагасын хугацаан дахь доод ханшид хүрч хямдарсан бол бусад аж үйлдвэрийн метал болох хөнгөн цагаан, цайр, хар тугалга, цагаан тугалга, никель бүгд 1-2.2%-иар үнэ нь танагджээ.

Хятадын аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үзүүлэлт муу гарч буй нь цаашид энэхүү эрдсийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгчийн эрдэс түүхий эдийн хэрэглээний “дуршил” буурч болзошгүй гэсэн дохиог зах зээлд аль хэдийнэ өгч орхиод байна. Өнгөрсөн долоо хоногт 10%-иар буучихаад байгаа Хятадын CSI 300 индекс өчигдөр 5 хувиар буурч, өмнөх есдүгээр сараас хойшхи хамгийн бага түвшинд очжээ.

 

Б.Төгс